Хаягдлын аж ахуйд шинэ далан барьж байна

Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтанд орсонтой холбогдуулан Хаягд-лын аж ахуйд таван метр өндөр, 1438,5 метр урт “М3” далан баригдаж байна. Доод өргөн нь 42 метр, дээд өргөн нь 12 метр байх уг даланг 330 мянган м3 уулын цул бэлтгэсэн чулуулгаар барих аж. Одоогоор тэнд ажиллах өрөм эвдэрсэн тул тэсэлгээ хийгдээгүй байна. Гэсэн ч ажлын түр хэсийнхэн сэлбэг хэрэгсэл хүлээж зүгээр суухгүй, цаг ашиглан урд талын хоёр карьераас элс шороо зөөн ажлаа үргэлжүүлж байлаа. Эндээс 50 мянган м3 орчим шороо зөөхөд ойролцоогоор 300-аад сая төгрөг хэмнэнэ. Далан барих ажил 6-р сарын 22-ноос эхэлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд гүйцэтгэх онц даалгавартай энэхүү ажил амжилттай явагдаж байна. Тэсэлгээ хийгдвэл ойр зайнаас шороогоо зөөнө. Ухсан талбайд элс хуримтлагдана. Эндээс 70 мянган м3 уулын цул авагдах аж. Хээрийн бригадын ажиллагчид “Бид үүнийг хаягдал гэж ойлгодоггүй. Бидний хуримтлуулж буй нөөц уурхай гэсэн сэтгэлээр ханддаг. Технологи сайжирсан үед буцаагаад ашиглах баялаг гэж боддог” гэж ярив. Энд урьдчилсан төлөвлөгөөгөөр 42 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой ч эхний ээлжинд 20 ажиллагч зам тавих, далан барих ажлыг 2 ээлжээр 20.00 цаг хүртэл гүйцэтгэж байна. Удахгүй өрмийн болон тэсэлгээний бригад гарч ажиллах аж. Энэ сарын эхнээс ажил жигдэрч ХАБЭА-г ханган хөдөлмөрлөж буй талаар ХИУ-н Үйлдвэр техникийн товчооны уулын ажлын инженер Д.Очирбат мэдээллээ.

М.ОДГЭРЭЛ