УИХ-ын намрын чуулган завсарласан тул Төрийн ордон эл хуль оргиж, хон­гилоор нь холхиж байдаг улстөрчид сураггүй. Өчигдөр шинийн 8 то­хиосныг  хэлэх үү,   улс­төрчид ч гэсэн нүгэлт хүмүүн заяатан болохоор Гандан хийдээр орсон шигээ усан Могой жилийнхээ заслыг хийлгэж, хонх дам­рын дуу сонсож явснаас зайлахгүй.

Хоёрдугаар давх­рын хон­гилоор ал­хаж явснаа Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаярын өрөөний хаалга онгорхой харагдахаар нь сонирхон ша­гайвал мань эр ханхай­гаад ганцаараа сууж байлаа. Эрхэм  зөвлөхтэй мэнд  амраа мэдэлцэн золгож, Могой жилийн анхны ярилцлага авснаа хүргэж байна.

 

-За та Луу жилээ тавтай үдэж, Могой жилтэй тавлаг сайхан золгов уу?

-Миний хувьд Луу жил нэлээн бужигнаантай, их завгүй болж өнгөрлөө. УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч энэ удаа сонгогчдын маань сонголт өөр байлаа. Энэ нь улстөрч хүний хувьд өөртөө дүн шинжилгээ хийх, ирээ­дүйгээ тодорхойлох цаг хугацаа өгч байна гэж ойл­гон хүлээж авсан. Өнгөрсөн өвлөөс Ерөнхий сайдын санал болгосноор спорт, аялал жуулчлал ха­риуцсан зөвлөхийн ажил хийгээд явж байна.



-УИХ-ын гишүүнээс буугаад нэг хэсэг ажилгүй, гэртээ хүүхдээ харсан шиг суусан байх шүү?

-Тэгсэн тэгсэн. Ажилгүй ч юу байх вэ.  Хийж чадах юм байвал эхнэртээ тус болсон шиг, хажуугаар нь аавын үүрэг гүйцэтгээд хэсэгхэн байх чинь харин ч амралт шахуу болдог юм билээ. Дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллачихаад хэдэн сарын дараа Ерөнхий сайдтайгаа нэг баг болоод ажиллахад сайхан л байна. Ивээл жил болохоор Могой жил буян хишгээ хайрласан сайхан жил болох байх гэж бодож байна.



-Цагаан сарын золголтоо Монголдоо хийв үү?

-Хөгшчүүл маань Япон, Солонгост байгаа болохоор тэд нараараа ээлжлэн очиж золгон, тэр хавиар байж байгаад шинийн 3-нд ирсэн. Хоёр талын ах дүү, хамаатан саднууд маань энд олон байгаа болохоор өчигдөр оройг хүртэл золголт үргэлжилж, айл хэсч, бууз идэх  шив дээ. Тэгээд  шинийн 8-нд ажилдаа ирсэн чинь энэ хавиар улс амьтан цөөвтөр л байна.



-Энэ өрөөндөө ганцаараа суудаг юм уу. Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа хоёр, гурван ч туслахтай байсан хүн одоо бүх ажил толгой дээр ирэхээр зарим нэг хүндрэл, бэрхшээл гарч байна уу?

-УИХ-ын гишүүн гэдэг бол олон талын их хариуцлагатай ажил.Тийм ч учраас янз бүрийн бичиг цаасны ажил ихтэй л дээ. Тэр утгаараа хоёр, гурван туслахтай байсан. Одоо бол Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд, бас нэг баг болж ажиллаж байгаа тул ихэнх ажлаа өөрөө л нухна шүү дээ. Зөвлөхүүд дундаа ганц туслахтай болохоор бичиг цаасны ажлаа өөрөө л хийх шаардлагатай болдог юм.

 

Нэг ёсондоо хариуцлага хоёр дахин өндөрссөн гэсэн үг. Гишүүн байхад хааяа нэг 10:00 цаг хүртэл унтчих үе байдаг л байсан. Харин одоо өглөө бүр 08:00 цагаас эхэлдэг шуурхай дээр яг л гозойгоод байж байх ёстой. Тэгээд ч  Н.Алтанхуяг  сайд маань маш их эмх цэгцтэй, цагийг тун нямбай баримталдаг хүн болохоор дор нь ажиллаж байгаа бид ч мөн тийм л байх учиртай.



-Одоохондоо УИХ-ын чуулган завсарлачихсан байгаа болохоор ажлын ачаалал  бага байна уу?

-Өө тийм юм байхгүй шүү дээ. Тэгээд ч Ерөнхий сайд маань энэ дөрвөн жилийг амрах эрхгүй өнгөрүүлнэ гэдгээ зарласан шүү дээ. Ажил  жинхэнэ оволзож байгаа гэж ойлгож болно. Одоо мөдхөн газар гэсээд, ажил ундраад эхлэхээр гэртээ харьж хонохгүй өдөр ч олон гарах байх.



