Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Номхон далайн Цэргийн командлагч, Адмирал Самуэл Ж.Локлэйр тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 02-нд ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Л.Болд, Адмирал Самуэл Ж.Локлеэйр нар хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар санал солилцов. Сайд Л.Болд энэ үеэр Монгол, АНУ-ын харилцааны хамгийн үр бүтээлтэй хөгжиж буй салбарын нэг нь батлан хамгаалахын хамтын ажиллагаа болохыг дурдаж, цаашид ч батлан хамгаалах, энхийг сахиулах хүрээнд хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар санал бодлоо хуваалцав.


Адмирал Самуэл Ж.Локлэйр олон улсад энх тайван, аюулгүй байдлыг тогтооход Монголын энхийг сахиулагчид чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэж, талархал илэрхийлсэн байна. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, түүний дотор Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хэтийн төлөв, Афганистан дахь эвслийн цэргийн үйл ажиллагаа, 2014 оны дараа эвслийн түнш орнууд хэрхэн хамтран ажиллах зэрэг бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар санал солилцжээ.

Дэлгэрэнгүйг энд  дар