Буддын шашны давуу тал, шинжлэх ухаанч мөн чанарын талаар өнөөдөр тус шашны лам, хуврагууд болон их дээд сургуулийн төлөөллүүд хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийг Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд, Номын гурван хүрдэн сан, ШУТИС-аас хамтран зохион байгуулж байгаа аж.

“Буддимз ба шинжлэх ухаан” сэдвийн дор явагдаж буй эл хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “Бид XX зууны үеийн хэлмэгдүүлэлтээс болж нийтэд шашнаа ойлгуулж чадаагүй. Бидэнд өнгөрсөн үеийн түүхийг хэт их харлуулж, хэт магтах дутагдлууд их бий. Манай улсаас гадна Европт шашинтайгаа тэмцэж байсан түүх бий. Тухайлбал, зарим эрдэмтдийн нээлтийг шашин үгүйсгэдэг. Жишээ нь, дэлхий бөөрөнхий гэдэг эрдэмтний онолыг шашин эсэргүүцэж байсан. Үүний уршгаар шашныг эсэргүүцэх нөлөө Ази, тэр дундаа Монголд орж ирсэн. Ер нь Монголчуудад гадны улсаас тэр чигт нь юмыг хуулбарлаж, даган дуурайх үзэл давамгайлдаг. Одоо бид үүнээс ангижирч аливаад шинжлэх ухаанчаар хандахад суралцах хэрэгтэй. Үүнд шинжлэх ухаан, шашин хоёр нэг тал гэж бодож байна” гэв. Харин ШУТИС-ийн захирал Б.Очирбат “Бидний хандлага өөрчлөгдөж байгаа. Орчин үед бид инженерийн өндөр боловсролтой хүмүүсийг бэлтгэхээс илүүтэй “хүнийг хүн” болгох асуудлыг чухалчилж байна. Манай улс буддын номлолт шашинтай ард түмэн. Бид энэ шашнаа шинжлэх ухаанчаар ойлгуулах, таниулах үүгээр дамжуулж, хүнийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг боломжууд бидэнд нээлттэй байна” хэмээгээд буддын шашны номлолыг дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Н.Чимэг