УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор зарим тойргууд дээр хэн хэн нэр дэвших нь хэдийн тодорхой болжээ.

Тэдгээрээс хамгийн ширүүн өрсөлдөөнтэй байж мэдэх зарим тойргуудын тухай мэдээллийг бид цувралаар хүргэх болно. Сүүлийн үед шинэ төмөр зам төсөлтэй холбоотойгоор гэмт хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулгын хувьд цаашдын улс төр нь нилээн бүрхэг болж буй аж.

 

Прокуророос түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг хэдийн гаргасан ч тодорхойгүй шалтгаанаар УИХ-д хүргүүлээгүй байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын даргыг солих кампанит ажлыг "Женко" Х.Баттулга санхүүжүүлэн эхлүүлж байж магадгүй тухай ч зарим эх сурвалж өгүүлж буй юм.

 

Уг нь Х.Баттулга УИХ-ын 2016 оны сонгуульд намынхаа жагсаалтанд орж, Лу.Болд, Д.Ганбат нарыг Баянхонгор аймагт нэр дэвшүүлэхээр төлөвлөж байсан ч энэ нь боломжгүй болсон. Үүнийг ч мэдэрсэн УИХ-ын гишүүн Лу.Болд өнгөрсөн намраас эхлэн Хан-Уул дүүрэгтээ идэвхтэй ажиллах болсон юм.

 

Мөн Х.Баттулга Баянхонгор аймагтаа нэр дэвсэн ч түүнийг маш ширүүн өрсөлдөөн хүлээж буй аж. Учир нь хоёр жилийн өмнөөс Баянхонгор аймгийн МАН-ын дарга болж, тус аймагт ирж суурьшсан "МCS"- группийн үүсгэн байгуулагчдын нэг, томоохон хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очирын нэр хүнд иргэдийн дунд маш өндөр байгаа юм байна.

 

Баянхонгор аймаг хоёр мандаттай бөгөөд МАН-аас Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, АН-аас Х.Баттулга, Д.Ганбат нар нэр дэвших бөгөөд мөн ХҮН-аас хоёр томоохон бизнесмэн нэр дэвших аж.

 

Л.Элдэв-Очир УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байсан ч мөн л Баянхонгор аймагт нэр дэвшсэн, тухайн үеийн Гадаад Харилцааны Сайд Г.Занданшатар түүнийг Монгол Улсаас Канад улсад суух Элчин Сайдын зөвлөхөөр томилж байсан юм.

 

С.Мандах

http://www.sonin.mn