Чи хүн залуу, эрүүл, гоолиг байхын тулд өдөрт 2 литр ус зайлшгүй уух ёстой гэдгийг хэдэн зуун удаа сонсож байсан. Тэгэх нь зөв гэдгийг ч мэднэ. Гэхдээ л орой унтахаасаа өмнө бодоод үзэхээр сайндаа л 5 аяга шингэн юм ууснаас хэтрээгүй санагдаад байдаг бол энэ тоогоо амжилттайгаар 8 болгож ахиулах хялбархан аргуудыг зөвлөж байна. Эдгээр аргууд чамд тээр дарамт болохгүйгээр, амьдралын хэв маяг дунд чинь гулгаад л орчихно.

Өдөрт уух усныхаа хэмжээг нэмэх 10 зальтай арга

 

1. Өдөрт тодорхой зорилго тавь
Хэрвээ чи өглөөний цай, өдрийн хоол зэрэг дээрээ 5 аяга усыг төвөггүй уучихдаг бол маргаашнаас эхлээд 6-г заавал уудаг болно гэж өөртөө хэл. Ингэх нь шууд 8 болгож өсгөхөөс хамаагүй илүү ойрхон бодитой байх болно. 6 аяга ус ууж сурсан бол түүнийгээ 7, 8, 9 болгож өсгөөрэй. 10 аягаас хэтрүүлээд хэрэггүй. Аяганы чинь хэмжээ 250мл -ээс ихгүй гэдгийг мэдэж байгаа байх.

2. Хэрэглэмээр санагдах усны савтай бол
Тэгээд түүнийгээ өөртөө ойр газар үргэлж байлга. Өнгө, загвар, уух амсар, авч явахад авсаархан байдал, доторх нь харагдах эсэх гээд олон талаараа чамд хийж тавьсан усаа уугаад л баймаар санагдуулах савыг аваарай.

3. Аппликейшнаар хянуул
Waterlogged, Daily water зэрэг үнэгүй аппуудыг татаад аваарай. Тэд чамд ус уух тоолонд чинь одоо ахиад хэр ихийг уух үлдсэнийг болон цаг тутамд “усаа уугаарай” гээд сануулж туслах болно.

4. Усаа жимс, ургамал, ногоогоор баяжуул
Нимбэг, жүрж, усан үзэм, өргөст хэмх, улаан лооль, гааны навч гээд юугаар ч усаа илүү тааламжтай амттай болгож болно. Бонусанд нь чи ашигласан жимсээ дараа нь бас идчихнэ. Өдөрт авах амин дэмийн хэрэгцээндээ ч нэмэр боллоо.

5. Тогтмол үеүдэд уу
Шүдээ угаасныхаа дараа, өдрийн хоолны өмнө, гэрлэн дохион дээр зогсох болгондоо, өглөө сэрэнгүүтээ гэх мэт тогтмол хийж зуршсан зүйлсийнхээ аль нэг дээр нь дандаа ус ууж хэвшээрэй.

6. Соруул ашигла
Соруул ашиглаж байгаа үед ус хүртэл “гангараад явчихна”. Соруулаар уувал чи бага багаар шимсээр, өөрөө ч мэдээгүй байвал 8 аяга усаа уучихаж магадгүй. Хөгжилтэй, гоё өнгийн соруул аваарай.

7. Усаар баялаг хүнс хэрэглэ
Хэрвээ өдөрт уух аяга усныхаа тоог гүйцэж чадахгүй байвал усархаг жимснүүдийг хажуудаа овоолчихож болно. Амттай идэх зүйлийг дэргэдээ удаан байлгаж чадахгүй биз дээ? Гэрээсээ гарахдаа киви, усан үзэм, мандарин, тарвас гээд усархаг жимснүүд цүнхлээрэй.

8. Өдрийн хоолон дээрээ жаахан халуун ногоо нэм
Ходоод эсвэл бөөр нь өвддөг хүмүүс бүү туршаарай. Өдрийн хоолон дээрээ бага зэрэг кимчитэй эсвэл амтлагчтай давсархаг хоол идчихвэл чи өөрөө ч мэдэлгүй араас нь өдрийн туршид их ус уух болно. Гэхдээ энэ аргыг хааяа л хэрэглээрэй.

9. Ундааны оронд хийжүүлсэн ус уу
Кола уумаар санагдах тоолондоо оронд нь хийжүүлсэн ус авч уугаад байгаарай.

10. Хэн нэгэнтэй хамтын зорилго тавь
Хамт ажилладаг “эв санаа нэгтэй” хүнтэйгээ цуг ус уух challenge зарлаарай. Самбар дээрээ 8 стаканы зураг тавиад уух тоолондоо очоод будаад байгаарай. Тэгвэл бие биенийгээ хянаж, бие биедээ сануулсаар илүү ханьтай, хөгжилтэй байх болно.