“С.Баяр иржээ” гэж өчигдөржин шуугив. Нийт монголчуудын хувьд сонин биш л дээ. Нэг намын, нэг хүрээнийхний л хувьд сонирхолтой мэдээ бололтой юм.

“Жэки Чан, Ричард Гир, Жулиа Робертс ирлээ” гэсэн бол сонин байлгүй яах вэ. Харин С.Баяр гэж хэнсэн билээ. Энд С.Баярыг муучлах гэсэнгүй. Хүнийг ингэж гишгэх газаргүй болтол нь өргөж, өдөөж, “эвдчихээд” дараа нь яадаг билээ гэсэн бодол түрүүлж бодогдох болжээ. Ерөнхий сайд асан С.Баярын хувьд Монголд ирж байгаа нь сонин байгаасай, хүлээлт үүсгээсэй, дэлхийн хүний дайтай биш гэхэд Холливудын жүжигчин шиг дуулиантайгаар нутагтаа ирэх хүсэл байсан гэхэд итгэмгүй. Тэр бол даруухан, боловсролтой, өөрийгөө зохих хэмжээнд нь үнэлж чаддаг нэгэн.

Тэр “Дөчин мянгат”-д төрж өссөндөө буруугүй. Төр түмэнд хэрэгтэй ажил хийж байсан нь ч, өнөөг хүртэл тогтвортой гэр бүлтэй байгаагүйд ч, тэр ч байтугай төрсөн бие нь өвдөөд эмчлүүлэх шаардлага гарсанд ч буруутах учиргүйсэн. Мөн Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр сонгогдож дөрвөн жил ажилласанд, тэр хугацаандаа албан тушаалаа ашиглаад нэлээд хэдэн тэрбум төгрөг завшсан, дараа нь түүнийг ард түмэн дахин сонгоогүйд ч буруутан болчихоод байдаг нь хачин юм.

Цаг үе, нөхцөл байдлын хувьд энэ удаад түүний Монголд ирсэн энэ “аугаа” үйл явдлыг Н.Энхбаярын уучлагдсантай, МАН-ын шинэчлэгдэх гэж буйтай, Ш.Батхүү бизнесээ орхих болсонтой гэхчлэн янз бүрээр холбон тайлбарлах аж. Гэвч энэ бүхнийг зохицуулах тэр их хүч, нөлөө нь С.Баярт бийсэн билүү.

Мэдээж С.Баяр бол өөгүй “өндөг” биш. Түүний В.Путинтэй “гагнагдсан” холбоо, түүний хүмүүстэй харилцсаар яваа бизнесийн нууц түншлэл анхаарал татдаг. Мөн Ерөнхий сайдаар ажиллах үедээ Монголын эдийн засгийг тэр чигт нь урд хөршийн  “Чиналко”,“Чалко” гэгч “мангасууд”-ын аманд шидэж өгөөд “ард түмний амлалт нэхэгчид”-ийн амыг тагласан, “Оюутолгойн гэрээ” гэгч гайхамшигтай эсвэл гамшигтай гэрээний төлөө юу алдав, хожив гээд сонирхол татсан олон асуултын хариу одоо ч олдоогүй л байна. Түүнд ял, гавьяа аль аль нь бий, хүртэх ёстойгоо хүртэнэ биз. Харин одоохондоо Монгол түмний хувьд С.Баяр хэн юм бэ гэвэл хэн ч биш. Хамгийн томдоо л Ерөнхий сайд асан шүү дээ.

Тэгэхээр энэ бүхэн монголчуудын сониуч зантай холбоотой болж таарч байгаа юм. С.Баярыг Ерөнхий сайд байхад нь “монголжуу байсангүй”, “морины нуруу гэмтээлээ” гэж адлаад байсан нь саяхан. Тэр үед ч МАН-ын шинэчлэлийн асуудлыг ярьж л байсан. “Н.Энхбаяр гэдэг өргөсийг л улс төрөөс аваад хаячихвал энэ улс орон сайхан болчих гээд байна” гэж туйлширч байсан хүн цөөнгүй л байсан шүү дээ. Төд удалгүй Оюутолгойн гэрээг батлуулж амжсан, тодорхой тохирооны дагуу Тавантолгойг шийдэлгүй орхин эрүүл мэндийн шалтгаанаар гэх маш цэвэрхэн аргаар хариуцлагаас мултарсан түүнийг эдүгээ монголчууд “элгээ эгштэл саначихжээ”.

Өчигдрийн байдлаар цахим хуудаснаа С.Баяр “хадаастай” байлаа. Зарим нь “МАН-ыг шинэчлээд өгөөч” гэв. Бүр “МАН-ыг АН-тай нийлүүлэх цорын ганц дипломатч улстөрч” гэж ч тодорхойлж байх шиг. Хамгийн хөгжилтэй нь “С.Баяр намын дарга болохоор дахин өрсөлдөх гэж ирлээ” гэх цуурхал байв. “Өөрийн хүнийг дэвшүүлэхээр” гэсэн бол өөр хэрэг. Харин өөрөө бол цаадах чинь “ичээд” чадахгүй.

Хартай зарим нь “Н.Энхбаяр шиг намаасаа нэг хэсгийг нь тасалж өрх тусгаарлах нь” гэсэн таамаглалыг хүртэл дэвшүүлж амжив. Гэвч С.Баяр гэдэг хувь хүн “өсөж бойжсон гэрээ нураах” тийм “совесть”-той хүн мөн үү, биш үү. Хэрэв ийм зүйл хийхэд хүрвэл түүнд маш том шалтгаан хэрэгтэй. Иймд логик үндэслэлийг нь зөв тодорхойлохгүйгээр С.Баярыг “од” болгоход амаргүй байгаа биз.

 

У.Оргилмаа