Таван хүний амийг танаас нэхнэ гэнэ, ерөнхийлөгч өө
2013/02/18
“Долдугаар сарын 1”-ний үймээний эздийг удахгүй зарлана
Ардчилсан нам засгийн эрхэнд гарсан цагаас хойш чимээ намжаасан “Долдугаар сарын 1” хэмээх их үймээний дуулиан дахиад дэгдэх нь нэгэнт тодорхой боллоо. Өнгөрөгч 2008 оны сонгуулиар ялагдал хүлээсэн улстөрийн хүчин сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас долдугаар сарын 1-ний их үймээн дэгдэж, тавын таван хүний аминд хүрч, багагүй хөрөнгө сүйтгэсэн билээ. Энэхүү үймээн дэгдээгчдийг тухайн үед цагдан хорьж, шалгаж байсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй сулласан. Тиймээс өдгөөгийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрөгч гурван жилийн турш хэдэн хонгио халаасалж, энэ хэргийг би мэдэж байгаа, илрүүлнэ хэмээн явсан. Тодорхой баримтууд байгааг ч хэвлэлээр удаа дараа мэдэгдэж байв. Харин эрхэм гишүүн маань Хууль зүйн сайдын сэнтийд заларсан цагаас хойш энэ тухай дурдахаа больсон. Өөрөөр хэлбэл, мэдэж байгаа бүх баримтаа намын жагсаалтын гуравт эрэмбэлэгдэх эрхийн бичиг, Хууль зүйн сайдын суудлаар сольчихсон хэрэг. Уг нь бол Х.Тэмүүжин Хууль зүйн салбарыг толгойлж байгаагийн хувьд одоо л энэ асуудлаар жинхэнэ утгаараа ажиллах ёстой байлаа. Үймээний хохирогчид, талийгаачдын ар гэрийнхэн ч үүнийг л хүсч суугаа. Түүнчлэн үймээнийг зохион байгуулсан Ж.Батзандан УИХ-ын гишүүн болж, О.Магнай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга болсноор энэхүү хэргийн эзэд чимээгүй боллоо. Нөгөө талаас үймээнийг өдөөн турхирч, хурсан олны цөсийг хөөргөсөн тухайн үеийн Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон зэрэг шалтгаанаар энэ хэрэг замхрах тийшээ хандсан ч тун удахгүй дуулиан тарих нь.
Уг нь Монгол Ардын Нам засгийн эрх барьж байх үед энэ хэргийн талаар дорвитой дуугардаг байв. Гэтэл Ардчилсан нам олонхи болж засгийн эрхэнд гарсан цагаас хойш энэ тухай дурсах хүнгүй болсон. Хамгийн гол нь “Долдугаар сарын 1” хэмээх энэ хэрэгт тухайн үеийн цагдаагийн албан тушаалтнуудыг буруутгаснаар дуулианыг намдаахыг зорьсон. Тиймээс гэм зэмгүй цагдаагийн дарга нарыг ялласан нь зүгээр л ард түмний амыг хаах гэсэн улстөрийн шийдвэр хэмээн үзэх хүн ч цөөнгүй бий. Энэхүү үймээнийг зохион байгуулагчид болон өдөөн хатгагчид бүгд төрийн өндөр дээд албан тушаалд очсон. “Буян”-гийн хэмээх Б.Жаргалсайханыг эс тооцвол шүү дээ. Ямар Ж.Батзандан, О.Магнай нарыг дэвшүүлчихээд Б.Жаргалсайханыг ганцааранг нь шоронд суулгалтай биш, түүний хувьд том л завшаан тэвэрч суугаа хэрэг.
