Уучлалд ундуйцсан Н.Энхбаярт Ц.Элбэгдоржийн барих бэлэг
2013/08/05
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт өнөөгийн Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн уучлал таалагдсангүй. Түүний хувьд хэн нэгнээр уучлуулахаар гэмт хэрэг хийгээгүй гэнэ.
Тийм байтал бүрэн эрхээ ашигласан ардчилсан Ерөнхийлөгчийн энэ үйлдэл эксийг эвгүйтүүлж, эргүүлэн хариу барихад хүргэсэн бололтой. Гэхдээ Намбарын хүүг нарснаас гаргах тухай яриа эртнээс хөвөрсөн. Тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ бүхэн ажил хэрэг болно гэсэн таамаглалыг хэвлэлийнхэн дэвшүүлж байв.
Хувьсгалын тохироо бүрдэв гэгчээр ардчилсан Ерөнхийлөгч улиран сонгогдож, баярын бялуугаа зүсч дууссав уу, үгүй юу яаран сандран уучлалын зарлиг үйлдэх нь тэр. Хэрэв Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав олон ааш гаргаагүй бол Ц.Элбэгдорж лүндэнгээ үүнээс ч эрт буулгах байсан гэдэг.
МАХН-ын дарга Н.Энхбаяр уучлалд ундуйцаж байсан ч эмнэлгээсээ гарч, эрх чөлөөтэй болсноо тунхагласан. 90 кг-тай байсан экс 63 кг-тай болтлоо турж эцэж, турсан төдийгүй эсийн дутагдалд орж, харийн нутагт эмчлүүлэх шаардлагатай байгааг эрүүл мэндийн салбарынхнаас урьтаж, намынхан нь тодотгодог.
Эрх чөлөөтэй болсон өдрөө гэрийн зүг яаран явсан Н.Энхбаяр өчигдөр хоёрдугаар эмнэлэгт хэвтэн, эмчилгээгээ үргэлжлүүлэхээр боллоо. Гэхдээ түүний дараагийн нүүдэл юу байх бол хэмээх асуулт улс төрийн хүрээнийхний дунд аялж байна. МАХН-ынхны хэлж байгаагаар Н.Энхбаяр цагаадах ёстой.
Ц.Элбэгдоржоос уучлал болон өршөөл хүссэн ямар нэгэн бичиг илгээгээгүй. Цаашлаад хоёр намын хооронд хэлэлцэж, тохирсон зүйл байхгүй гэж хариуцлагатайгаар мэдэгдэх болов. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр энэ бүхнийг хүсээгүй байхад Ц.Элбэгдорж түүнийг хүчээр хөдөлгөөд байгаа гэнэ.
Яг л бор оймстой нь дамжлан авч одсон шигээ үйлдэл гаргах болсон бололтой юм. Гэхдээ Ц.Элбэгдоржийн буянаар Н.Энхбаяр эргэн ирлээ. Ингэснээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлсэнчлэн “Монгол Улс Ерөнхийлөгч байсан хүнээ шоронд алчихсан хэмээн түүхэн хараар бичигдэх” аюулаас мултарч, ардчилсан Ерөнхийлөгч араа бодож, нэрээ цэвэрлэлээ.
Энэ бүхний төлөө хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ буцах хүн Ц.Элбэгдорж гэж үү. Н.Энхбаяргүй өрсөлдөөнд ялагчаар тодорч хүссэндээ хүрсэн түүнд энэ үйлдэл ямар ашигтай гэж. Харин ч авлигачидтай хатуу тэмцэнэ гэсэн амлалтаасаа ухарсан алхам болно.
Шударга л байхыг уриалдаг тэрбээр энэ үгнээсээ ч буцлаа. Ардчилсан Ерөнхийлөгч арчаагүй нэгэн болон байж Н.Энхбаярт уучлал үзүүлсэн нь мэдээж учиртай. Хоёр намын дунд наймаа хийгдээгүй гэж МАХН-ынхан хэлж байгаа ч тэр олон ялтнаас яагаад ганцхан Н.Энхбаяр гэж.
Өршөөл, уучлал хүссэн бичиг ч илгээсэн удаагүй. Тэр ч бүү хэл, хэзээ ч тийм хүсэлт хүргүүлэхгүй байсан гэх утга бүхий үг, өгүүлбэрийг намын нөхөд нь хэлж байна. Эксийн эрүүл мэндэд нь сэтгэл зовнисондоо гэж үү. Гол нь энэ бүхний эцэст Н.Энхбаяр ингэтлээ бухидахын шалтгаан юу юм бол.
Магадгүй тохиролцооны тодорхой заалтыг Цахиагийн хүү өөрчилчихөв үү. МАХН-ын дарга болон гишүүдийнх нь хэлж байгаагаар уучлалыг биш цагаатгалыг л хүсэмжилж байж. Асуудлын гоцгоо ийм болоод Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар хэл амаа ололцоогүй байх магадлалтай.
Түүнээс биш Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн үгийг сөрөөд байх тийм тэнэг нэгэн биш. “Авлигын загалмайлсан эцэг” гэгдэх эксийг төмөр торны цаана хийснээр ардчилсан Ерөнхийлөгчийг ард түмэн үнэлж эхэлсэн.
Гэтэл энэ бүхнийг үгүйсгэж, тэр хүнийг жилийн дараа цагаатгана гэхээр Ерөнхий прокурорын хувьд хүлээж авахад дэндүү хүнд байсан болов уу. Иймээс Ц.Элбэгдоржийн саналыг хүлээн авахаас татгалзаж, улмаар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд тэрхүү зарлигийг гаргасан байхыг үгүйсгэх аргагүй мэт.
Хэрэв тэр амлалтдаа хүрээгүй бол гарах үр дагавар нь хэтэрхий их хохирол авчирч мэднэ. Гэвч энэ бүхэн Н.Энхбаярт таалагдсангүй. Юуны түрүүнд тэрбээр биеэ тэнхрүүлээд, дараагаар нь цагаатгуулах ажлыг эрчимжүүлэх бололтой.
Үүний тулд тэрбээр цөмд нь орж ирэх шаардлагатай болно. Улс төрийн халуун тогоонд хаалгачаас хаана нь болтлоо чанагдсан түүнд энэ тийм ч төвөгтэй зүйл биш. Нөгөөтэйгүүр, амьд архив болсон түүнд ардчиллынхныг атгах арга ухаан их бий. Үгүй дээ л, хоригдохынхоо өмнө нийтэд мэдээлсэн 300 хуудас бүхий материал.
Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгтэй холбоотой чухал баримт материал байгааг нийтэд мэдээлсэн өдрөө саатуулагдсан тэрбээр энэ бүхнийг чимээгүй өнгөрөөнө гэж үү. Гэр орныг нь төдийгүй худынхыг нь хүртэл нэгжиж, бичиг баримтнаас өөр зүйл аваагүй гэлцдэг.
Хэдийгээр тэрхүү баримт материал хууль хяналтынхны гарт орсон байж болох ч эксийн толгойд их зүйл бий. 20 гаруй жил хамтдаа нөхөрлөж, нэг нь дарга, нөгөө нь цэрэг байсан хүмүүсийн хувьд ярих зүйл ч их байгаа биз.
Тиймээс Н.Энхбаярын дараагийн нүүдэл тийм ч удаан хүлээлэхгүй болов уу. Харин үүнээс урьтаж Ц.Элбэгдорж түүнд ямар санал тавих бол. УИХ-ын гишүүн үү, эсвэл Шадар сайд уу.
Д.Дорж
Эх сурвалж:
Зочин · 2013/08/10