Оны шилдгийн шилдэг ажилтан
Баяжуулах фабрикийн технологич Г.ЦОГТГЭРЭЛ


Үйлдвэрлэлийн үндсэн хэсгийн хэвийн жигд ажиллагааг хангах, тоног төхөөрөмжид хяналт тавьж гарах зөрчил, доголдлыг урьдчилан илрүүлж шуурхай арга хэмжээ авч, илэрсэн зөрчлөөс үүдэлтэй сул зогсолтгүй ажилласан нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг давуулан биелүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан байна. Үйлдвэрлэл дээр хийгдэж буй техник технологийн шинэчлэлд идэвхтэй оролцож зэс, молибдений металл авалтын төлөвлөгөөг хангахад онцгой амжилт гаргав.

Оны шилдэг ажилчин
Авто тээврийн байгууллагын БелАЗ-ын жолооч М.БОЛДБААТАР


2014 онд БелАЗ 75131 маркийн 130 тонны даацтай өөрөө буулгагч 72 номерын машинаар экипажийн нөхдийн хамт 861053 м.куб уулын цул тээвэрлэж төлөвлөгөөгөө 102,6 хувь, 6474818 тн/км-ын ачаа эргэлт гүйцэтгэж төлөвлөгөөг 104,8 ху-виар биелүүллээ. Техникийн бэлэн байдлын коэффициентыг 1,00-д, парк ашиглалтын коэффициентийг 0,95-д хүргэж ажиллажээ. Төлөвлөгөөт хугацаанд 7006,5 кг дизелийн түлш хэмнэж, дугуйг нормоос 31425 км илүү гүйлгэж 34,9 сая төгрөг хэмнэсэн.

Оны шилдэг ажилчин
Захиргаа аж ахуйн цехийн хими цэвэрлэгээний машинч Ц.ГЭРЭЛМАА


Химийн бодисыг судалж ажлын байрны аюулгүй, эрүүл ахуйн нөхцөлийг хангахад онцгой анхааран хувийн хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэж хамт олноо үлгэрлэжээ. 2014 оны 11сарын байдлаар 51,3 тонн бохирдсон ажлын хувцсыг WH-250, DYD-30 маркийн хими цэвэрлэгээний машинаар цэвэрлэсэн нь олон жилийн дунджаас 4 тонноор илүү хувцас цэвэрлэсэн амжилт гаргасан. Ажиллах хугацаандаа 1039 тн ажлын хувцас цэвэрлэсэн байна.

Оны шилдэг ажилчин
Хүдрийн ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн өрмийн машинч Б.БАТБАЯР


Тэрээр ажиллах хугацаандаа жилд дунджаар 78000-88000 уртааш метр тэсэлгээний цооног өрөмдөж үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг 109-116 хувиар давуулан биелүүлж, жил бүр 2-3 өрмийн машины сард өрөмдөх ажлыг гүйцэтгэсэн. 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 92000 уртааш метр тэсэлгээний цооног өрөмдөж буй бөгөөд энэ нь СБШ250МН маркийн өрмийн машинаар дэлхийн өнгөт ба хар төмөрлөгийн уурхайнуудын дээд амжилт юм.

Оны шилдэг шинийг санаачлагч
Геологи хайгуулын ангийн токарьчин Д.ЭНХБАЯР


Хаягдлын аж ахуйн далангийн усны алдагдлыг багасгах, эргэлтийн усны өвлийн улиралд үүсдэг хомсдолыг арилгах, шүүрүүлэх 1-р сувгийг механик аргаар цэвэрлэх, элсээр шүүгдэж цэвэрлэгдсэн эргэлтийн усыг үйлдвэрийн технологид нийлүүлэх зориулалттай технологийн багажийн хэлбэр хэмжээг өөрчлөн сайжруулсан. Ингэснээр 1200-500 мм-ийн диаметртэй шатлалт бүхий цооног өрөмдөхөд шаардлагатай багаж түрээслэн авах 150 сая төгрөг хэмнэжээ.

Оны шилдэг шинийг санаачлагч
Дулааны цахилгаан станцын ахлах мастер Х.ЭНХТӨР


Түүний удирддаг “Жинлүүр” БЧД 2014 онд 34,2 сая төгрөгийн эдийн засгийн үр ашиг бүхий “Зуухны агрегатын дулааны технологийн хамгаалалт болон дохиоллыг шалгах гүйдлийн дохионы иммитатор төхөөрөмж” төслийн ажлыг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлж, энэ төсөл нь Улсын уралдаанд 3-р байрт шалгарсан. Энэ оны 10 сараас “Зуух болон турбины туслах тоноглолын хянах хэмжүүр, автоматжуулалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх” төслийг 3 үе шаттайгаар хийх санал боловсруулан, 1-р шатны ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна.

Оны шилдэг шинийг санаачлагч
ХМТ ба АЦ-ийн инженер ОМЕЛЬЯНЕНКО.В.Г


АМДЕЛ анализаторыг угаах шинэ төхөөрөмж санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэ төхөөрөмж нь шинжилгээний үр дүнг үнэн зөв гаргах, технологийн процессийг найдвартай анализаар удирдахад өндөр ач холбогдолтой, ажил хөнгөвчилсөн, материалын зарцуулалтыг багасгасан, эдийн засгийн хэмнэлттэй юм. Инженер В.Г.Омельяненко нь хэсгийн залуу ажилтнуудыг мэргэжлээрээ өсч хөгжихөд өөрийн туршлага мэдлэгээ зааж сургадаг шилдэг мэргэжилтэн.

