Монголын төр нефть импортлогчдын өмнө хүчгүйдлээ гэх шүүмжлэл өрнөсөөр ирсэн. Үнэндээ импортлогчдын авирыг дийлж чадахгүй байсан хойно инфляциа ч 15 хувьд хүргээд алдчихсан.

Харин шинэчлэлийн Засгийн газар болон Монголбанкны шинэ удирдлагууд хамтраад нэгэнт алдсан инфляцийг эргүүлэн барихаар ажиллаж байна. Аравдугаар сараас эхэлсэн “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах Дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк нефть импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгосон. Үүний ч үр дүн гарч эхэлж байна. Статистик мэдээллээр инфляци өнгөрсөн нэгдүгээр сард 1.8 хувиар өсчээ. Үүний өмнөх жилүүдийн нэг, хоёрдугаар сард инфляци 2.8-3 хувиар өсч байсан юм. Харин нефть бүтээгдэхүүний үнэ оны өмнө литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдэхээр байсан ч ердөө 50 төгрөгөөр өсөв. Энэ утгаараа үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөн гэж шинэчлэлийн Засгийн газар үзэж байна. Нэг ёсондоо шинэчлэлийн Засгийн газар Монголбанктай хамтран нефтийн үнийн дарамтыг дарснаар инфляцийг бууруулж эхэллээ. Инфляци цаашдаа ч буурна гэсэн хүлээлт үүсчээ. Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжээгүй байсан үед нефтийн үнээс болж инфляци хэрхэн хөөрөгдөж байсныг эргэн сануулж байна.

2009 ОН: ИНФЛЯЦИ 30 ХУВИЙГ ДАВСАН ЖИЛ

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн жил. Хямралын нөлөөгөөр мөн оны гуравдугаар сард ам.долларын ханш хар зах дээр 1700 төгрөгт хүрч, монгол төгрөг үнэгүйдэж байсан. Үүнийг дагаад нефть бүтээгдэхүүний үнэ ч бас өсөж байв. Долоодугаар сард нефть бүтээгдэхүүний үнэ төрөл тус бүрдээ 30-90 төгрөгөөр нэмэгдэж байсан. Тухайн үед А80 автобензин литр нь 1020 төгрөг байж байгаад 1110, АИ92 1120-1210, дизель түлш 1220-1250 төгрөг болж нэмэгдэж байв. Инфляцийн өсөлт хяналтаас алдагдаж эхэлсэн тул Монголбанк бодлогын хүүгээ 14 хувьд хүргэж чангалсан. Үүний үр дүн байж ч болно. Эсвэл угаасаа дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө ч байсан байж болох юм. Ямартай ч 2009 оны эцэст инфляци -1.3 хувьтай гарсан. Өмнөх жил буюу 2008-2009 онд улсын эдийн засгийн өсөлт анх удаа хоёр оронтой тоонд хүрч төр засгийнхан “хэнээрхэж” байсан нь ийнхүү ганцхан жилийн дотор орвонгоороо эргэж, өндөр өсөлт нь бууралт болон хувирсан байдаг. Энэ үед нефть бүтээгдэхүүний үнэд төр ямар нэгэн зохицуулалт хийдэггүй байсан гэхэд болно. ОХУ хилийн үнээ нэмэх, эсвэл хасах болгонд шатахууны жижиглэнгийн үнэд өөрчлөлт ордог байсан билээ. 2009 оны хувьд хямралын нөлөөгөөр түүхий нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсан. Гэсэн хэдий ч дотоодод үнэ өссөн нь үгсэн хуйвалдааны шинжтэй гэх хардлага үүсч байв.

2010 ОН: БЕНЗИНИЙ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАРИВ

Засгийн газрын тогтоолоор Газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварт өөрчлөлт оруулдаг байхаар зохицуулалтад шилжсэн. Ингэснээр 2010 оны дунд үеэс 2011 оны хагас хүртэл нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ дотоодын зах зээл дээр тогтвортой байлаа. Мөн оны тавдугаар сард үнэ нэг удаа нэмэгдсэн. Ингэснээр А80-1160, АИ92-1280, дизель 1350 төгрөгийн үнэтэй болсон. Хэдийгээр одоо байгаа үнэтэй харьцуулахад харьцангуй бага боловч тухайн үедээ энэхүү өсөлт инфляцид мөн л хүчтэй нөлөөлж байсан. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2010 оны тавдугаар сард хэрэглээний үнийн улсын индекс буюу инфляци сарын дотор 3.2 хувиар өсч байжээ. Харин жилийн эцэст 13 хувьтай гарсан. Гэхдээ энэ жилийн тухайд инфляцид шатахууны үнийн өсөлтөөс гадна бэлэн мөнгөний тараалт чамгүй “дэм” үзүүлсэн. Намуудын амлалт 2010 оны хоёрдугаар сараас эхлэн хэрэгжиж эхний удаад иргэн бүрт нэг удаа 70 мянган төгрөг олгосон. Үүний нөлөөгөөр тухайн үед кг нь 2500-3000 орчим төгрөгт хэлбэлзэж байсан махны үнэ 4000 төгрөгийг давсан  удаатай.

2011 ОН: ДИЗЕЛИЙН ХОМСДОЛ НҮҮРЛЭЛЭЭ

Монголчууд өөрсдөө нефть боловсруулах үйлдвэртэй болох хэрэгтэй юм байна гэдгийг төр засгийнхан ойлгосон жил гэж болно. Гэхдээ тэглээ гээд нефть боловсруулах үйлдвэрийг барихад тийм ч амархан биш. Ямартай ч өмнөх Засгийн газар тэр үед Дархан-Уул болон Дорноговь аймгуудад нефть боловсруулах үйлдвэр барихаар шав тавьсан. Харамсалтай нь одоо тэдгээр үйлдвэрүүдийн сураг ч алга. Тавдугаар сарын 1-нээс эхлэн ОХУ дотооддоо шатахууны хомсдолд орж, гадаад улсууд дахь экспортоо зогсоосон. Хэдийгээр тухайн үед ОХУ-оос “экспортын хориг Монголоос бусад улсад үйлчилнэ” гэж байсан ч импортлогчид тавдугаар сарын 3-ны өглөө гэхэд бензин, түлшнийхээ үнийг литр тутамд 90 төгрөгөөр нэмсэн. Цаашилбал, АИ92 автобензинийг хязгаартайгаар олгож, дизель түлшийг зөвхөн карт, талоноор олгож эхэлсэн. Дизель түлшний үнэ тавдугаар сарын эцэст 1710 төгрөгт хүрч, автобус, таксины үйлчилгээний үнэ нэмэгдсэн. Засгийн газрын гишүүд Хятад, Солонгос руу бензиний “бадар барин” гүйсний хүчинд долоодугаар сараас эхлэн үнийг бага зэрэг буулгасан. 2011 оны эцэст дизель түлш 1510, АИ92 1390, А80 1310 төгрөгөөр зарагдаж байв. Бензин, шатахууны үнэ 310 төгрөгөөр нэмэгдээд, эргэж 250 төгрөгөөр буурсан юм.

2012 ОН: АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙН ӨСӨЛТ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ӨСГӨВ

Ам.долларын ханш жил бүрийн эхэнд бага зэрэг өсдөг жамаа дагаж, энэ удаад 1400 төгрөгт хүрсэн нь нефть импортлогчдын үнэ нэмэх шалтгаан болов. Хоёрдугаар сард импортлогчид үнээ нэг өдрийн дотор нэгэн зэрэг 260 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тухайн үед Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал үүнтэй холбоотойгоор 2009 оны хямралын үеийг импортлогчдод сануулж байв. Учир нь ам.долларын ханш өсч, улмаар шатахууны үнэ огцом өссөнд улстөрчид Монголбанкийг буруутгаж байсан юм. Харин Н.Золжаргал захирал “2009 оны хямралын үед ам.доллар 1600 төгрөгт хүрч байхад шатахууны үнэ 30-90 төгрөгөөр нэмэгдэж байсан. Энэ удаад 1400 төгрөг болж байхад яахаараа 260 төгрөгөөр нэмэгддэг юм” гэж байлаа. Ямартай ч нефть импортлогчдын дураар авирласны уршигаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ оны эхний гурван сарын дотор 7.8 хувиар өссөн. Улмаар 2012 оны аравдугаар сар гэхэд инфляцийн өсөлт инерцээрээ явсаар 15 хувьд хүрсэн. Нефть импортлогчид үнийг үндэслэлгүйгээр, үгсэн хуйвалдаж нэмсэн гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоож, 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Гэсэн хэдий ч импортлогчид өнөөг хүртэл уг торгуулийг төлөөгүй байна.

2013 ОН: ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛЛАА

Шинэ он гарсаар хоёр дахь сар дундаа орж байна. Инфляци өмнөх жилүүдтэй харьцуулахад тун боломжийн буюу 1.8 хувьтай гарсныг дээр дурьдсан. Монголбанк, Засгийн газрын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд импортлогчдод 93.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Яг энэхүү зээлийг шийдэж, олгож байх явцад ОХУ экспортын татвараа хоёр ч удаа нэмэгдүүлчихээд байсан. Арваннэгдүгээр сард “НИК”-ийнхэн хамгийн түрүүнд үнээ өсгөхөөс өөр аргагүй болсноо мэдэгдсэн хэдий ч тэгсхийгээд намжсан.

Оны өмнөхөн бензин, шатахууны үнэ төрөл тутамдаа литр нь 50 төгрөгөөр нэмэгдсэнийг монголчууд тийм ч хүндээр тусгаж авсангүй. Учир нь ямар нэгэн дэд хөтөлбөр байхгүй байсан бол үнэ 250 төгрөгөөр нэ-мэгдэхээр байсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай мэдэгдсэн. Шатахуунаас гадна Засгийн газар, Монголбанк хамтраад мах, гурилын үнэ дээр тусгайлсан дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үндсэндээ инфляцид хамгийн их нөлөөлдөг гол гурван суваг дээр тулж ажиллаж байна гэсэн үг. Түүнчлэн Замын-Үүд дэх хилийн гацаа зэрэг асуудлыг шийдэж, тээврийн зардлыг багасгалаа. Ингэснээр ойрын үед инфляци буурна гэсэн эерэг хүлээлт үүсээд байна. Монголбанкны зүгээс инфляцийг оны эцэст найман хувьд барих зорилго тавьсан. Цаашилбал, инфляцийг бууруулснаар зээлийн хүүг бууруулах гэх мэт томоохон ажлуудыг төлөвлөөд байгаа. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр сүүлийн хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нөөц хоёр дахин, тэр дундаа АИ-92 бензиний нөөц 3.1 дахин нэмэгдсэн гэх мэдээллийг Засгийн газраас өгч байна. Түүнчлэн Монгол Улс дотооддоо бензин, шатахуунаа хангачихдаг болсон цагт дэд хөтөлбөрийг зогсооно гэж Монголбанкныхан мэдээлж буй. Үүнээс үзэхэд ойрын хэдэн жилдээ монголчууд бензиний үнэ өсөх вий гэж айх хэрэггүй болж буй бололтой.

Л.Энхдэлгэр