УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгуульд нэр дэвших сонирхолтой горилогчид шинэ он гарахаас урьдаж бараа, бүтээгдэхүүн тараах ажлаа идэвхтэй явуулаад амжжээ. Тухайлбал, Увс аймгийн Ардчилсан намын дарга, “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл оны өмнөхөн Увс аймгийнхаа нийт сумдаар гурил, будаа тараах ажлыг эхлүүлсэн байна.

Нэг өрхөд гурил, будаа, “Лавшаа” гоймон, чипс, наранцэцэгийн тос, зөөлөн чихэр гээд нэг өрхөд 60 гаруй мянган төгрөгийн бэлэг тараах ажлыг Увс аймгийн Ардчилсан намын гишүүд болон О.Цогтгэрэл захирлын багийнхан зохион байгуулсан байна. Увс аймаг 20 мянга гаруй өрхтэй гэхээр хэдэн зуугаар тоологдох тонн гурил, будаа, их хэмжээний хөрөнгө зарсан нь ойлгомжтой юм.

О.Цогтгэрэл эрхэм ийнхүү аймагтаа хөрөнгө зарах болсон шалтгаан нь 2016 оны сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй нь энэ. Өнгөрсөн оны эхээр аймгийнхаа Ардчилсан намын тамгыг атгаад зогсохгүй, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болон орж ирсэн билээ. О.Цогтгэрэл 2012 оны сонгуульд нэр дэвшихээр зүтгэсэн ч Увс аймгийнхаа намын хорооноос дэмжлэг аваагүй унасан удаатай. Харин энэ жил даагаа нэхэхээр ажлаа эрчимжүүлсэн нь энэ бололтой.

Түүний ах О.Сайнбуян нь төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан том гаруудын нэг юм. Улс төр бизнесийн салбарт дөрөө харшуулан яваа О.Сайнбуян, О.Цогтгэрэл нарын улс төр, бизнесийн амьдрал одтой яваа гэж хэлж болохоор.

Гэхдээ 2016 оны сонгуульд дүү О.Цогтгэрэл ялах, ялагдахаас улс төр, бизнесийн амьдрал нь хэрхэх нь шийдэгдэх учиртай. “Тэсо” корпорацийн эрчүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ойр дотно холбоотой гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй сайн мэднэ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед О.Сайнбуян нь “Эрдэнэс Монгол”-ын захирал, харин дүү О.Цогтгэрэл нь өөрийнх нь эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан гэхээр хэр ойр холбоотой гэдэг нь тодорхой юм. Түүнчлэн энэ үедээ улсын өнгөтэй өөдтэй томоохон төслүүдийг төвөггүйхэн авч байсан гэж учир мэдэх эрхмүүд хэлэх нь бий. Иймдээ ч “Алтангадас” фракцид харьяалагдах “Тэсо”-ийн О.Цогтгэрэл энэ удаа Увс аймгаас нэр дэвших эрхээ төвөггүйхэн авах болов уу. Ах, дүү хоёр ийнхүү улс, төр бизнесийн салбарт хүрээгээ тэлэхээр хөрөнгө цацаж эхэлсэн байна.

Г.Нарангэрэл

Ugluu-logo2015