-Саяхан Ерөнхий сайд эмнэлгүүдээр явахад өөрөө дагалдан явж нэлээд идэвхтэй ажиллаж харагдсан. Зарим мэдээллийн хэрэгслээр өөрийг тань “Ерөнхий сайдын өрхийн эмнэлэг хариуцсан зөвлөх” гэсэн алдар хайрласан байна лээ?

-Хэд хэдэн зурагтаар гарч байхыг нь харсан л даа. Тэр бичлэгүүд дээр голдуу өрхийн эмнэлгээр явж байх үеийн бичлэг гарсан болохоор манай хэвлэлийнхэн тэгж наргисан байлгүй дээ. Би УИХ-ын гишүүн байхдаа Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагддаг байсан болохоор эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг гайгүй сайн мэднэ л дээ.


“Эрүүл мэндийн даатгалын тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” гээд олон хуулийн ажлын хэсэгт ажиллаж, эдгээр хуулиудыг батлалцаж явсны хувьд эрүүл мэндийн салбар надад их ойр гэж бодож явдаг.



-Хэдхэн жилийн өмнө шиг санагдаж байна. Өөрөө нэлээн том эмнэлэг барих санаатай хөөцөлдөөд яваа дуулдсан. Тэр ажил юу болсон бэ?

-Уг нь 500 ортой, хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Улаанбаатарт байхгүй эмнэлэг босгочих санаатай нэлээн гүйсэн. Тэр эмнэлэгтээ ажиллуулах олон эмчийг Японд аваачиж, нарийн мэргэжлээр сургасан. Олон сая ам. долларын үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, унаа машиныг найз нөхөд, танил талын хүрээгээ ашиглан оруулж ирсэн.


Ер нь Япон, Монголын эрүүл мэндийн салбарыг ойртуулах, эмч нарын мэдлэг чадварыг харилцан солилцуулахад өөрийн зүгээс багагүй ажил хийж, амжуулсан гэж боддог. Яг тэр эмнэлгийн хувьд газар олдоогүй. Олдсон газар нь хотын төвөөс дэндүү зайтай зэрэг асуудал их байсан.  



-Эрүүл мэндийн салбар гэснээс танай гэр бүлийн мэдэлд хувийн эмнэлэг байдаг гэж сонссон. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Эмэгтэйчүүдийн чиглэлээр дагнан ажилладаг бага шиг эмнэлэг бий. Ер нь хувийн эмнэлгийг жинхэнэ зөв голдрилоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Өнөөдөр бодит амьдрал дээр эмч нар өглөө нь улсын эмнэлэгт ажиллачихаад орой болохоор хувийнхаа эмнэлэгт ажиллаад гүйгээд байгаа. Эндээс маш олон ойлгомжгүй, замбараагүй байдал үүсч байгаа нь хэнд ч ойлгомжтой.



-Шинэ төгссөн эмч нар хувийн эмнэлгүүдэд дадлага хийж 2-3 жил болоод улсын эмнэлэг барааддаг гэх юм. Эндээс үзвэл хэдэн жил хүний амиар дадлага хийдэг болж таараад байгаа юм?

-Яг ч хүний амиар дадлагаждаг гэх нь хаашаа юм. Өнөөдрийн байдлаар 960 гаруй хувийн эмнэлэг ажилладаг гэсэн тоо байгаа. Ерөнхий сайд эдгээр эмнэлгийн ажил байдалтай танилцсан нь юу юугүй бүгдэд нь тохиолдоод байгаа асуудлыг шийдээд, машин тэрэг,техник тоног төхөөрөмжөөр хангах гээд байгаа юм биш. Хамгийн гол нь иргэд маань эмнэлгийн анхан шатны тусламжийг чирэгдэлгүй авдаг, эмч нарынх нь мэдлэг,чадвар өнөөдрийн түвшинд ойртсон байхыг сануулж, шалгаж  яваа ажил юм.  



-Яг үнэндээ Монголын эрүүл мэндийн байгууллага системийн хувьд ялзралд орж, өдөр хоногийг арай ядан аргацаан өнгөрүүлж яваа юм биш үү. Амьдрал дээр ядуу, борчууд нь Монгол эмнэлэг бараадаж, таны мэтийн боломжтой, хөрөнгө, мөнгөтэй хүмүүс Бээжин, Сөүл, Сингапур нисч очоод эмчлүүлдэг стандарт тогтчихсон шүү дээ?