Харин уг үймээний асуудлаар өнгөрөгч хэдэн жилийн турш судалгаа хийж, хэрэг бүрдүүлсэн хэсэг хуульчид, цагдаагийн эрх мэдэл бүхий албан тушаал хашиж байсан хүмүүс хамтраад төрийн бус байгууллага байгуулж, энэ хэргийн эздийг тодруулж, яллуулах нь зүйд нийцнэ гэж үзэж байгаа аж. Тэдний хувьд “Долдугаар сарын 1” хэмээх хэргийн талаар тодорхой баримтууд цуглуулсан бөгөөд хэргийн эздийг хөдлөшгүй баримтаар нотлох гэнэ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй энэхүү аймшигт хэргийн үйл явдлаар баримтат кино хийсэн бөгөөд ард түмэнтэйгээ хамтарч шүүх аж. Тэдний баримтад урьд өмнө дурдагдаж байгаагүй олон зүйл байгааг ч хэлсэн. Үймээнийг хэн ямар журмаар хэний санаагаар үүсгэснээс эхлээд хэргийн үйл явц, хаанаас хүч нэмэгдсэн зэрэг бүгд байгаа юм. Тэр ч бүү хэл тухайн үеийн МАХН-ын байр уруу нүүлгэж байсан чулууг хаанаас хэний даалгавраар түүж байгааг баримтжуулсан дүрс бий гэнэ. Түүнчлэн хаанахын хэний мөнгөөр энэхүү үймээнийг дэгдээснийг ч баримтаар дэлгэх бололцоотой гэнэ. Аймшигт хэргийг илрүүлэхээр зэхэж байгаа хүмүүсийн хувьд нэрээ ихэд нууцалж байгаа бөгөөд цагаа болохоор хэвлэл мэдээллээр мэдэгдээд ажлаа эхлэх гэнэ. Эс тэгвээс эрх баригчдын зүгээс улстөрийн дарамт шахалт ирэхийг үгүйсгэх аргагүй юм гэлээ. Тэдний хувьд Монголдоо нэртэй хуульчид, мөрдөгчид бөгөөд бүгд өндөр дээд албан тушаал хашиж явжээ. Хамгийн гол нь тэд ард түмэнтэйгээ хамтраад баримтаар шүүх бөгөөд эрх баригчдын зүгээс ямар нэг дарамт шахалт ирэхээс ихэд сэргийлснээ ч хэлсэн юм. Тийм ч учраас хөдлөшгүй баримттай энэ хэргийн эздийг хэвлэлээр нээлттэй зарлаж, дараа нь Улсын мөрдөн байцаах газар, Прокурорын газар, Улсын дээд шүүх гэсэн байгууллагуудад нэгэн зэрэг албан бичиг, хэргийн баримттайгаар ард түмний хамт хүргүүлэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар, үймээн дэгдсэн өдөр талбайд жагсч явсан Ерөнхийлөгчөөс ч таван хүний амийг нэхнэ гэдгээ хэлсэн юм. Юутай ч хэсэг хугацаанд улстөрийн захиалгаар чимээ намдсан долдугаар сарын 1-ний хэргийн гогцоо тайлагдах өдөр ойртож байгаа бололтой.
Үнэн хэрэгтээ жинхэнэ үймээн дэгдээгчид өнөөдөр төрийн өндөр дээд алба хашиж явна. Харин тэдний оронд гэм зэмгүй олон залуус архи нь гараагүй ачигдаж, улмаар ял эдэлсэн гашуун түүх бий. Ийм л эмгэнэлт улстөрийн хэрэг мөн үү гэвэл гарцаагүй мөн. Үймээний тэргүүн магнайд явсан О.Магнай, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хэлж ярьж байсан үг, хийлгэж байсан хэвлэлийн хурал өнөөдөр хэвлэлийн хуудас, дүрс бичлэгт бууж үлдсэн учраас нуух зүйл огтхон ч байхгүй. Энэ бол захын нэг сонины архив, телевизийн бичлэгт бий учраас тэр шүү дээ. Яагаад энэ хэргийн эзэн холбогдогчоор архи ууж, танхайрсан олон залуусыг яллачихаад жинхэнэ үймээний магнайд явсан нөхдийг зүгээр өнгөрөөв гэдэгт л хамаг учир бий. Хохирогчид ч жинхэнэ зохион байгуулагчдыг л гаргаж ирэхийг хүсч байгаа. Өнөөдөр “Анод”-ын хэмээх хэрэг нэг тийшээ болж, хэсэг хүмүүсийг ялласан нь ч цаанаа учиртай. Өдгөөгөөс гурван жилийн өмнө “Н.Давааг суллах баримтыг хэнд үзүүлэх ёстой вэ” хэмээх нийтлэл гарч байв. Үүнд “Гэхдээ тухайн үед “Анод”-ыг дампууруулсан улсад бас 100 хувь буруу өгч болохгүй. Яагаад гэхээр эдгээр залуусын ар талд гаднын гар хөл ч байсан гэдэг. Магад ч үгүй, “Сэргээн босголт” банкнаас орж ирэх гэж байсан 900 сая евро хаанахын ямар шугамаар орж ирэх гэж байсныг одоо болтол нууцалдаг. Ямар ч байсан харийнхантай сүлбэлдсэн гэдгийг ажиглагчид хэлдэг” гэсэн нь бий.
