Татварын хувиа буцаан авах иргэдэд таван хоногийн хугацаа өглөө
2016/02/15
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн дагуу иргэд анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн бакалаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг билээ.
Тэгвэл татварын тайлан хүлээн авах эцсийн хугацааг энэ сарын 15-ны дотор байсан бол 20-ны өдөр хүртэл сунгасан талаар Гааль,татварын ерөнхий газраас мэдээлэв. Мөн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайланг ч ирэх баасан гаригийг дуустал авахаар болжээ.
Нэгдүгээр сарын нэгнээс эхэлсэн татварын хөнгөлөлтийн материалыг хүлээн авах хугацаа дуусахад таван хоног үлдсэн тул татварын хөнгөлөлтөө авах иргэд яараарай гэдгийг сануулж байна.
Өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд нийт 71 мянган 493 иргэн, 44.1 тэрбум төгрөгийг төлсөн татвараасаа буцаан авсан бол энэ жил ойролцоогоор 82 орчим мянган иргэн татварын хөнгөлөлт эдлэх урьдчилан тооцоолол гарчээ.
Жил ирэх тусам татварын хувиа буцаан авах иргэдийн тоо өсч байгаа аж. Өнгөрсөн онд нийт 3011 иргэн хоёр тэрбум 300 сая төгрөгийг татварын хөнгөлөлт хэлбэрээр авсан байна. Харин Сүхбаатар дүүрэгт татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн тоо жил ирэх бүр нэмэгддэг аж.
Энэ жил татварын хөнгөлөлт эдлэх иргэдийг төөрөгдүүлсэн нэг асуудал нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэдгийг албаны хүн онцлов. Уг хууль хэрэгжиж эхлээд орлогын эх үүсвэрээ тайлагнах шаардлагагүй болсон гэж ойлгох иргэд байна. Гэвч тус хуульд зааснаар өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сараас хойш шинээр орон сууц худалдан авч, байшин барьсан иргэд заавал орлогынхоо эх үүсвэрийг баримтаар баталгаажуулах шаардлагатай юм. Харин 2015 оны дөрөвдүгээр сараас өмнө байшин барьж, байр худалдан авсан иргэд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нуусан орлогоо тайлагнасан бол заавал орлогын эх үүсвэрийн баримтаа өгөх шаардлагагүй, бүртгүүлэх эрхтэй.
Сургалтын төлбөр төлөлтийн хөнгөлөлтийн тухайд албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаан олгодог. Мөн оюутан өөрөө сурч байхдаа хугацаандаа ажил эрхлэж төлбөрөө төлсөн бол буцаан олголт эдлэнэ. Ингэхдээ сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг буцаан авах юм. Жишээлбэл, 1 сая 800 мянган төгрөгийн төлбөр төлсөн бол 180 мянган төгрөгийг татвараас танд буцаан олгодог билээ.
Та анх удаа орон сууцны чөлөөлөлтийг эдэлж байгаа бол бүрдүүлэх материалын жагсаалт
- Чөлөөлөлт эдлэх иргэний бичсэн хүсэлт
- Иргэний үнэмлэхний хуулбар /Эх хувьтай тулгах эсвэл нотариатаар баталгаажсан/
- ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/ дэвтрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд/
- Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: Тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа /
- Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон гэрчилгээний хуулбар
- Захиалгын болон худалдах худалдан авах гэрээ /нотариатаар баталгаажсан байх /
- Орон сууц худалдан авах, барихтай холбогдон гарсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтууд,байрны төлбөрт төлсөн баримт /өөрийн орлого/
- Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2% татвар төлсөн баримт
- Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ мөнгө шилжүүлсэн баримт / зээлийн эх үүсвэрийн тухайд/ /Зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх/
- Хөрөнгө үнэлгээний зөвшөөрөлтэй байгууллагын үнэлсэн тайлан
- Иргэний өөрийн нэр дээрхи данс банкны нэр
- Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах/Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06 тайлагнах/
Та орон сууцны чөлөөлөлтийг үргэлжлүүлэн эдэлж байгаа бол бүрдүүлэх материалын жагсаалт
- Чөлөөлөлт эдлэх иргэний гараар бичсэн хүсэлт
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд/
- Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Татвар төлөгчийн орлого бүртгэлийн дэвтэр
- Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
- Орлого нотлох бусад баримт
- Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/
Зочин · 2016/02/15
cool