Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “Амарч байна” гэх мэдээлэл суллагдсан өдрөөс нь хойш хэвлэлийн хуудсыг эзэгнэх болов. 

Гэмгүй гэмээр энэхүү мэдээллийн араас “Түүнийг цагаатгуулахын төлөө ажиллана” гэсэн том зорилготой тайлбарууд ч хэвлэгдэж байгаа харагдсан. Энэ нь Ерөнхийлөгч асанг зүгээр ч нэг амрахгүй гэдгийг батлах бөгөөд Н.Энхбаярын эхлүүлсэн улс төрд төгсгөл байхгүй гэдгийг та бидэнд удахгүй нотолж эхлэх биз. 

Учир нь тэрбээр өнгөрсөн хугацаанд та бидэнд өргөст торны цаанаас улс төрийн намыг хэрхэн амжилттай удирдаж болдгийг баталсан. Үүн шигээ ирэх өдрүүдэд сэвтсэн нэр хүндийг хэрхэн сэргээж болдгийг батлахыг чухалчлах юм. 

Энэ бол түүний улстөрчийнх нь мөн чанар. Тиймээс ч  түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг “Н.Энхбаяр гэдэг хүн гэмт хэрэг хийгээгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байгаа тул түүний нэрийг цагаатгуулахын тулд олон улсын хүний эрхийн байгууллагад хандана” хэмээсэн байгаа. 

Мөн “Цаашдаа гадаадад эмчлүүлэх шаардлагатай. Ерөнхийлөгч нэгэнт уучлал үзүүлсэн учраас хилээр гаргах эрхийг нь сэргээлгэнэ. Бид холбогдох байгууллагад нь энэ талаар хүсэлт гаргаад байгаа. Энэ асуудлыг удахгүй шийдэх байх. Эмнэлгээс өвчтний материалыг бүрдүүлж авах ёстой. Үүнд хугацаа шаардлагатай. Үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь бидэнд хамгийн чухал асуудал” гэв.

Эндээс харахад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч ойрын хугацаанд “Эмнести интернэшнл”-д хандаж мэдэх нь. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд МАХН-ынхан хийгээд гэр бүлийнхэн нь олон удаа “Н.Энхбаярыг эрүүдэн шүүж байна” хэмээн хэвлэлд хандаж, хилийн чинад руу хүртэл захидал бичиж байсныг бид мэднэ. Тэгэхээр тэрбээр цаашид өөрийн биеэр энэ асуудлаа шийдэж, Монголын хууль хяналтын байгууллагынхантай гадаадаас тэмцэхийг үгүйсгэх аргагүй юм.

Түүнчлэн суллагдах үерээ “Би уучлалыг бус цагаатгалыг хүсч байсан. Цагаатгуулахын төлөөх тэмцэл дахин бидний өмнө байна” хэмээн намынхаа гишүүдийг дараагийн алхамд бэлэн байхыг сануулсан гэх яриа гараад буй. 

Эндээс харахад шинэчлэлийн Засгийн газар ч тэр, Ерөнхийлөгч ч тэр Н.Энхбаярыг тэмцэл уучлалаар дуусгавар болсон гэж үзэх боломжгүй аж. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын улс төр цаашид хилийн чинадаас дэмжлэг авахад чиглэх бөгөөд тэр хэрээр Монголын улс төрийн дотоод нууц гадагшаа задарч мэдэх юм. Н.Энхбаяр аа гэж.

Г.Отгонжаргал