Мисс, мистер, тамирчин, жүжигчин, бүжигчин, дуучин , загвар өмсөгч гээд олны танилуудыг нэг дор цуглуулж сүрийг үзүүлсэн “Сastle” клуб нээлтээ хийлээ. Үүднээс нь эхлээд орчин, зохион байгуулалтыг нь харахад үнэхээр хүч, хөрөнгө хаясан нь илт байсан. Германы “MADRIX”-ийн гэрэл, Америкийн “CAF”-ын хөгжим зэрэг дэлхийн алдартай брендүүдийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уг клуб нээлтэндээ зориулан “Мартагдашгүй” тоглолтыг худалдаж авч үйлчлүүлэгчиддээ бэлэг болгосон нь үүний нэг жишээ гэж хэлж болохоор байна лээ.

Клубын нээлт, тоглолтыг өөлөөд гоочлоод байхаар зүйл байгаагүй. Зохион байгуулалт, уур амьсгал, орчин нөхцөл үнэхээр шинэлэг байж чадсан. Харин такс нь 50 000 төгрөгийн үнэтэй байсан нь анхаарал татаж байв. Үйлчлүүлэгчид таатай байх орчинг бүрдүүлж чадсан гэдэг утгаараа ийм ханш тогтоосон байж болох. Эсвэл шилдэг хамтлагийн тоглолтыг олонд хүргэж байгаа гэдэг утгаараа ийм өндөр ханш тогтоосон биз.

Цаашид такс нь хэд байх талаар ямар ч мэдээлэл одоогоор алга. Дэлхийн ийм баарнууд 100-200 ам.долларын такстай байдаг. Монголын орчинд 40 000 - 50 000 болох байлгүй дээ гэдгийг өчигдөр цугласан хүмүүс ярьж байсан. Хэрвээ үйлчлүүлэгчийн хүсэлтээр болдог бол 20 000 болговол олон хүн баярлах байх.

Гэрлийн гайхамшигийг мэдрүүлсэн шигээ таксаа хямдаар тогтоож олон хүнийг баярлуулаарай “Сastle” клубынхаан.