Эдийн засаг өдөр ирэх бүр хямарсаар, хямралыг даган иргэдийн худалдан авах чадвар буурсаар байна. Борлуулалт муу байгаатай холбоотой махны үнэ өдрөөс өдөрт хямдарсаар, иргэд бүсээ чангалан ходоодоо сойсоор, тэссээр байгаа билээ.

Өөрөөр хэлбэл Ардчилсан намынхан Засгийн эрхэнд гарч, сөрөг хүчин болох МАН болон МАХН-аас эрх баригч намаа буруутган, үгүйсгэж, засгаа огцруулсан. Ингээд улстөрчид халаа сэлгээнээс өөрийг хийгээгүй байсаар дараагийн сонгуультай нүүр тулах болчихсон юм. Ингэж байтал гадны хөрөнгө оруулагчид манайхаас зугтааж, гаднаас ирэх долларын урсгалыг таслан зогсоосноор хямрал эхэлсэн түүхтэй.

Харин олон нийт бодохдоо “Ардчилсан намынхан Засгийн эрхэнд гарахаараа ард түмнээ голыг нь харлатал өлсгөдөг” үүнийгээ хийж байна гэж ойлгож байгаа. Энэ нь үнэний ортой.

Мөн ард түмний эрх ашгаас илүүтэй, өөрсдийнхөө нэр хүндийн төлөө пиар хийж, худал үнэн нь мэдэгдэхгүй олон зүйлийг эсэргүүцэгчид болж, “жүжиг” тавьсаар ирсэн сөрөг хүчнийхэн ч үүнд буруутай.

Эдийн засаг яаж хямарчихаад байгааг махны үнээр жишээ авъя. Өнгөрсөн жилийн өдийд үхрийн мах 7000-8000 төгрөгийн үнэтэй байсан бол өчигдөр “Хүчит Шонхор” захад 3500-3800 төгрөгөөр зарагдаж байна. Эдийн засгийн хямрал иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа учир тэд худалдан авах чадваргүй болсонтой холбоотойгоор махны ханш өмнөх жилийнхээс ийнхүү 50 хувиар буурчихаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл “Хүчит шонхор”-т адууны мах 2500-2800 төгрөг байгаа бол хонины мах 2500-3000 төгрөг, тэмээний мах 1500-1700 төгрөгийн хооронд зарагдаж байна. Харин ямааны мах 1400-2000 болтлоо хямдарчээ. Махны үнэ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч байсан бөгөөд ийнхүү талхны үнэтэй болтлоо буурч байсан түүх байхгүй билээ.

Өмнө нь иргэд махныхаа оронд ногоо түлхүү хэрэглэдэг байсан бол мах хямд байгаатай холбоотойгоор ногоо будаагаа худалдаж авахаа болиод байгаа гэдгийг “Хүчит шонхор”-ын худалдаачид хэлж байна. Тэгэхээр ногоо, будаа гурил мах аль алиных нь борлуулалт эрс буурсан гэсэн үг.

Тэгвэл ард түмнийг ингэтэл нь өлсгөөд байгаа нь ямар учиртай болохыг учир мэдэх хүмүүс тайлбарлахдаа “Улстөрчид ард түмнийг өлсгөж байгаад УИХ-д ялалт байгуулдаг. Ард түмэн ядуу биш бол тэдэнд хууртагдаж саналаа өгдөггүй юм” гэж ярьдаг.

Тэгвэл үүнийг батлах мэт нэгэн үйл явдал уржигдархан боллоо. Тодруулбал өнгөрсөн хугацаанд иргэдэд 100 мянган төгрөг тарааж, Баянзүрх дүүргийн засаг даргаар сонгогдсон бөгөөд дүүргийнхээ нутаг дэвсгэрт хөшөө бариулах нэрийдлээр, улсын мөнгө завшсан хэрэгт холбогдон АТГ-д шалгагдаж байсан засаг дарга асан Б.Батзориг гэж нэгэн эрхэм бий.

Энэ эрхэм иргэдэд гурил тарааж явна. Тодруулбал уржигдар буюу энэ сарын 16-нд Баянзүр дүүргийн засан дарга асан, МАН-ын гишүүн Б.Батзориг “Тусгаар тогтнолын ордон”-ы хурлын танхимд иргэдтэй уулзалт хийсэн юм. Ингээд уулзалтад ирсэн хүн бүрт өөрийхөө сурталчилгааны сэтгүүл болон календарийг нэг уут буюу 5 килограммаар савласан гурилын хамт тарааж байгаад, манай сурвалжлах багтай таарсан нь энэ. Тухайн үед иргэд хуралд ирсэн урилгаа зохион байгуулагч нарт үзүүлээд, нэгнээсээ өрсөж, уралдан очиж гурилаа авч байлаа.

Тэгэхээр “Ард түмнийг өлсгөж байгаад, саналыг нь авдаг” хэмээх үгийг үүгээр баталж болохоор байгаа юм. Атга гурил, аяга будаа, уут нүүрс, таван тамхи зэргээр ард түмний саналыг худалдаж авдаг өрөвдөлтэй тогтолцооы нэг тод жишээ энэ байна. Иргэд өлсөж, ядарсандаа 5 өдөр идэх хоолны гурилныхаа төлөө, ийнхүү үр хүүхэд, эх орныхоо ирээдүйн тухай асуудлыг худалдахад бэлэн болчихжээ. Иргэдэд энэ мэтийн зүйл тараахыг уг нь хуулиар хориглосон байгаа ч улс төрд орсон, эрх мэдэлтэй бөгөөд мөнгөтэй хүмүүст тэр хууль даанч үйлчилдэггүй юм.

Н.Ганаа