ОБЕГ-ын 2015 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
2015/12/22
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2015 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2015 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Тайлангийн хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, шадар сайдын ахлах зөвлөх П.Даш, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар оролцлоо.
Тайлангийн хурлын нээлтийн ажиллагаанд оролцсон Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд 2015 онд албаны хэмжээнд дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагаа нэр төртэйгээр биелүүлсэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилтыг хүсэн ерөөлөө.
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд хандан, 2016 он бол Онцгой байдлын салбарын хувьд иргэнээ дээдэлсэн хэрэглэгчийн жил байх ёстой. Мөн албаны хэмжээнд сахилга, хариуцлагыг дээшлүүлсэн жил байх ёстой. Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг гол зорилго болгон хэрэгжүүлэх жил байх ёстой гэдгийг онцоллоо.
Тийм ч учраас иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг хүн нэг бүрт, айл өрх бүрт хүргэж сургалт, сурталчилгааг сайтар зохион байгуулан ажиллахыг үүрэг болголоо.
Хамгийн чухал нь иргэд, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхийн тулд өөрөөс шалтгаалах ямар үүрэг хүлээх ёстой, юу хийж чаддаг байх ёстойг ухааруулж ойлгуулах нь чухал гэдгийг анхааруулсан юм.
2016 онд гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж тодорхой зардлыг улсын төсөвт суулгаж өгсөн, үүнийг зөв, үр ашигтай зарцуулах хэрэгтэйг сануулав.
Мөн Монгол Улсын гамшигтай тэмцэх чадварыг дээшлүүлэх, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшгийн эрсдлийг бууруулахад хамгийн гол зүйл бол албаны хэмжээнд сахилга, хариуцлагыг чангатгах, ёс зүйг эрхэмлэн ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Оны шилдгүүдээ шалгаруулав
Тайлангийн хурлын үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2015 оны шилдгүүдээ шалгарууллаа.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр 3 албан хаагч, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 4 албан хаагч, ОБЕГ-ын даргын тушаалаар Шилдэг 10 албан хаагчийг тодрууллаа.
Шилдэг удирдах ажилтан
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар,
Шилдэг мэргэжилтэн
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын дарга, онцгой байдлын ахмад Л.Баянмөнх,
Санхүүгийн шилдэг ажилтан
Санхүү, хангалт үйлчилгээний газрын Мөнгөн хөрөнгө, тайлангийн нэгтгэл хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ,
Шилдэг ангийн захирагч
- Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн захирагч, онцгой байдлын хошууч И.Амартүвшин,
Шилдэг бүлгийн дарга
-Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын бүлгийн дарга, онцгой байдпын дэслэгч Г.Цэрэндэндэв,
Шилдэг гал сѳнѳѳгч
Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн гал сѳнѳѳгч, онцгой байдлын ахлах ахлагч Б.Мягмаржав
Шилдэг аврагч
Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Г.Чинболд,
Шилдэг жолооч
Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдпын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, онцгой байдлын ахлах ахлагч Д.Мѳнхбат,
Шилдэг холбоочин
Нийслэлийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын холбоочин-аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Ч.Мѳнхтуяа,
Шилдэг үйлчилгээний ажилтан
Хангалт үйлчилгээний ангийн Хүнд машин механизмын жолооч, онцгой байдлын ахлах ахлагч Б.Жаргалсайхан нар шалгарлаа.
Орхон аймгийн Онцгой байдлын газар Тэргүүний хамт олноор шалгарав
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдпыг дээшпүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагуудыг тэргүүлсэн анги, байгууллагуудыг шалгарууллаа.
Нийслэлийн хүрээнд, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр даргатай нийслэлийн Онцгой байдлын газар, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд, онцгой байдлын хурандаа Г.Ганбаатар даргатай Орхон аймгийн Онцгой байдлын газар “Тэргүүний хамт олон”-оор шалгарлаа.
Дэд байрт онцгой байдлын хурандаа Б.Баттулга даргатай Увс аймгийн Онцгой байдлын газар, гуравдугаар байрт онцгой байдлын хурандаа А.Ганжаргал даргатай Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, тусгай байрт онцгой байдлын хурандаа Д.Ариундалай захирагчтай Уул уурхайн аврах анги, онцгой байдлын хурандаа Н.Тѳмѳрбаатар даргатай Тѳв аймгийн Онцгой байдлын газар, онцгой байдлын дэд хурандаа Д.Бэхбаяр даргатай Ѳвѳрхангай аймгийн Онцгой байдлын газар тус тус шалгарлаа.
Онцгой байдлын албаны албан хаагчид 1233 эрдэнэт хүний амь насыг авран хамгаалав
Монгол Улсын хэмжээнд 2015 онд нийт 5891 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын албаны албан хаагчид 1233 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Энэ онд аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оныхоос 4,5 хувиар, бэртсэн, өвчилсөн, түлэгдсэн хүний тоо 56,7 хувиар тус тус буурсан бөгөөд Онцгой байдлын албаны албан хаагчдын аварсан хүний тоо 11,3 хувь, аварсан эд хөрөнгө 2,2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.