Австралийн Сидней хотноо нэгэн бүсгүйг хүчиндэж, эд зүйлcийг нь дээрэмдсэн хэрэг гарсан бөгөөд уг хэрэгт Монгол улсын иргэдийг сэжиглэн шалгаж байгаа юм байна. Хэрэгт 21 настай Т.Б, 22 настай А.Т нарыг сэжиглэн саатуулаад байгаа бөгөөд Австрали улсад оюутны түр оршин суух визатай байжээ.

Хэрэг 2015 оны 09-р сарын 20-ны өдөр болсон бөгөөд сэжигтнүүдийг 09-р сарын 23-ны өдөр саатуулсан байна. Энэ хэргийн талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болдоос тодруулахад: Энэ сарын 23-ны өдөр Австралийн Сидней хотод Монгол улсын хоёр иргэнийг саатуулсан. Саатуулсан тухайгаа 09-р сарын 23-ны өдөр Кембриж дэхь Элчин сайдын яаманд Сидней хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байдаг. Тэр даруй бид ар гэрийнхэнд нь мэдэгдэж, Элчин сайдын яамнаас хоёр иргэндээ орчуулагч олж өгөх, өмгөөлөгчтэй нь холбож өгөх зэргээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилласан. Анхан шатны шүүх хурал нь болж, нотлох баримт хангалтгүй байна.” Гэдгийг мэдэгдсэн. Монгол залуусын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал энэ сарын 19-ны өдөр болох байсан. Гэвч шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа ажээ.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа