Арван долоотой байхад (өгүүллэг)
2016/01/17
Алтан гадас одонт зохиолч Жагдалын Лхагва
Манайх Цээлд, Бөөдэйнх Улаандэлд зусч байлаа. Цээлийн тойром нууралчихсанаас хойш тэдний адуу тэмээ усны үнэрээр цувран ирэх болж бид хоёрын уулзаж байх ганц сайн шалтаг босон юм. Бөөдэй ээжтэйгээ хоёулханаа суудаг болохоор тэмээ малдаа өөрөө л явна.
Хааяа унаагаа юүлэх гэж адуугаа тууж ирэхэд нь би уургынхаа хээрийг барьж мордоод хорь хүрэхгүй адууг нь хураан хөндөлсүүлж явсаар барих морийг нь тэгэхээс тэгж адуунаас нь гарган элдээд сүүл дэрлэн дагах хэвтээ дэмтэй сайхан хээрийнхээ дөрөө зуран эргэх яг л тэр агшинд бөхийн цацаж ,сүүлэндээ салхи татуулан зугатаах морины нарийн хоншоороор уургалан эргүүлээд үргэн давхисан адууныхаа хойноос янцгаан тэмүүлэх түүнийг эмнэг уургалсан мэт чухалзуураар нь эрж Бөөдэйг хүлээн зогсоно.
Бөөдэй үсрэн бууж олмоо тавиад, эмээлээ өргөн, мориныхоо нурууг нар харвахаас болгоомжлон салхи оруулж хэсэг сүүдэрлэн зогссоноо хазаараа мулталж инээсээр ирнэ. Морь нь хэсэг тээнэгэлзэн зогссоноо амгайнаас салсан эсэхээ шалгах мэт хэдэн үмх өвс шунаг нь аргагүй хазлан идээд суларсанаа сая үнэмшин санаа нь амарч газар хэвтэн гурвантаа давж хөрвөөнгүүт хөлстэй биедээ наалдсан шороог шилгээн унагаж адууныхаа хойноос янцгаан давхиж одно.
Бөөдэйг морио хазаарлан авахад би цулбуураар нь дагуулж хуйваа явуулсаар өөрийг нь уургалан авна.Хэд хоног үзээгүйд улам хөөрхөн болчихсон Бөөдэй гандсан сатин тэрлэгнийхээ цаанаас үл мэдэгхэн томбойх жаахан хатуу мээмээ чичэргэн инээж хуйвнаас мултрахыг оролдно.Түүний халуун бие сайхан инээд хуйваар дамжин ирэхэд би уургаа алдчих шахдагсан.Энэ бол миний арван долоон насан дахь хамгийн жаргалтай мөч байлаа.
Гэвч энэ маань өглөөдөө үзэгдэх хөвчийн манан адил байжээ.Чойдогын хүү цэргээс ирж, нутаг усны айлуудаар бууж явна гэсэн сураг уснаас ус дамжин,саахалтын бүсгүйчүүд хонинд явахдаа ч гоёж гоодох болов. Нутгийн харчуудыг дандаа л голж, шоолж байдаг "Салхи Янжмаа" гэгч өндөр бор хүүхэн хүртэл : Чойдогийн хар цэрэгт яваад борви нь овоо тэнийгээд ирээ шив гэж магтах аятай байгаа нь түүнийг үнэхээр дориун залуу болохыг гэрчилнэ. Би ч гэсэн түүнийг үзэхийн хүслэн болж байтал ашгүй нэг ирлээ.Тэрээр аавынхаа төхөөрч тавьсан бэсрэг хэрэгсэлтэй боржигон эмээл тохож, шанхалж дэллэсэн өндөр шарга морь унажээ. Нэрийг нь Ойдов гэнэ. Хараар гурав эмжсэн саарал даавуун дээл хөөргөн өмсөж, бор бүрх малгай сагалдрагалаад шажигнасан чимээтэй хороомон гутал өмссөн нь гоёлын дээд бөгөөд өргөн ханхар мөр,тэгш цагаан шүд, шооч байрын хүрэн нүд нь ер сумандаа л би гэж хэлээд байх шиг санагдана. Тэгээд аавтай цэргийн тухай элдэв зүйлийг ярьж "очкоов" хэмээх байг онц буудаж байсан тухайгаа болон цэргийн начин болсоноо яриан завсараа хэлж нутгийн бөхчүүдийг сураглан нуруу цээжээ хөдөлгөнө.
Аав чадлыг нь үзэх гэж оонын хүзүүн гурамсан хуйваа өгвөл цаадах нь сээрдэж жийгээд таслачихлаа. Аав эхлээд төдий л тоохгүй байснаа хуйвыг нь таслачихаар их л сэргэн галуу хүзүүт гарган дайлж, жирэг тоглонгоо тасарсан хуйваа байн байн харж толгой сэгсэрч байлаа.
Тэр үед би бууны дон болж байсан болохоор яаж онц буудахыг үзэх гэж хатган оролдсоор гадаа гарч бай буудацгаавал Ойдов хөсрий чөмөгний толгой тас буудаад "очкоов" бай үүнээс ч нарийн гэж хөөрөв. Үнэхээр бахтай эр байлаа. Ойдовынх бас Улаандэлд. Түүнийг манайхаар буугаад мордсоноос хойш Бөөдэйн адуу тэмээ нууранд ирэхээ больчихов. Би нуур руу өдөржин дурандаж хонгор азаргатай адуу,соёо шар аттай арваад тэмээг харуулдан ,цээжин биеэ чичиргэн инээдэг хөөрхөн Бөөдэйгөө мөрөөсөн суухдаа Ойдов хархүү үүр цүүрээр Улаандэлийн усан дээр очоод Цэмбэл авгайн хамаг малыг услачихаад байгааг яахин мэднэ.
Басхүү Бөөдэйг унаагаа юүлэх болоход нь над шиг сүр бадруулалгүй, ухасхийн өлгөж бариад өөрөө буун хазаарлаж өгдөгийг нь мэдэхгүй л байлаа. Ийм байдлаар хагас сар болоход би тэссэнгүй. Нэг өдөр айлын адуунд байсан даагатай гүү авч ирэх далимаар Улаандэл орж хэргээр орой болгож Бөөдэйн адууг бэлчээрээс нь тууж Цээлийн нууранд авч ирчихээд маргааш нь Бөөдэйг ирнэ гэж нуурын баруун овоон дээр харуулдан суутал Ойдов хархүү алаг морьтой давхиж ирээд хөөгөөд явчихлаа.Тэдний мал удтал нууранд ирээгүй учирыг би сая л гадарлаж чичигнэн инээдэг хөөрхөн Бөөдэйг минь хулгайлан хөөгөөд явчихаж байгаа юм шиг хойноос нь удтал ширтэн зогсохдоо Ойдовын эрдэм чадал ,сайн сайханд хязгааргүй атаархаж байгаагаа мэдэв.Тэгээд хэнхдэг дотор зүрх байдаг гэдгийг анх удаа ухаарч, эмзэглэн байгааг нь мэдрэхүй дор мориндоо үсрэн мордож буруу зөвгүй ташуурдан салхи сөрөн давхив. Давхисаар нэг өндөрлөг дээр гараад хөлс нь хар туурайгаа сэтлэн урсаж, хөх мах нь чичрэн зогсож байгаа морио гэнэт ихээр өрөвдлөө. Мориныхоо амьсгааг даран овоон дээр зогсохдоо,цаашид юу хийхээ боловсруулан Ойдовын энэ сайхан бүхэн нь цэрэгт алба хаасны л ач гэж өөрөө өөртөө батлаад, насаа нэмж байгаад ч хамаагүй энэ жил цэрэгт явчихъя гэж хатуу шийдэж билээ.
Тэнд очоод "очков" байг нь онц буудаж "борви тэнийж" ирээд Цэмбэл хөгшинийд бууна. Тэгээд сумын наадам дээр Ойдовыг хаячихаад урт түрийтэй шинэ хороом гутлаа шажигнуулан дэлж Бөөдэйн хажуугаар харалгүй өнгөрнө дөө гэж бодоход сэтгэлийн тээг сэмрэн, ярс ярс алхлан яваа цэрэг эрчүүдийн жагсаалд орчихсон юм шиг хөгжилтэй сэргэлэн болов оо.
Ц.Батжаргал-Монгол Эмэгтэй
Зочин · 2016/01/20
хоорхон огуулэг байна.
Зочин · 2016/01/18
nice