Оросын хотуудыг Хойд Солонгосынх шиг харанхуй нөмрөх үү

ОХУ-ын хотууд Хойд Солонгосын хот, тосгод шиг харанхуй болоход ойрхон байгаа гэнэ. Пхеньян хотод шөнийн цагаар хэдхэн цонх гэрэлтэй байдаг учраас дэлхийн хамгийн гунигтай хот гэдэг нэр авсан юм. Хойд Солонгост цахилгаан эрчим хүчний дефицитийн улмаас харанхуй байдаг бол ОХУ-д өөр шалтгааны улмаас харанхуй нөмөрч магадгүй болоод байна. Учир нь ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев иргэдэд цахилгаан энерги хэрэглэх нормыг мөрдөх бичигт гарын үсэг зурсан аж. Нэг иргэн сард 150 киловатт/цаг цахилгаан эрчим хүч хэрэглэх нормтой болж байгаа бөгөөд илүү энерги хэрэглэсэн тохиолдолд цахилгааны үнийг өөр тарифээр төлөх юм. Харин зарим сайтад иргэний нэг сард хэрэглэх цахилгааны хэмжээг 70 киловатт/цаг гэж мэдээлж байгаа аж. Иргэд заагдсан хэмжээнээс илүү цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тохиолдолд ердийн цахилгааны үнээс 1,5-3 дахин илүү үнээр төлбөрөө төлөх талаар яригдаж байна. Гэхдээ энэ талаар тодорхой шийдвэр хараахан гараагүй аж.

Оршин суугчдын цахилгаан эрчим хүчний нормыг ирэх есдүгээр сарын 1-ээс  Забайкальский, Красноярскийн хязгаар, Ростовский, Владимирский, Нижегородский, Орловский, Самарский гэсэн долоон мужид хэрэгжүүлж эхлэх юм. Уг нормыг 2014 оноос ОХУ-ын бүх нутаг дэвсгэрт мөрдөж эхлэх бөгөөд 2015 оноос халуун, хүйтэн усны нормыг тогтоох талаар ярьж байгаа аж. Тиймээс иргэд цахилгаан эрчим хүч хэрэглэх нормыг мөрдөх юм бол цахилгаан шат, сэнс, кондиционер, цахилгаан халаагуур зэрэг хэрэгслүүдийг ашиглах боломжгүй болох тухай ажиглагчид хэлжээ. Одоо оршин суугчид өөрсдийн хэрэглэсэн цахилгааныг тоолуурын заалтаар төлж байгаа бол нормын дагуу цахилгаан шат, орцны гэрлийн цахилгааны төлбөрийг өндөр тарифээр төлөх гэнэ.
Зарим хүмүүс нормыг цахилгааны үнийг нэмэх нэг арга гэж үзэж байгаа юм. Харин МФХ FIBO Group байгууллагын шинжээч Павлос Косидис “Энэ нормыг ойлгох хэрэгтэй. Цаг агаар харилцан адилгүй бүс нутгуудад цахилгаан энергийн эрэлт өөр өөр байдаг. Өмнөдийн хотуудад зун кондиционер ажиллуулах шаардлагатай бол Сибирьт өвлийн хүйтэнд цахилгаан халаагуургүйгээр амьдрахад хэцүү” гэж хэлсэн байна. Тэрчлэн Риком группийн эдийн засагч Владислав Жуковский өөрийн хийсэн тооцоогоо тайлбарласан аж. Түүний тооцоогоор цахилгаан эрчим хүчний нормыг мөрдвөл оросууд цахилгаан хэрэгслүүдээ ажиллуулж чадахгүйд хүрэх юм. Ус буцалгагч, плитка, индүүг хүртэл маш бага ажиллуулах хэрэгтэй болох гэнэ.

Москва хотын оршин суугчдын дунд явуулсан санал асуулгаар ганцаараа амьдардаг иргэн нэг сард ойролцоогоор 200 кВт/цаг эрчим хүч хэрэглэдэг юм байна. Хэрвээ ам бүл олуулаа бол мэдээж цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ. Харин цахилгаан эрчим хүчийг нормын хэмжээнд хэрэглэнэ гэдэг боломжгүй зүйл гэж иргэд үзсэн аж.

Дэлгэрэнгүйг энд  дар

Н.ТУНГАЛАГ