МЭНДЧИЛГЭЭ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

“1000 инженерийн зөвлөгөөн”-ийг жил бүр бид зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн оны “1000 инженерийн зөвлөгөөн”-өөр Бүтээмж-Инновацийн журам, Бүтээмж-Инновацийн сангийн түр журмыг хэлэлцэн баталж, үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар Инновацийн төв байгуулан үйл ажиллагаа явуулж байна. XX зууны Монгол улсын хамгийн том бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэр. Энэхүү их бүтээн байгуулалтыг хадгалан хамгаалж, хөгжүүлж дэвшүүлэх нь өнөөгийн бидний үүрэг юм. Манай компанийн хувьд техник технологийн шинэчлэлийг даган шинэ мэдлэг, инновацийн үйлдвэрлэл тасралтгүй явж байдаг. 2014 онд 15 цех нэгжид 2981 сайн санал гарснаас 1451-ийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Бүтээмж, чанарын дугуйлангуудын 157 төслийн ажлаас 266 жижиг сайжруулалтын ажил гүйцэтгэж, 5 сайн үйлсийн чиглэлээр 1145 ажлын байранд үнэлгээ хийлээ. Бүтээмжийн үйл ажиллагааны үр дүнд компанийн ажилтнуудын бүтээлч хандлага, багаар ажиллах чадвар дээшилж ажлын байрны эмх цэгц, зохион байгуулалт сайжран үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж байна. Компанийн “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг угтан зарласан ”Бүтээмж, чанарын дугуйлангийн шилдэг төсөл” шалгаруулах уралдаанд 15 бүтцийн нэгжээс 40 төсөлт ажил ирснийг 2 үе шаттай шалгаруулан шилдэг 10 төсөлд мөнгөн урамшуулал олголоо.“Шинэ бүтээл, Бүтээгдэхүүний загварын патент”, “Ашигтай загварын гэрчилгээ” авах бүтээлийн сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтанд нийт 14 бүтээл ирснээс 3 бүтээлийн мэдүүлгийг Монгол улсын Оюуны өмчийн газарт хүргүүлэхээр ажлын хэсэг шийдвэрлэжээ. Тиймээс шинэ мэдлэгт суралцах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах инновацийн хөгжилд бусдыгаа үлгэрлэн тэргүүлж байгаа ажиллагчдынхаа оюуны өмчийг хамгаалах, мэдлэг чадварыг нь шударгаар үнэлэн урамшуулах ажлыг нэгдсэн бодлогоор дэмжин ажиллах нь компанийн хөгжлийг шинэ шатанд гаргах юм. Энэхүү зөвлөгөөнөөр Оюуны өмчийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулан танилцуулж байна. Ингэснээр мэдлэгтэй, мэргэшсэн мэргэжилтнүүдийн оюун ухааны хүчийг нэгтгэн, тэдний практикт тулгуурласан шинэ санал санаачилгыг компанийн хөгжлийн бодлогод тусгах, орчин цагийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, инновацийн төсөл хэрэгжүүлж, ажилтны мэдлэг, оюуныг бодитойгоор үнэлэн урамшуулах болно.

1000 инженерийн чуулга уулзалтын үйл ажиллагаанд оролцож буй та бүхэнд болон “Эрдэнэт” үйлдвэрийн нийт ажиллагчдадаа ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал,

Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.ДАВААЦЭРЭН

- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/457-2015-05-13-00-23-05#sthash.yiLsVQRw.dpuf