Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын гол дүр бүтээсэн “Тоглож болохгүй нас” МУСК өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Киноны гол дүр болох Саруул, Тамир, Дөлгөөн, Анударь, Мөөжиг, Дуулга, Хонгорзул гээд олон сонирхолтой дүр гардаг уг киноны гол агуулга нь дунд сургуулийн сурагчдын ариухан үерхэл нөхөрхөл, амьдралын алдаа оноо, аав ээжээ хайрлах утга учрыг тодорхой харуулж байна. Киноны өрнөлийг товчхон ярьж өгөхөд, аавтайгаа хамт амьдардаг Саруулын хувьд нөгөө ангийн охин Дөлгөөнд анхны харцаар дурлаж, улмаар хайрлан сэмхэн мөрөөдөж явсаар улмаар бие биенээ ойлгож, татагдсаар уулздаг болов. Саруулын хувьд найзаараа дамжуулан Дөлгөөнд олон бэлэг өгдөг. Харин ангийнхан охин Анударь Саруулд сайн бөгөөд Дөлгөөнөөс булаах гэсэн битүүхэн оролдлого хийж явсан ч амжилт олоогүй. Киноны оргил хэсэгт Саруул Дөлгөөнийд очдог болов. Энэ үед Дөлгөөний ээж Саруулыг өөрийнхөө хүү болохыг мэдэж, хоёр хүүхдийнхээ үерхэлд цэг тавьж, охиндоо бүхнийг ойлгуулан хэлж, эцэстээ Саруулд ээж нь гэдгээ хэлснээс бүх зүйл эсрэгээрээ эргэдэг билээ. Саруул, Дөлгөөн хоёр төрсөн ах дүүс болохоо мэдэж Саруул сэтгэлээр унаж амиа хорлохыг завдаж өндөр дээрээс үсрэх гэж байхад нь Дуулга найз нь амийг нь авардаг билээ. Багад нь хамтдаа байсан аав ээжүүд нь хоёр хүүхдээ нэг нэгээр нь авч салах болсон шалтгааныг хэн ч мэдэхгүй юм. Нэгэнт дүүтэйгээ найзлах ёсгүй гэдгээ мэдсэн Саруул Францаас тэдний ангид шилжиж ирсэн, хийл хөгжим тоглодог авьяаслаг охин Хонгорзулд сэтгэл татагдаж эхэлснээр кино өөр байдлаар өрнөнө. Киноноос хүн гэдэг удам судраа сайн мэддэг байх, ургийн бичиг хөтөлдөг байх учиртай юм байна гэдгийг уг киноноос ойлгоно. Түүнээс гадна хүүхдүүд хэрнээ мэргэжлийн жүжигчдээс дутахгүй жүжиглэж чадсан нь мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авсан юм. Нөгөө талаар уг кино орчин үеийн “Би чамд хайртай” киноны нэг шинэ хувилбар ч байж болно. Тиймээс арван жилийн хүүхдүүд энэ киног үзэх хүсэл сонирхолтой байгаа нь илт. Өчигдөр гэхэд ихэвчлэн арван жилийн хүүхдүүд үзэхээр кино театрын суудалд тухалсан харагдав. Нээлтийн үеэр үеэр кинонд тоглосон хүүхдүүдтэй уулзаж, хамтдаа зураг татуулах боломж олдож, киноны дууг “ Good boys” хамтлаг, Мишээл дуулжээ. Киноны зохиолч, найруулагч Ө.Алтансэрээ: “Нээлтээ хийсэн уг киног маань үзэхийг хүссэн олон хүүхдүүд байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Ахлах ангийн хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийг харуулсан уг киног теарт ирж үзээрэй” гэж хэлэв. Ирээдүй хойч үе болсон арван жилийн хүүхдүүдийн ариухан гэгээхэн хайрын ертөнц улам гэрэлтэй байх болтугай.

 

О.Сайхан

Эх сурвалж: zaluu.com