Ц.Элбэгдорж уучилж, Н.Энхбаяр татгалзав
2013/08/01
-Ч.ӨНӨРБАЯР: УУЧЛАЛ ХҮССЭН ӨРГӨДӨЛ ИРЭЭГҮЙ БОЛ УУЧЛАХ БОЛОМЖГҮЙ-
МАХН-ын дарга Н.Энхбаярт өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлэв. “president.mn” сайтад уг зарлигийг бүрэн эрхээр нь гаргажээ. Үүнд “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” гэсэн байна. Энэхүү мэдээлэл гарах үед ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж Н.Энхбаярын хэвтэж буй нэгдсэн хоёрдугаар эмнэлэг дээр очиж, Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулжээ.
Энэ үед Нэгдсэн II эмнэлэг дээр Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг, эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар, намынх нь нөхөд болох Н.Удвал, Д.Тэрбишдагва, Л.Цог, Н.Энхбаярын биеийг эмчилж байсан ГССҮТ-ийн дарга Л.Жамбалжав тэргүүнүүд очив. Ингээд энэхүү үйл явдалтай холбогдуулан холбогдох хүмүүс нь хэдэн цагт ямар мэдээлэл өгснийг хүргэе.
17:52 цаг. Өмгөөлөгч Б.Оюунбилэг: Ийм зарлиг гарсанд итгэж өгөхгүй байна
-Уучлал үзүүлсэн зарлиг гарвал шууд суллана. Би ийм зарлиг гарсан гэдэгт итгэж өгөхгүй байна. Одоо хоёрдугаар эмнэлэг рүү явж байна.
18:00 цаг. ШШГЕГ-ын тамгын газрын дарга н.Сэр-Од: Одоо ШШГЕГ-т хамааралгүй
-Н.Энхбаяр өнөөдрөөс /өчигдрөөс/ эхэлж сул чөлөөтэй иргэн болж байна. Одоо энэ асуудалд ШШГЕГ-т хамааралгүй болж байгаа юм.
18:00 цаг. Э.Батшугар: Мэдээлэл алга
-Надад одоогоор ямар ч мэдээлэл алга. Аавтайгаа уулзаж гарч ирээд мэдээлэл өгье
18:24 цаг. Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр: Би мэдээгүй
-Би хэнээс уучлал хүссэн өргөдөл ирснийг мэдээгүй. Наадах чинь худлаа мэдээлэл байх. Миний мэдэхийн өргөдөл ирээгүй байсан. Одоо би хөдөө явж байна. Энэ талаар лавлаад эргэж хэлье. Уучлал хүссэн өргөдөл бичээгүй бол уучлал үзүүлэх боломжгүй.
18:40 цаг. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бид хэзээ ч уучлал гуйж царай алдахгүй
-Бид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан уучлал үзүүлэх зарлигтай танилцлаа. Манай намынхны хувьд уучлал үзүүлнэ гэдэгтэй санал нэгдэхгүй байна. Учир нь уучлалыг гэм буруутай хүнд үзүүлдэг. Энэ бол баярламаар юм шиг боловч нөгөө талаасаа гунигтай гэж болно. Учир нь Шүүх шинжилгээний үндэсний төвөөс 20 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй багаас гарсан дүгнэлтэд хоёрдмол утгатай хариу өгсөн. Энэ хариунаас болж прокурорын байгууллага эмч нарын дүгнэлтийг хүлээж аваагүй. Одоогоор прокурорын байгууллагаас 12 эмчээс мэдүүлэг аваад байгаа. Үлдсэн найман эмчээс нь ирэх долоо хоногт мэдээлэл авна. Энэ хооронд хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал яригдаж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс эрүүл мэндийг нь бодоод уучлал үзүүлсэн байх гэж бодож байна. Бид хэзээ ч уучлал гуйж царай алдахгүй гэсэн байр суурьтай байгаа.
19:45 цаг. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Манай намынхан баярлаж байгаа
-Даргыг чөлөөлсөн явдалд ямар нэгэн намуудын хэлцэл байхгүй. Хэрэв тийм байсан бол би Н.Энхбаяр даргыг суллагдах гэж байгаа тухай мэдэх байсан. Манай намынхан энэ шийдвэрт нэг талаас баярлаж байгаа ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Энхбаяр гэдэг хүний биеийн байдлыг нь төр хариуцахгүй. Ийм хүнд байдалтай болсных нь дараа зөвхөн өөрт нь хариуцуулж үлдээлээ.
