Хөнгөлтийг өдөр шөнийн тоолууртай гэр хорооллын өрхүүд эдэлнэ
2015/12/03
Эрчим хүчний зохицуулах хорооноос төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын 280 мянга гаруй айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөөр шийдвэрлэсэн билээ.
Ингэснээр Улаанбаатар хот, 15 аймгийн гэр хорооллын айл өрхүүд энэ сараас эхлэн ирэх оны 1, 2, 3 дугаар сарыг дуусталх хугацаанд 21 - 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу нэг килоВатт цагийг 38.55 төгрөгөөр тооцуулах боломжтой болох юм.
Гэр хорооллын хэрэглэгчид өмнөх жилүүдийнх шиг гэрээ байгуулах шаардлагагүйгээр дөрвөн сарын турш 50 хувийн хөнгөлөлттэй үнээр шөнийн цагаар цахилгаан халаагуур ашиглан халаалтаа шийдэх боломжтой гэнэ.
УБЦТС ТӨХК-ийн үйлчилгээний хүрээнд гэр хорооллын 143 мянган айл өрх хамрагддагаас 124 мянга нь өдөр, шөнийн тарифт тоолууртай байна. Өдөр шөнийн тарифт тоолуургүй айл өрхүүд дээрх хөнгөлтийг эдлэх боломжгүй гэнэ.
Т.Буянаа