Хон хэрээдийн Б.Энхбатыг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо
2015/12/17
2007 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд Хон хэрээдийн Б.Энхбат охиныхоо найз залуу болох Ч-г /22 настай/ буудан хөнөөсөн. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа 10 сар үргэлжилсний эцэст Баянзүрх дүүргийн шүүхэд 2008 оны зургадугаар сарын 25-нд шүүх хурал болж цаазын ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс түүний цаазын ялыг 25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биеэр эдлүүлэх болгон өөрчилсөн юм. Уг хэргийн хяналтын шатны шүүх хурал өчигдөр улсын дээд шүүхэд боллоо. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэгтэйгээ танилцаагүй тул хэлэлцэх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Өнгөрсөн хугацаанд Хон хэрээдийн Б.Энхбат хяналтын шатны шүүхэд ханддаг байсан ч гомдлыг хэлэлцэх хууль эрх зүйн үндэслэлгүй байжээ. Энгийнээр тайлбарлавал, анхан болон дунд шатны шүүхээс ял авсан этгээд Улсын дээд шүүхэд хандах эрхгүй, харин өмгөөлөгч нь хандснаар асуудлыг хэлэлцдэг байсан юм. Эрх зүйн энэхүү зохицуулалт нь хүний эрхийг зөрчиж байгаа гэж үзсэн учраас Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргасан байдаг. Улмаар хүний эрх зөрчсөн зааллтай холбоотойгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр ялтан, өмгөөлөгчийн хэн нь Улсын дээд шүүх буюу хяналтын шүүхэд хандах эрхтэй болсон юм. Тиймээс ялтан Б.Энхбатын хуулийн хугацаанд гаргаж байсан гомдлоор Дээд шүүх хэргийг хэлэлцэхээр болсон нь энэ юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.