Хууль бус төлбөр авахаа зогсоожээ | Cityinfo

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгасан билээ. Орон сууцны зарим конторууд ус дулаан дамжуулах төвийн зардал, ЦТП зардал, насосны цахилгааны төлбөр нэрээр сар бүр 2000-11000 төгрөгийг айл өрхөөс авч байсан нь Эрчим хүчний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн болохыг шалгалтаар тогтоосноо ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдээлж байсан. Дээрх хууль бус төлбөрийг орон сууцны бусад конторууд авч байж болзошгүй тул ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж Эрчим хүчний зохицуулах хорооноос ус дулаан дамжуулах төвийн зардал, ЦТП зардал, насосны цахилгаан зэрэг хууль бус төлбөр айл өрхөөс авахгүй байхыг орон сууцны нийт 45 конторт мэдэгдсэн байна.

Орон сууцны 4 контор албан шаардлагынх нь дагуу хууль бус төлбөр авахаа зогсоосныг ШӨХТГ-аас мэдээлсэн. Харин зөрчлөө үргэлжлүүлж Баянгол дүүргийн Богд ар хорооллын 1730 айл өрхөөс сар бүр ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг авсаар байсан “Богд асар” ХХК-ийн үйлдлийг иргэдийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар их хэмжээний мөнгө татсан, энэ нь гэмт хэргийн шинжтэй гэж ШӨХТГ-аас үзэж ЦЕГ-т хандсан билээ. Тэгвэл “Богд асар” ХХК-аас дээрх төлбөрийг айлуудаас авахаа зогсоосноо ШӨХТГ-т мэдэгдсэн байна.

Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, ШӨХТГ-аас “Таун комфорт” ХХК Баянгол дүүргийн 3998 айл өрхөөс сар бүр насос цахилгааны зардал нэрээр 5150 төгрөг хууль бусаар авч байсныг тогтоож уг компанид албан шаардлага хүргүүлсний дагуу “Таун комфорт” ХХК дээрх төлбөрийг авахаа зогсоосноо мэдэгджээ.

Т.Буянаа