Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, хямралыг давахаар ажиллаж байна
2015/11/26
Монгол Улсын томоохон үйлдвэрүүдийн нэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн нээлттэй хаалганы өдөр өвлийн эхэн сарын шинийн 12-ны билэгт сайн өдөр болов.
Эл өдөрт оролцож, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах боломж тохиолоо. Монгол Улсын төдийгүй дэлхийн 10 том үйлдвэрийн нэг болох Эрдэнэт үйлдвэрийн тухай хэдэнтэй сонсож байсан ч “чих худалч, нүд үнэнч” гэгчээр өөрийн биеэр үзэж танилцах болсондоо сэтгэл догдолж, басхүү түшиж байсныг нуух юун.
Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд нөлөөлөх болсон талаарх мэдээлэл үе үе гарах болсон. Тэгвэл тус үйлдвэрийн хамт олон өдгөө эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлттэй ажиллаж, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах зорилтыг дэвшүүлэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх таатай мэдээллээр биднийг угтан авав.
Жилд 1.6 тэрбум төгрөг хэмнэх ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухны нээлт болов
Эрдэнэт үйлдвэр өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан экспортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, жилд олон тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасаар байгаа аж. Үүний нэг болох Ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухны нээлтийн үйл ажиллагаа нээлттэй хаалганы өдөр арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдав.
Дизелийн түлшээр ажилладаг зуухыг нүүрс хийжүүлэх зуух болгон шинэчилж, улмаар 1 тонн ган бөөрөнцөгийн өөрийн өртгийг 33 хувиар бууруулах төслийг хэрэгжүүлж, ийнхүү ашиглалтанд хүлээн авлаа. Нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр, Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга И.Болд тэргүүтэй аж үйлдвэрийн яамны төлөөлөгчид, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцсон юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцөг цувих цех нь жилд 40, 60, 80, 100 мм-ийн голчтой, 50 мянган тонн тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тус цех импортын ган бөөрөнцөгийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Баяжуулах фабрикийн хэрэгцээт ган бөөрөнцгийн 90 хувийг хангадаг байна. “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ техник, технологи нэвтрүүлэх бодлогын хүрээнд Ган бөөрөнцөг цувих цехийн дизелийн түлшээр ажилладаг зуухыг нүүрс хийжүүлэх зуухаар солих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн онд боловсруулсан аж.
Ган бөөрөнцөг цувих цехийн нээлтийн үеэр тус үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн “Бэлдэц халаах зуухыг өмнө нь хоногт 18-20 сая төгрөгийн өртөг бүхий 10 тонн дизель түлшээр халаадаг байсан бол нүүрс хийжүүлэх хоёр шатлалт шинэ зуухыг ашиглалтанд оруулснаар өндөр үнэтэй, импортоор авдаг нефтийн бүтээгдэхүүнийг халж, эх орны үндсэн баялаг болсон нүүрсийг ашиглаж, жилд 1.6 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон.
Түүнчлэн ган бөөрөнцөг цувих цехэд технологийн шинэчлэл хийснээр шинээр 16 ажлын байр бий болж, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл сайжирч байна гэдгийг ч өгүүлэв. Нэг тонн бөөрөнцөгийн өөрийн өртгийг 33 хувиар бууруулж байгаа нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд оруулахад 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ зардлыг 1 жилийн хугацаанд нөхөх боломжтой аж.
Ийнхүү бид жилд 1.6 тэрбум төгрөг хэмнэх ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухны нээлтийн үйл ажиллагаанд оролцсны дараа үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн эргэлтийн ус хүлээн авах, дамжуулах худгийг ашиглалтанд оруулах түүхэн үйл явдлын гэрч болсон юм.
Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах боломж бүрдэв
Хаягдлын аж ахуйн эргэлтийн ус хүлээн авах, дамжуулах худгийг ашиглалтанд оруулах үйл ажиллагааг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу үг хэлсэн. Тэрбээр “Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах 2-р коллекторыг үйлдвэрлэлд оруулснаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон.
Эргэлтийн ус хүлээн авах худаг болон коллектор нь хаягдлын санд тунасан усыг хүлээн авч түүнийг эргэлтийн усны насосны станцид дамжуулах, Баяжуулах фабрикийг технологийн усаар найдвартай хангах зориулалттай газар доорх байгууламж аж. Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах 2-р коллекторын зураг төслийг ОХУ-ын Санкт-Петербург хотын “Механобр Инжиниринг” институт хийжээ. Эрдэнэт үйлдвэр ХХК, “ОТК” ХХК хамтран 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4.1 км шугам хоолой, ус хуримтлуулах 4 худаг, хязгаарлалтын 4 далан, ус дамжуулах 4 сувгийн ажлыг гүйцэтгэсэн байна.