-Хатуухан ч гэсэн үнэн л дээ.Гэхдээ би ихэвчлэн Монголдоо л биеэ үзүүлдэг. Эрүүл мэндийн салбар системийн хувьд гацчихаад байгаа нь ч үнэн. Үндсэн системээр нь солих шаардлагатай болчихоод байна. Монгол хүн, эмнэлэг, эмч нар нь бүгдээрээ ямар нэг өвчнийг шууд л тариа тарьж эмчлэх ёстой гээд бүр ой тойндоо шингээчихсэн. Ямар нэг өвчин туссан өвчтөн ч “Энэ эмч яагаад намайг тарихгүй байна.

 

Аль эсвэл намайг алах гээд байна уу” гээд бүр харддаг болчихсон.Энэ бол маш буруу систем. Гадны хөгжилтэй орнуудад тариаг бүр эцсийн хэрэглэгдэхүүн болгож, найдваргүй шахуу болсон үед л хэрэглэдэг. Хамгийн эхлээд нийт хүн амаа эрүүлжүүлж, эрүүл мэнддээ онцгой анхаарал тавьдаг болгож хэвшүүлэх хэрэгтэй байна. Зөв зохистой хооллолт, нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлт, тэгээд дараа нь эмийн эмчилгээ байх ёстой юм.

 

Эмийн эмчилгээ гэхэд л анхан, дунд, хүчтэй гэсэн ангилал байдаг. Манайд бол шууд л хамгийн хүчтэй тариагаар балбаад эхэлдэг. Энэ нь эргээд монгол хүний удмын сан, генийн дархлаанд маш муугаар нөлөөлөөд эхэлчихсэн. Тариагаар бөмбөгдөж байгаа одоогийн эмчилгээний арга барил нь ялангуяа монгол хүний дундаж насжилтанд маш муу үр дагавартай.

 

Эхлээд хүчтэй тариагаар бүх биеийг нь сийччихээр  яваандаа ямар ч тарианд дийлдэхгүй болж, хайртай дотны хүмүүс маань та бидний нүдэн дээр амь гуйн бүлтэгнэсээр байгаад л хорвоогоос буцаж байна шүү дээ. Иймд  энэ байдлыг нэн яаралтай үндсээр нь өөрчлөх шаардлагатай байгаа юм.



-Мань мэт нь учрыг олдоггүй бас нэг айхтар асуудал нь эрүүл мэндийн даатгал гээч байна л даа?

-Яах аргагүй үнэн. Өнөөдөр эмч хүн өвдсөнийхөө дараа  даатгалын мөнгөө олж авах гээд хэд хоног хөөцөлдөөд авч чадалгүй хаясан тухайгаа надад ярьж л байсан. Эрүүл мэндийн даатгалын систем  угаасаа буруу яваад байгаа. Бид нар баахан худлаа ярьж байхын оронд эрүүл мэндийн даатгалын систем нь дэлхийд гайхагддаг Япон, БНСУ-ын эрүүл мэндийн даатгалын системийг тэр чигээр нь оруулаад ирмээр байгаа юм.

 

Яах вэ Монголын онцлогт тохируулаад бага зэрэг засч янзлаад, болж өгвөл тэр чигээр нь л хэрэгжүүлчихмээр байгаа юм. Би 10 гаруй жил Японд амьдарсных тэдний эрүүл мэндийн даатгалын систем  ямар гайхалтай, хүний төлөө хэрхэн зохицон ажиллаж чаддагийг дэндүү сайн мэднэ. Яг өнөөдөр бол Монголын эрүүл мэндийн салбар маш хүнд байдалтай байгаа шүү.



-Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэх шахаж  байхад хоёр ширхэг имарай аппарат суурилуулсан, хотын төвд баригдаж байгаа том эмнэлгийг  оффис болгох гэж зүтгээд байгаа Х.Тэмүүжин сайдын ажлыг та юу гэж дүгнэж байна?

-Нуулгүй хэлэхэд би эхэндээ Х.Тэмүүжин сайдыг эсэргүүцэж байсан. Тэгээд асуудлын гүнд нь ороод эмнэлгүүдээр яваад газар дээр нь байдалтай танилцсаны дараа миний бодол өөрчлөгдсөн. Гол асуудал нь тэр хоёр имарай аппарат, байшин савандаа биш юм билээ. Ерөөсөө л хэн дуртай нь нэг амбаар, сав барьж аваад ард түмнийхээ эрүүл мэндээр бизнес хийх гээд байж таарахгүй л дээ.

 

Тэгж яривал   эмнэлгээ үнэтэй тоног төхөөрөмжтэй нь бага багаар хувьчлаад авчих санаатай эмч нарын бүлэглэл байхыг ч үгүйсгэхгүй. Асуудлыг олон талаас нь их ул суурьтай харах ёстой юм.



