Бизнесийн салбарынхан улс төрд орж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх явдал 1992 оноос эхтэй. Бүр тэд өөрсдийн гэсэн нам байгуулах ч жишиг түгээмэл байв.

 

Яг л тэр үед "Хүннү" компаний захирал асан, өдгөөгийн "Их засаг" сургуулийн захирал Н.Ням-Осор Монголын Үндэсний Эв Нэгдлийн нам, Монголын анхны эмэгтэй бизнесмэнүүдийн нэг О.Заяа Хувийн Өмчтөний нам, бизнесмен Ч.Дөл Чөлөөт Хөдөлмөрийн намыг тус тус байгуулж байсан билээ.

 

"Буян" компаний захирал Б.Жаргалсайханы удирддаг Бүгд Найрамдах Нам, "Эрэл" группийн ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан Эх Орон намууд одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байна.

 

Харин УИХ-ын 1996 оны сонгуулиар тухайн үеийн "Ардчилсан Холбоо" эвсэл буюу одоогийн АН-аас цөөнгүй бизнесмэнүүд нэр дэвшин, өрсөлдөж ялалт байгуулсан юм. "Наран трейд"-ын захирал С.Болдхэт, "Бодь" группийн захирал Л.Болд, "Туул кашмер" компаний захирал Батж.Батбаяр нар эдэн дундаа хамгийн нэр нөлөөтэй нь байв.

 

2000 оноос дахин Засгийн эрх барьж эхэлсэн МАХН ч "Ардчилсан Холбоо" эвслийн туршлагаас суралцан, "ТБД андууд", "Номин Холдинг", "Алтай трейдинг", "Их өргөө", "Хасвуу трейд" гээд олон компаний захирлыг улс төрд хөтлөн оруулсан түүхтэй. 2004 оноос өнөөг хүртэл УИХ-д сонгогдож байсан гишүүд дунд "Ингэт Толгой", "Женко", "Нарантуул", "Монгол шуудан", "АПУ" гээд Монголын бараг бүхий л томоохон аж ахуйн нэгжийн төлөөллүүд байв.

 

Одоо ч "М-Си-Эс" групп, "Женко" групп, "Бодь" групп, "Голомт" банк, "Петровис" групп, "МАК" групп, "Ажнай холдинг" групп, "Монос" групп, "Мон- Уран" компани, "Скайтел" групп, "Шунхлай" групп, "Нью Прогресс" групп, "Техник Импорт" компани, "Бридж" групп, "Монгол тамхи со" компани, "ТВ 5" телевиз, "Отгонтэнгэр" их сургууль, "Хурд" групп гээд Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн үүсгэн байгуулагч, эзэд, томоохон хувьцаа эзэмшигчид бүгд л УИХ-ын гишүүнээр ажиллаж буй.

 

Мөн төрийн бусад албанд өндөр хариуцлагатай алба хашиж буй бизнесмэнүүд ч цөөнгүй. Тэгвэл улс төрд орохоор шийдсэн бизнесийн салбарын дараа үеийнхэн УИХ-ын 2016 оны сонгуулийг хүлээж байна. "М-Си-Эс" группийн томоохон хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очир Баянхонгор аймагт нэр дэвшихээр бүхий л ажлаа жин тан болгосон бол "Болд Төмөр Ерөө гол" уурхайн эзэн Б.Дэлгэрсайхан мөн л МАН-д элсэж, Дорноговь аймагт нэр дэвшихээр бэлтгэж байна.

 

"Макс" группийн Д.Ганбаатар мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж буй бөгөөд нам, эвслүүдийн урилгад дарагдаж буй ч сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх үед л өөрийн хөзрөө дэлгэж магадгүй аж.

 

"Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд УИХ-ын 2016 оны сонгуульд ХҮН-ий намын жагсаалтын 1 юм уу 2-д жагсаж, нэр дэвшихээр яриа хэлэлцээр хийж буй бол хамгийн сүүлд "UFC" группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин Булган аймагтаа нэр дэвшиж магадгүй болсон тул тандалт, судалгаа хийлгэж эхэлсэн талаар эх сурвалж өгүүлж байна.

 

Мөн "Hera holding" компаний захирал ХҮН-аас Сонгино Хайрхан дүүрэгт, "Скайтел" компаний Гүйцэтгэх Захирал Баянгол дүүрэгт ХҮН-аас нэр дэвшихээр ажиллаж эхэлжээ. "Оргил" худалдааны төвийн захирал МАН-аас Баянзүрх дүүрэгт УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших нь бас л тодорхой болсон аж. Ийнхүү улс төрд орж буй шинэ үеийн бизнесменүүдийн нэрс эхнээсээ тодорхой болж буйгийн зах зухаас дуулгахад ийм байна.

 

С.Мандах

http://www.sonin.mn