19:45 цаг. Эрүүл мэндийн сайд Н.Удвал: Би их баяртай байна
-Н.Энхбаяр одоо нэгэнт энгийн иргэн болсон учраас эмнэлгээс гаргах эсэх, эсвэл өөр эмнэлэгт шилжүүлэх зэргийг ар гэрийнхэн нь мэднэ. Түүнийг ингэж сулласан нь ямар нэгэн улс төрийн тохиролцоо биш. Энэ асуудал өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш яригдаж байсан. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн зарлигаар сулласанд их баяртай байна.
19:50 цаг. Өмгөөлөгч Б.Оюунбилэг: Олон улсын байгууллагад хандана
-Уучлал үзүүлнэ гэдэг бол гэм буруутай хүнд үзүүлдэг зүйл. Тийм учраас бид үүнийг хүлээж авахгүй. Н.Энхбаяр гэм буруугүй учраас хуулийн дагуу цагаатгагдах ёстой. Цаашдаа түүнийг ялаас цагаатгах талаар олон улсын байгууллагад хандана.
Ямартай ч Н.Энхбаярыг нэгдсэн II эмнэлэг дэх ялтны тасгаас энгийн тасаг руу шилжүүлсэн юм. Мөн тус эмнэлгийн эмч нарын хуралдаанаар хэлэлцээд биеийн байдлаас нь хамаарч эмнэлгээс гаргах эсэхийг шийдэх аж. Дугаар шилжих мөчид МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийнэ гэж байсан юм.
Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар ялынхаа 50-аас дээш хувийг эдэлсэн ялтанд Ерөнхийлөгч уучлал үзүүлэх боломжтой юм. Түүнээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, ялтны засрал, хүмүүжил зэргийг харгалзан үздэг. Засрал хүмүүжил гэдэгт нь ялтан гэм буруугаа хэрхэн гэмшиж, алдаа дутагдлаа хэрхэн ойлгож ухаарч байгаа байдал гэх мэт зүйлсийг багтаадаг байна. Уучлал хүсч, ялаас чөлөөлүүлэх өргөдлийг ялтан болон түүний гэр бүлийн гишүүд нь гаргах эрхтэй. Энэхүү өргөдлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын уучлал хариуцсан референт хүлээн авч дээр дурьдсан нөхцөл байдлуудыг судалж тогтоосны эцэст уучлал үзүүлэх эсэх тухай саналаа Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөд танилцуулдаг байна. Холбогдох санал дүгнэлт, материалыг авсны үндсэн дээр уучлалын асуудал хариуцсан референт танилцуулга бичиж Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, референт нар гарын үсэг зурж, зарлигийн төслийн хамт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад танилцуулна. Ялтанд уучлал үзүүлэх саналыг Тамгын газрын дарга зөвшөөрч гарын үсэг зурсны дараа хуулийн бодлогын зөвлөх уг асуудлыг Ерөнхийлөгчид танилцуулан шийдвэрлүүлдэг.
Тэгэхээр хэрэв Н.Энхбаярыг ялаас чөлөөлж, уучлал хүссэн өргөдөл ирсэн бол Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраар дамжих учиртай гэсэн үг. Гэвч тэрбээр ийм өргөдлийн тухай огт мэдээгүй байсан юм. Түүнээс гадна өргөдөл байхгүй тохиолдолд Ерөнхийлөгч уучлал үзүүлэх боломжгүй.
Өршөөлийн тухай хуулийн төслийг МАХН-аас УИХ-д сонгогдсон Ц.Оюунбаатар санаачилж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Гэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэхүү хуулинд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүсийг хамруулахаас татгалзсан юм. Тэгэхээр Өршөөлийн тухай хуулийг баталсан ч Н.Энхбаярыг суллах боломжгүй байлаа. Тиймээс МАХН-ын даргыг чөлөөлье гэвэл Ерөнхийлөгчийн уучлалаар суллахаас өөр сонголт үлдээгүй байсан.
Т.Элиса
Зочин · 2013/08/03
Эрхэм ерөнхийлөгчөө одоо ядуу ардынхаа хүүхдүүдийг өршөөчих тэгэх үү?????