УИХ-аас ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хуулийг баталж, мөн зээлийн хүү найм байсныг тав болгон бууруулна хэмээн эрх баригчид мэдэгдээд байгаа. Ипотекийн зээл хууль батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ гэсэн авч одоо хүртэл арилжааны банкууд зээлгээ гаргаж эхлээгүй, таван хувийн зээл хэзээ хэрэгжих нь ч тодорхойгүй байгаа юм.

Одоо найман хувийн зээлтэй байгаа болон шинээр ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй энэ асуудлаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар тайлбар хийхдээ ирэх дөрөвдүгээр сараас таван хувь руу шилжинэ гэсэн байна. Төв банк ипотекийн зээлийн хүүг бууруулахаар Засгийн газар болон арилжааны банкуудтай хамтран 16 журам, гэрээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Гэрээ, журмыг өөрчлөх явц дөрөвдүгээр сарын орчимд дуусах төлөвтэй байгаа бөгөөд тэр үеэс олон нийтийн хүлээж буй таван хувийн зээл сая хэрэгжиж эхлэх бололтой.

Б.Энх

newscom.mn