Оны шилдэг Мэргэжилтэн
Баяжуулах фабрикийн инженер Д.БАЯРМАА


Тэрээр 2014 онд Баяжуулах фабрикийн хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөт ажил болох Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажилд зураг төсөл боловсруулах үе шатнаас нь эхлэн тасралтгүй оролцож гүйцэтгэлийн үед чухал шаардлагатай мэдээллээр хангах, төсөвт өртөг зохиох, хийгдэх ажлын төлөвлөгөө боловсруулах, барилгын гүйцэтгэгч сонгох судалгаа хийхэд үйлдвэрийн зүгээс биечлэн оролцсон.

Оны шилдэг Мэргэжилтэн
Төмөр замын цехийн эдийн засагч Ц.ЦЭДЭВМАА


Цехийн тооцооны мэргэжилтэнтэй хамтран ээлжүүдийн ачилтын вагоны даац ашиглалтыг сайжруулах зорилгоор аргачлал боловсруулан ажил дүгнэх үндсэн үзүүлэлтийн нэг болгож ажилласнаар 1 вагоны дундаж даац ашиглалтыг 64,8-66,5 тн –д хүргэж, вагоны тоог дунджаар 40-95-аар цөөрүүлж, тээврийн зардлыг 2013 онд 259 сая, 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 100 сая орчим төгрөгийн эдийн засгийн үр ашигтай ажилласан.

Оны шилдэг Мэргэжилтэн
Хүдрийн ил уурхайн тэргүүлэх тохируулагч инженер ОСТРОУХОВ.О.В


Тэрээр тохируулгын инженерүүдийг удирдан зохион байгуулж цахилгааны саатлаас шалтгаалах экскаваторын сул зогсолтыг багасган, уулын цахилгаан тоног төхөөрөмжийн засварын ажлуудыг цаг тухайд нь өндөр бүтээмжтэй гүйцэтгэж ирсэн. ЭКГ-10 маркийн 15-р экскаваторын цахилгаан хөтлүүрийг микроконтроллёрын удирдлагатай болгож, угсарч тохируулснаар экскаваторын ашиглалтын хугацаа 5 жилээр уртасч, найдвартай ажиллагаа 80 хувь дээшилсэн.

Оны шилдэг Мэргэжилтэн
Эдийн засаг, маркетингийн хэлтсийн товчооны дарга Д.НАРАНТУЯА


Компанийн санхүү эдийн засгийн байдлыг тогтворжуулах нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахын зэрэгцээ ажлын дэд хэсгийг ахалж Компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, зэсийн үнэтэй уялдуулан үргүй зардлыг бууруулж, цех нэгжийн уялдаа холбоог сайжруулах, орлого нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион байгуулж, цех нэгжийн бизнес төлөвлөгөөнд 52 тэрбум төгрөгийн тодотгол хийсэн.

Оны шилдэг удирдах ажилтан
Тамгын хэлтсийн орлогч дарга О.ОТГОНБАЯР


Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн албан хэрэг хөтлөлтийг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, арга зүйн удирдлагаар хангах ажлыг хэрэгжүүлэх, шаардлагатай бүх төрлийн баримт бичгийг орчуулах, архивын баримт бичгийг төвлөрүүлэн хадгалах, ангилж төрөлжүүлэх, компанийн гадаад харилцаатай холбоотой асуудлыг удирдах, хянах, зохицуулах ажлыг гүйцэтгэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан санаачилгатай ажиллаж буй шилдэг удирдагч юм.

А.Ф.Тюряковын нэрэмжит шагналтан
Баяжуулах фабрикийн ахлах механикч САФОНОВ.В.И


“Варман” 10/8, 8/6 насосны хойд талын резинэн футеровок элэгдсэнийг өөрийн хүчээр засварлан нааж ашиглалтын хугацааг 9 сараар уртасгасан. Баяжуулах фабрикийн тоног төхөөрөмжийг шинэчлэх үйл ажиллагаанд гар бие оролцон Австрали улсын “Варман интернэйшнл” компанийн насосуудыг 1, 2-р секцэд суурилуулан угсрах, тохиргоо хийх тэдгээрийн үйл ажиллагааг жигдрүүлэн чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгсөн.

А.Ф.Тюряковын нэрэмжит шагналтан
Чанар хяналтын хэлтсийн чанар шалгагч Д.ЦЭВЭГЖАВ


Тэрээр бүтээгдэхүүний чанарыг тасралтгүй сайжруулах санаачилга гаргаж ЗМЗ-ын гол нэрийн бүтээгдэхүүн болсон ГРАТ1400/40 насосны ажлын дугуйны далбааны хотойлтын градусыг өөрчлөх, арын ханыг зузаан болгох санал оруулснаар түүний ажлын цаг 2013 оны сүүлийн 6 сард 151 байсан нь 2014 оны сүүлийн 6 сарын байдлаар 203 болж өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 25,7 хувиар өссөн байна.

А.Ф.Тюряковын нэрэмжит шагналтан
Засвар механикийн заводын зохион бүтээгч инженер Б.ДАНААЖАВ


Заводын дунд хугацааны бизнесийн зорилго болох металл боловсруулах компьютерийн удирдлагатай, өндөр бүтээмжтэй суурь машинуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх болон инженерийн анализ хийдэг CAE програм ашиглан цутгамал бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх ажилд идэвх зүтгэл гарган оролцож байна. Тэрээр мэргэжлийн дагуу ажилчдад хичээл зааж боловсон хүчний мэдлэг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн ажилладаг.

- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/250-2014#sthash.WvoMC4F3.dpuf