-Та 2008 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д өрсөлдөж байхдаа  баахан хүнийг  Японд явуулна гэж амлаж байж ялалт байгуулсан. Гайгүй хэдэн хүн явуулсан  ч байх. Тэр ажил ер нь юу болсон бэ?

 -Тоог нь одоо яг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн 400-аад хүн болж байсан үеийг л санаж  байна. Түүнээс хойш ч олон хүн гаргасан. Харин тэр хүмүүс өнөөдөр бүгдээрээ буцаад ирчихсэн.



-Гэрээ контракт нь дууссан хэрэг үү?

-Үгүй үгүй. Цунами болж Фүкишимагийн атомын станц дэлбэрснээс болоод гадны улс орнууд иргэдээ татаж авсны хамгийн эхэнд  монголчууд  яарч сандарсаар ирцгээсэн. Одоо тэр гамшгийн аюулыг зайлуулах, далан суваг барих гээд маш их ажил өрнөж, ажиллах хүч  дутагдаж байгаа. Япончууд одоо ч надаас ажиллах хүч нэхсээр л байна.

Миний хувьд маргааш ч гэсэн хэдэн зуун хүн Япон руу явуулчих боломж байж л байна. Гэхдээ гэр бүл салж сарнидаг айхтар том асуудал сэтгэл зовоогоод хөдөлж болохгүй юм.   



-Хоёулаа баахан эмнэлэг, эрүүл мэнд ярьчихлаа. Одоо ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Таны хоёр бага хүүхэд ингэхэд хаана төрсөн бэ?

-Эхнэрээ Японд л аваачиж төрүүлснээс зайлахгүй гэж хардаад байна уу. Үгүй шүү хө. Миний бага хүү, охин хоёр Монголдоо төрсөн. Сонин дээр Кёкүшюзан Батбаярын  хүү нь Японд, охин нь Солонгост төрсөн гээд шал худлаа бичсэн  байсан. Харин та худлаа юм битгий бичээрэй. Хүү маань ЭХЭМҮТ-д, охин минь “Гурван гал” эмнэлэгт Монгол Улсын гавьяат эмч Б.Бүлтэнгийн гар дээр мэндэлсэн.



-Монголчууд их багагүй дуунд дуртай гэж жигтэйхэн. Энэ асуултыг таны эхнэр Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгаланд л зориулж тавих гээд байна л даа. Ер нь эхнэр тань дахиж дуулах болов уу?

-Дуулалгүй яах вэ /Инээв/. Тэр хүн эрх чөлөөтэй өөрийн гэсэн бодол ухаантай, хэнээс ч хараат бус биеэ даасан хүн шүү дээ. Зарим хүмүүс тэр  Батбаяр л тас тэвэрч хэвтчихээд Баясгаланг дуулуулахгүй  байна гэж боддог шиг байгаа юм. Ард түмэн маань хүлээж ч байгаа байх. Дуулна аа, дуулна. Гэхдээ эмэгтэй хүн дандаа тайзан дээр байгаад байж болдоггүй зовлон бас байна шүү дээ.

 

Миний хань хоёр хөөрхөн үрийг минь гаргаж, үр хүүхдээ өсгөж, хажуугаар нь намайг бөөцийлж, өнгөрсөн хугацаанд гэртээ суусан. Гэхдээ би гайхдаг юм. Үнэхээр дайчин, хөдөлмөрч, маш зоригтой хүн шүү дээ. Эхнэрээ магтсан эр тэнэг ч гэнэ үү юу гэдэг билээ дээ, нэг үг байдаг байх аа. Би бол тэрийг ёстой огт тоодоггүй.

 

Яадаг юм, миний хань энэ олон ажлыг амжуулж хийгээд, үр хүүхдээ өсгөөд хэн хүний туулаагүй амьдралаар гялалзтал амьдарч яваа сайхан монгол бүсгүй юм чинь би магталгүй яах юм. Эмнэлэг, телевиз, кино, тэгээд дээр нь өчнөөн олон ажил байгаа. Энэ бүгдийг хэнээс ч дутуугүй аваад явж байгаа гайхмаар хөдөлмөрч хүн дээ, миний хань.



-Саяхан бас нэг кино хийсэн гэж сонссон?

-Өнөөдөр/өчигдөр/ орой “Тэн­гис” кино театрт “Сарны гөлөг” киноныхоо нээлтийг хийх гээд гүйж яваа даа хань минь. Сайн дуучдыг харж байхад  70 гартлаа дуулаад л явж байх юм. Миний хань шиг хөдөлмөрч, дайчин хүн ямар ч гэсэн төдий насан дээрээ  дуулж л явах байлгүй дээ.