Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 20-оод хоногийн өмнө өөрийн твиттер хуудсаараа дамжуулан нэг хүнд зориулан “Томилогдохдооо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд очсоныхоо дараа зангаа хувиргаж, сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлж шинэчлэлийг эсэргүйцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох тэр малыг тэвчих арга алга. Новш...” хэмээн бичсэн байв. Х.Тэмүүжин сайд магадгүй ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийг хэлсэн бололтой. Учир нь Мөрдөн байцаалтад ашиглах зорилгоор БНХАУ-аас оруулж ирсэн 400 ширхэг “Гяндан” сандлыг ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийн шийдвэрээр цагдаагийн байгууллагын бүх нэгжүүдэд тараасан юм.  

Эрүү шүүлтэд зориулсан энэ сандлын талаар Хүний эрхийн үндэсний комиссоос Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан тоот илгээж, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн хүрээнд дээрх тусгай сандлыг эргүүлэн татах арга хэмжээ авна уу” хэмээн хүсэлт тавьсан байдаг. Тиймээс Х.Тэмүүжин сайд ЦЕГ-ын удирдлагуудыг “Гяндан” сандлаа буцаан татахыг тушаасан боловч нөгөөдүүл нь биелүүлээгүйгээс болж нэлээд бухимдсан гэх.  Тэрбээр гурав  хоногийн өмнө буюу энэ сарын 22-ны өдөр тушаал гаргаж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ш.Ганболдыг ажлаас нь чөлөөлсөн юм. Түүнийг “Цагдаагийн байгууллагын бүх нэгжүүдэд тараасан тусгай зориулалтын уг сандал нь эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох хэлбэр мөн болох тухай, түүнчлэн цаашид үүсэх эрсдлийн талаар үндэслэл бүхий шаардлагыг Монгол Улсын ХЭҮК-оос ирүүлсээр байтал таслан зогсоох арга хэмжээ аваагүй, хүний эрхийг тууштай хамгаалах чиглэлээр Хууль зүйн яамнаас баримталж байгаа үүрэг чиглэлийг хэрэгжүүлээгүй” хэмээн үзэж, ажлаас нь чөлөөлсөн бөгөөд оронд хурандаа С.Баатаржавыг томилоод буй. Гэвч Х.Тэмүүжин сайд Ерөнхийлөгийн хүн гэгдэх “Боевик” Б.Билэгтэд хариуцлага тооцож чадсангүй. Цалингийн тодорхой хувийг нь хасч, бурууг нь Ш.Ганболд хурандаад үүрүүлэв.

Дэлгэрэнгүйг энд  дар

У.САРАНГЭРЭЛ