“Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газраа АН-ынхан тарааж, “Шийдлийн” болгож өөрчилсөн. АН-ынхан олон тулгамдсан асуудлыг шийднэ гэж байгуулсан Засгийн газартаа МАН-ынхныг урьж, ажиллуулсан. Энэ дүйвээнээр МАН-аасД.Цогтбаатар Барилга, хот байгуулалтын сайдын суудалд залраад буухдаа барилгын салбарт заваарсан “бантан” хутгасан нь өнөөдөр ч цэгцрээгүй байна. Юу болсныг эргэн сануулья. Д.Цогтбаатар БХБ-ын сайд болсныхоо дараа орон сууцны найман хувийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 10 хувь болгож бууруулах санал, санаачилга гаргасан.

Мань хүн өөрөө гадаадын орнуудаар явж байхдаа 10 хувийн урьдчилгаатай зээл өгч байгаа жишээг харсан юм уу. Эсвэл гадаадад явж байгаад тийм жишээ харсан хүнээс сонссон уу. Ямар ч байсан гадны жишиг яриад л, 30 хувийг ад үзэж, 10 хувь болгоно гэж дайрах нь тэр. Хүмүүс ч түүний санаачилгыг дэмжиж, урьдчилгаандаа дарлуулж суухгүй,
орон сууцтай болох боломжтой боллоо гэж баярлаж байлаа. Үүнд нь урамшсан уу, яасан урьдчилгаа төлбөрийг 10 хувь болголоо. Үлдсэн 20 хувьд нь төрөөс батлан даалт гаргана. Асуудал шийдэгдсэн, журмаа баталчихлаа гэж зарласан. Тэгэхдээ найман хувийн зээлийн журамд ганц хоёр зүйл нэмж оруулсан байх.

Түүний сайд байхдаа барьж авч шоудсан ганц ажил нь энэ. Хүмүүс ч нээрээ л урьдчилгаа төлбөр 10 хувь болж, төр 20 хувьд нь батлан даалт гаргах юм байна гэж итгэсэн. Ямар сайндаа л ТОСК хүртэл “Буянт-Ухаа-2” хорооллынхоо захиалгыг авахдаа 10 хувийн урьдчилгаа төлүүлэхэв. Мөн олон ч хувийн барилгын компани иргэдээс 10 хувийн урьдчилгаа аваад, орон сууцанд оруулсан асуудал ч гарсан.
Орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг төр батлан даах асуудал шийдэгдэх нь тодорхой гэж үзээд л ийм алхам хийсэн. Гэтэл яав, сайд асан Д.Цогтбаатарын сэтгэлийн хөөрлөөрөө гаргасан шийдвэр нь өнөөдөр олон хүнийг “торгочихлоо”. Түүний зуурсан “түүхий бантанг” МАХН-аас гарч ирсэн сайд З.Баянсэлэнгэ болгох гэж бага сага оролдсон ч чадсангүй.

Энэ бүхэн төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүс гаргаж байгаа бодлого шийдвэртээ анхааралтай хандаж байхгүй бол ард түмнийг яаж хөлдөө чирдгийг бодлого харууллаа. Яг үнэндээ
Д.Цогтбаатар 20 хувийн батлан даалт гаргах асуудлаа эцэслэн шийдээгүй байж сэдсэн санаагаа, сэтгэлийн хөөрлөөрөө зарласан нь олон хүнийг хохироох дээрээ тулчихаад байна. Энэ жишээг эрхэм гишүүд, сайдууд үргэлж санаж, жишээ болгож, хэлэх ярих, шийдвэр гаргахдаа анхааралтай баймаар байна.

Ер нь төр засгийнхны шийдвэр гэдэг тооцоо судалгаатай, нягт нямбай л байх ёстой.
Д.Цогбаатар сайд орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20-д нь төрөөс батлан даалт гаргах асуудлыг нарийн судлах ёстой байсан юм.Эхлээд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг үнэхээр өөрчлөх шаардлага байсан уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. За байсан гэхэд, 20 хувийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргах боломж байгаа юу. Хөрөнгө мөнгийг нь хаанаас гаргах вэ гээд шийдэх асуудал их байсан. Энэ бүхнийг тэр мэдэж байсан ч зөвхөн нэр хүндээ өсгөх гээд шоудчихсан ч байж болох. Түүнээстөрийн сайд хүн тэр бүхнийг мэдэхгүй, 30 хувийн урьдчилгааг 10 болгоно гээд явж байна гэж баймааргүй юм. Эсвэл арилжааны банкуудыг батлан даалт нэртэй тамгатай цаасаар аргалж болно гэж төлөвлөж байсан нь ч талаар болсон байж болох.

Ямар ч байсан түүний “зуурсан бантан”-гаас болж иргэд хохирох дээрээ тулчихаад байна. Өнөөдөр “
Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн барилгууд дээр гэхэд 10 хувийн урьдчилгаа аваад, захиалганд оруулчихсан. Эхний ээлжинд 1600 гаруй айлын орон сууцанд захиалга авсан байгаа. Ихэнхээс нь 10 хувийн урьдчилгаа авч, захиалганд оруулсан байх ёстой. Тухайн үедээ орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувь болох асуудал шийдэгдэхгүй бол үлдсэн 20 хувийг нь төлүүлнэ гэж байсан. Харин 20 хувиа нэмж төлж чадахгүй нь гээд өгсөн мөнгөө буцааж авахаар болбол таван хувийн шимтгэл авна гэсэн журам гаргасан байлаа. Гэтэл одоо өнөөх урьдчилгаа төлбөр 10 хувь болох, 20 хувийн батлан даалт гаргах асуудал нь “Мянгуужингийн үлгэр” болчихлоо. Тэгэхээр 10 хувийн урьдчилгаа өгөөд орон сууц захиалчихсан иргэд үлдсэн 20 хувиа нэмж өгөхөөс өөр аргагүйд хүрэх гээд байна.

Д.Цогтбаатарын балгаар 10 хувиа төлсөн хүмүүсийн хувьд үлдсэн 20 хувиа хаанаас олж өгөх, эсвэл өгсөн мөнгөө буцааж авах л сонголт үлдээд байна. Мөнгөө буцааж авах дээрээ тулбал шимтгэл төлнө. Арай гэж арван хувиа энд тэндээс зээлэн барин олсон иргэд 20 хувийг хаанаас яаж олох вэ. Иргэд ингэж л хохирох болчихоод байна. Хувийн барилгын компаниуд хэчнээн ч хүний тархийг угааж, 10 хувийн урьдчилгаатай захиалга авсан юм, бүү мэд. Одоо тэд үлдсэн 20 хувиа төл гэнэ. Чадахгүй гэвэл 10 хувийг эргүүлж өгөх ч юм уу, үгүй ч юм уу. Энэ маягаар хэдэн зуун хүн шимтгэл нэрээр хохирохыг хэлж мэдэхгүй байна. Нэг сайдын амныхаа зоргоор “бурж”, сэтгэлийнхээ хөөрлөөр шийдэх гэж оролдсон асуудал ийм л аюулд хүргээд байна. Гэтэл тэр өнөөдөр сайдын суудлаас буучихаад, сэтгэл амар суужбайгаа шүү дээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Пунцагболд