Мэдэгдэл
2015/10/28
Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн, баримт нотолгоогүй мэдээлэл нийгэм, олон нийтэд цацаж эхэллээ. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурсан ч манай компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Санхүү, эдийн засгийн нөхцөл хүндэрч буй энэ үед компани хэмнэлтийн горимоор ажиллаж, үйлдвэрлэлээ өргөтгөн үр ашгаа нэмэгдүүлэн, бүтээмжээ дээшлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд улсын болон орон нутгийн төсөвт хуулийн дагуу татвараа төвлөрүүлэн, ажилчиддаа ажлын үр дүнгийн болон зэсийн үнийн урамшуулалыг олгож байна. “Эрдэнэт” үйлдвэр 2015 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлж, 219,5 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлсэн. 1 тонн зэсийн өөрийн өртгийг тогтмол бууруулан сүүлийн хоёр жилд 140 орчим тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан.
Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Эрдэнэт” үйлдвэрийг алдагдалд орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа нь манай компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдлийг бий болгож байгаа юм. Иймд баримт нотолгоогүй, захиалгат мэдээ мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулийн байгууллагаар шалгуулах болно.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба