Өчигдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид өршөөлийн хуулинд хичнээн хүн хэрхэн хамрагдсан байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс шүүх хэрэгжүүлж эхэлсэн байна.

2015 оны 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд анхан шатны шүүхүүд хорих ял шийтгүүлж өршөөлд хамрагдах ялтуудын материалыг хүлээн авч, 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 27 хорих анги, баривчлах болон цагдан хорих байруудад 4-5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй очиж хуралдан асуудлыг шийдвэрлэжээ.

Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлэн сулласан байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдсан бөгөөд дээрх заалтуудаар нийт 1930 ялтан суллагдсан аж. Эдгээрийн 651 нь нийслэлд харьяалагдах хорих ангиудаас, 1279 нь орон нутгийн хорих ангиудаас суллагджээ.

Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгдээгүй торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлсэн байна.

Үүнээс гадна 2015 оны 12 дугаар сарын 4-ний байдлаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагдсан байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар /үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх) 1252 ялтныг эдлээгүй үлдсэн хорих ял болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж суллажээ. Судалгаанаас үзвэл хорих ялаас гадна нэмэгдэл ял болох эд хөрөнгө хураах ял шийтгүүлсэн 51, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял шийтгүүлсэн 973 ялтан энэ заалтад хамрагджээ.

Суллагдсан 1252 ялтнаас насанд хүрээгүй 11, эмэгтэй 87, эрэгтэй 1165, анх удаа гэмт хэрэг үйлдсэн 701, урьд 2 удаа гэмт хэрэг үйлдсэн 308, урьд 3 ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн 243 ялтан байна. Түүнчлэн урьд Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж байсан 27 ялтан дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан аж.

Энэ хэсэгт зааснаар суллагдсан ялтнуудын үйлдсэн гэмт хэргийг төрлөөр авч үзвэл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тухайлбал бусдын эд хөрөнгийг хулгайлсан 693, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан 99, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн 38, нийт 830 ялтан суллагдсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар суллагдсан ялтнуудын 60 орчим хувийг эзэлж байна

Мөн хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 122 ялтан суллагдсан нь 9 орчим хувийг эзэлж байгаа бол хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн 1 ялтан, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 9 ялтан суллагджээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар (хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх) үндсэн ялын шинж чанартай оногдуулдаг торгох ял шийтгүүлсэн 119, албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн 63, баривчлах ял шийтгүүлсэн 130 этгээдийн гүйцэтгэгдээгүй ялаас эдлээгүй буюу гүйцэтгэгдээгүй үлдсэн хэсгийг шүүхээс өршөөн хэлтрүүлсэн байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар (ялаас өршөөн хасах) 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагджээ.

Суллагдсан хүмүүсийн дотор эмэгтэй 20, эрэгтэй 658, анх удаа гэмт хэрэг үйлдсэн 535, урьд 2 удаа гэмт хэрэг үйлдсэн 93, урьд 3 ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн 50 ялтан байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт насанд хүрээгүй 6 хүн хамрагдаж эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хасч, үлдэх ялаа эдэлжээ. Насанд хүрээгүй эдгээр хүмүүсийн 4 нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх , 1 нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 1 нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаар суллагдсан нийт 678 ялтны үйлдсэн гэмт хэргээс доорхи гэмт хэргүүд дийлэнхи хэсгийг эзэлж байна. Үүнд бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 201, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 53, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 190, танхайрах гэмт хэрэг үйлдсэн 234 ялтан байна.

Өршөөл үзүүлэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасаж үлдэх ялаа эдэлж байгаа ялтны үйлдсэн гэмт хэргээс доорхи гэмт хэргүүд дийлэнхи хэсгийг эзэлж байна. Үүнд бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 604, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан 6, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 77, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 580,танхайрах гэмт хэрэг үйлдсэн 493 ялтан байна.

Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийт 1760 ялтан хамрагдсанаас 678 ялтан нь суллагдаж, 1082 ялтан үлдэх ялаа эдэлж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар (эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох) улсын хэмжээнд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Үүнээс 79 яллагдагчид холбогдох 73 эрүүгийн хэргийг шүүх хуралдааны өмнө шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь нийт хэрэгсэхгүй болгосон хэргийн 25.7 хувийг эзэлж байна.

Харин шүүх хуралдаанаар нийт хэргийн 74.3 хувийг буюу 259 хүнд холбогдох 211 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэгт холбогдсон нийт 338 хүний 87.9 хувь буюу 297 нь эрэгтэй, 12.1 хувь буюу 41 нь эмэгтэй хүн байна.

Хэрэгт холбогдогчдын 2.9 хувь буюу 10 нь насанд хүрээгүй, 184 хүн буюу 54.4 хувь нь 18-29 насны залуучууд, 94 хүн буюу 27.8 хувь нь 30-34 насныхан, 14.8 хувь буюу 50 хүн нь 35-аас дээш насны хүмүүс байгаа аж.

Анхан болон давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нийт 284 эрүүгийн хэргийг гэмт хэргийн төрлөөр үзвэл 26 хувь буюу 97 хүнд холбогдох 74 хэрэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 14 хувь буюу 42 хүнд холбогдох 41 хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, 9 хувь буюу 38 хүнд холбогдох 28 хэрэг нь танхайрах, 7 хувь буюу 23 хүнд холбогдох 20 хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг байх бөгөөд үлдсэн 44 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг байна.