Австрийн Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээний финалын шалгаруулалт болж өнгөрлөө. Эх дэлхийн 95 орны гоо бүсгүй титмийн төлөө өрсөлдсөнөөс финалын шалгаруулалтад шилдэг 16-д Монгол улсаа төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг дараагийн шатны шалгаруулалт буюу шилдэг наймын тоонд багтаж чадаагүй юм.

Гэсэн ч тэрээр урьдчилсан шалгаруулалтаас 3 алт, 1 хүрэл медаль авч, чансааны хоёрт бичигдэж байсан. Мөн түүний видео танилцуулга цахим орчинд хамгийн өндөр санал авсан билээ. Ингээд түүний тэмцээнд оролцох үеийн амжилтыг танилцуулъя.

1. Шилдэг 16-д багтав.

2. НҮБ-ын индэр дээр Ази тивээ төлөөлөн тавьсан эко илтгэлийн төрөлд ЯЛАГЧ (Best presentation)

3. Бүтээлч сэтгэлгээний төрөлд багаараа АЛТ (Cooking Creative Challenge- Gold medal)

4. Шилдэг эко видеоны ЯЛАГЧ (Eco-Beauty Video 2015 Winner) - АНУ, Бельги, Франц

5. Шилдэг фото мисс ЯЛАГЧ - АЛТ (Photogenic Award- Gold medal)

6. Шилдэг үдшийн гоёлын даашинзны төрөлд ЯЛАГЧ - АЛТ (Evening Gown Competition- Gold medal)

7. Богино даашинзны төрөлд - ХҮРЭЛ (Cocktail Wear Competition- Bronze medal)

8. Авъяасын төрөлд ШИЛДЭГ 12 (Talent Competition- One of best 12)

 

Мисс А.Баярцэцэг “Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт Монголчууд аа. Юуны өмнө та бүхэндээ маш их баярлалаа. “Эх дэлхийн мисс 2015” тэмцээнд гурван долоо хоногийн туршид Монгол улсаа төлөөлөн маш амжилттай оролцлоо. Хэдийгээр титмийг эх орондоо авч ирж чадаагүй ч гэлээ Монгол гэдэг нэрийг гаргалаа. Эх орондоо гурван алт, нэг хүрэл медальтайн дээр НҮБ-ын шилдэг илтгэлээр шалгарч, энэ бүхнийг эх орондоо авч ирлээ. Хамгийн гол нь Монгол улсаа сурталчлах, үүх түүх, соёл уламжлалаа сурталчлах нь миний хамгийн гол зорилго байсан юм шүү. Ялалт та бүхний минь итгэл, урмаар хэмжигдлээ. Гайхалтай аялал байлаа. Энэ хүртэл хамт байсан Та бүхэндээ талархъя” гэв.

 

 

С.Ням