Юуны учир үүнийг дурдав гэвэл дотоодын зах зээл дээр хувьцаа хүртэл гаргаж байсан арилжааны банк зүгээр ч нэг дампуурчихсан юм биш. Улстөрийн хэт их сонирхолд дөрлүүлсэн Н.Даваа гуравдагч хүчин гаргаж ирэхийн тулд “Европын сэргээн босголт” банкнаас 900 сая евро босгохоор төлөвлөгөө гаргаж, тухайн үед шийдэх шатандаа явж байсан гэдэг. Гэтэл улстөрийн хүчнүүд үүнийг эрт мэдчихсэн хэрэг. Гэхдээ 2008 оны сонгуульд ялна хэмээн төлөвлөсөн Ардчилсан нам “Сэргээн босголт” банкнаас орж ирэх 900 сая еврод нь шунасан уу, үнэхээр хүмүүст нь найр тавьсан уу Н.Даваа тэргүүтнийг сонгуульд хамтрахыг санал болгосон юм билээ. Гэтэл Н.Даваа нар өөрсдийнхөөрөө улстөр хийнэ хэмээн гүрийчихгүй юу. Тийм ч учраас “Анод”-ын дампуурал хөрс сууриа тавьсан гэдгийг ажиглагчид ярьдаг. Харин тухайн үед гудамжинд улстөр хийж явсан өдгөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Н.Даваа нартай холбоотой ажиллаж байсан гэдгийг өдгөө ч ярьдаг. Тиймээс “Долдугаар сарын 1”- ний хэргийн хөрс суурь эртнээс эхтэй болж таарна. Тухайн цагт О.Магнай, Ж.Батзандан нарын залуусын улстөр хийх мөнгө энэхүү ”Сэргээн босголт” банкнаас орж ирэх 900 еврогийн багахан хэсэг байсан байж болохыг ажиглагчид таамагладаг юм. Харин энэхүү оролдлого бүтэлгүйтэж, “Анод”-ын хэргийг босгохтой зэрэгцээд айсуй сонгуулийн дуун өдрөөс өдөрт ойртсоор байсан цаг. Тиймээс нэгэнтээ гаднын дэмжлэг авах гээд бүтэлгүйтсэн залуусын эцсийн арга хэмжээ нь энэхүү “Долдугаар сарын 1”-ний хэрэг биш үү гэж хардах хүн өнөөдөр олон болжээ. Мэдээж хэрэг тухайн цагт сонгуульд өвдөг шороодсон ах нарын дэмжлэг юу юунаас чухал байсан нь ойлгомжтой. Уг үймээн болохоос өмнө буюу 2008 оны сонгуулийн өмнө “Анод”-ын гүйцэтгэх захирал Д.Энхтөр Ардчилсан намын удирдлагуудаас 40 тэрбум төгрөг нэхэмжилсэн байдаг. Энэ чухам ямар учиртай мөнгө нэхэж байсан хийгээд удтал хэлэлцсэн “Анод”-ын гэх хэрэг энэ засгийн үед шийдэгдэж байгаа нь ч сонирхол татна. Сүүлийн таван жил хэлцэгдэж байсан энэ хэргийг нэг тийш болговол болох хугацаа өнгөрсөн. Гэтэл заавал яагаад Ардчилсан нам засгийн эрх барих үед шуурхай шийдэгдэв гэдэг нь өөрөө олон асуудал дагуулна.
Тиймээс энэ мэт олон асуудлын учиг зангилаанаас, дээрх том хуульчдын шаргуу хөөцөлдөлгөө, сэтгэл зүтгэлээс 2008 оны долдугаар сарын 1-нд гарсан аймшигт үймээний хэргийн учир тодорч магадгүй байна.
С.УУГАНБАЯР