С.Бямбацогт: Олонхи өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой
2016/02/15
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийж, эрх баригч намууд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж байж ээлжит бус чуулганыг эхлүүлэх ёстойг санууллаа. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ-ын ээлжит бус чуулганы ирцийг хүргэхийн тулд гишүүдийн картыг хийх, гар утасны мессэжээр зөвшөөрөл авч картыг нь хийх үйлдэл гарч байна. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж буй үйлдэл. Гишүүн өөрийн биеэр ирж хуралдааны ирцэд орох ёстой. Өмнөөс нь хэн нэгэн карт хийх, мессэжээр зөвшөөрөл авсан нэрийдлээр картыг нь хийдэг хууль бус үйлдлийг Монголын төр тогтоож болохгүй. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал. МАН-ын бүлэг намрын ээлжит чуулганаар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг ээлжит бус чуулганы хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцэж амжихгүй гэж үзсэн. Энэ үүднээс ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэдгээ хэлж байсан. Намрын чуулган дөрвөн сар үргэлжлэхдээ 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 11-ийг нь хэлэлцсэн. Ээлжит бус чуулганы 14 хоногийн хугацаанд 24 асуудал хэлэлцэхээр орсон. Томоохон хуулиудыг богино хугацаанд "халтуурдах" байдлаар батлах нь улс орон болон ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Эдгээр хуулийн төслийг нухацтай, олон удаа сайтар хэлэлцэж байж шийдэх ёстой. Харамсалтай нь парламентын зөвшилцөл, ойлголцлоор бус хүч түрэх байдлаар асуудлыг шийдэх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй. Тийм учраас ээлжит бус чуулганд оролцохгүй байгаа. Нөгөө талаас эрх барьж байгаа нам эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх хэрэгтэй. Ирц бүрдээд ээлжит бус чуулган эхлээд явбал бид оролцоно. Өнөөдөр МАН-ын бүлгийн 26 гишүүний 22 нь байна. Золголт эсвэл гадагшаа дотогшоо явсан зүйлгүй. Эрх баригчид ачаа үүрч байгаа бол үүрсэн шиг үүрч, хариуцлагаа хүлээсэн шиг хүлээх ёстой. Эрхээ эдэлдэг атлаа хариуцлага хүлээдэггүй, үүргээ биелүүлдэггүй байж таарахгүй" гэлээ.
Шадар сайдын томилгоо, Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлбэл дэмжих үү гэсэн сэтгүүлчийн асуултад бүлгийн дарга С.Бямбацогт "Шадар сайдыг оруулж ирэх асуудал бол эрх барьж байгаа АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн асуудал. Ямар хүнээ сайд болгож ачаа үүрүүлэхийг эрх баригчид шийднэ. Энэ асуудалд бид хөндлөнгөөс оролцох боломжгүй. Өнгөрсөн чуулганаар зургаан сайдад нэр дэвшигчийг манай бүлэг дэмжиж, ажлаа хийсэн шиг хийх үүрэг даалгавар өгч, хийж чадахгүй бол хариуцлага тооцно гэдгээ сануулсан. Үүнтэй адил эрх баригч намууд хоорондоо ойлголцож зөвшилцөөд Шадар сайдад хэнийг нэр дэвшүүлнэ, түүнийг дэмжинэ. Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчийг мөн дэмжинэ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар оруулж ирэхэд нь МАН-ын бүлэг татгалзаад байх зүйлгүй. Хэрвээ оруулаад ирвэл бид дэмжээд явна" гэж хариуллаа.