Мал аж ахуй ярих нь популизм мөн үү?
2016/02/16
УИХ-ын гишүүн С. Ганбаатар ХҮН-ын даргаар сонгогдсоныхоо дараа “Монголын тэргүүлэх салбарыг мал аж ахуй болгож, энэ салбарт хөрөнгө оруулалт хийнэ. Мал аж ахуй монголын зүрх нь байх болно” гэж мэдэгдсэн. Түүний энэ үгийг ХҮН-ын гол үзэл баримтлалын цөм гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, ХҮН АН, МАН-ынхаас эрс өөр хөгжлийн бодлого, зорилго дэвшүүлж байгаа бөгөөд үүгээрээ гуравдагч хүчний орон зайг тодорхойлно гэж тооцож байгаа бололтой.
Монголчууд 1990 оноос хойш нийгэм журамд хүрэх мөрөөдлөөсөө татгалзаж морьныхоо амыг эргүүлэн татаж, огт өөр замаар тоос татуулан манаргахаар шийдсэнээр хойш мал аж ахуй, хөдөө аж ахуйг бодлогынхоо иш үндэс болгож, улмаар ярьж сурталчилж уриалах “зоригтой” улс төрийн хүчин гараагүй гэхэд болно. Ганзага, гахай, лангуу, павильон, ТҮЦ, баар, паб, хотел мотел гэх мэт зах зээлийн ухагдахуунууд монголчуудын үгсийн санд нэвтэрч, мөнгө үйлдвэрлэлийн өөр өөр арга хэлбэрт суралцаж эхэлсэн учраас мал аж ахуйн талаар ярих нь том намуудын хувьд эрсдэлтэй алхам байсан байж болох.
Монголын төр 1997 онд Ашигт малтмалын тухай анхны хуулийг баталснаас хойш уул уурхайн салбар манай эдийн засагт нэгэн томоохон орон зайг эзлэх болсон юм. Гадаадын хөрөнгө оруулагчдад нэн таатай хууль байсан учраас богино хугацаанд уул уурхайн үйлдвэрлэл сэргэж, үр дүнд нь дотоодын томоохон аж ахуйн нэгжүүд мэндэлж, улсын төсөвт орж ирэх мөнгөний урсгал бодитой нэмэгдэж эхэлсэн билээ. Гэхдээ энэ үзэгдэл монголчуудын өвөрмөц ёс заншил, газар нутгаа хайрлан хамгаалахтай уялдсан уламжлалт төлөөсөлтэй харшил эхэлсэн учраас уул уурхайн үйлдвэрлэл бүхий орон нутгуудаас хэл ам, хэрүүл шуугиан үе үе гарах болсон юм. Энэ хандлага явсаар уул уурхайг үзэн ядах хэмжээнд хүрч бүр буу шийдэмд хүрсэн мөргөлдөөн гэмээр эсэргүүцэл гарсан удаатай. Уул уурхайг сөрөг талаас нь харж, энэ чиглэлээр дагнан ажилладаг төрийн бус байгууллага, хувь хүмүүс, улстөрийн намууд, улстөрчид хангалттай бий болсон. Энэ бүхэн мэдээж төрөөс уул уурхайн талаар баримтлах бодлогод ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж эхэлсэн. Юутай ч 2012 оны сонгуулиар бодлого тодорхойлох хэмжээний суудал авсан АН-ын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө уул уурхайн талаар нэлээд “эсэргүү” заалт тусгав.
Гэхдээ Засгийн газрын буруу бодлогоос болж гадаадын хөрөнгө оруулалт богино хугацаанд татарч, уул уурхайн салбар уналтад орж эхэллээ гэдэг шүүмжлэлийг мэргэжлийн хүмүүс олноор хэлэх болсон юм. Мэдээж төсөв ядуурч, өр зээлээр өдөр хоногоо аргацаахаас аргагүй байдалд хүрлээ. Төр засгийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай уул уурхайн салбар унаад эхлэхээр улсын эдийн засаг дагаад хямрах юм байна гэдэг талаас нь асуудлыг харж Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн 2014 оны долдугаар сарын 2-нд УИХ Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Гэвч байдал одоо хэр бахь байдгаараа л байна.
Эргээд харахад өнгөрөгч 26 жилийн хугацаанд бид мал аж ахуйгаа малчидтайгаа хөсөр хаясан гэхэд хатуудахгүй. Өөрөөр хэлбэл, малаа малчдад үнэгүй хувьчилж өгчихөөд энэ салбараа таг мартсан гэхэд болно. Социализмын үед хөдөө аж ахуй, мал аж ахуй Монголын эдийн засгийн хамгийн том бааз суурь байж, мал сүрэг, малчид жинхэнэ утгаараа төрийн хараа хамгаалалтад байсан учраас малын элдэв өвчин бага, хоол хүнс харьцангуй эрүүл байсан гэдэг. Мөн малаас гарах түүхий эдийг боловсруулах үйлдвэр давхар хөгжиж байлаа.
Одоо тэгвэл С. Ганбаатар энэ асуудлыг хөндөж тавьж, хөгжлийн гарцыг ингэж харж байна. Гэхдээ дэлхийн хөгжлийн хэмнэл, техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэхийн тулд хөгжлийг зөвхөн мал аж ахуйгаар төсөөлнө гэвэл өрөөсгөл гэдгийг эрх биш ойлгож байгаа болов уу. Тэгээд ч капиталжсан эрх мэдэлтнүүд, шийдвэр гаргагчид, зах зээлжсэн иргэд асуудалд хэрхэн хандахыг хэлж мэдэхгүй. Мал аж ахуй ярих нь популизм мөн үү?
Д. Лхагвадорж
Эх сурвалж: www.sonin.mn
Malchin · 2016/02/16
Сэтгуулч минь дээ !Юм уншиж толгойдоо мэдлэг хуримтлуул За юу. Монгол мал ундэсний хетелбер, Малчдын талаар тереес баримтлах бодлого баримт бичгуудийг емнех УИХ-ын уед 2010 онд Д.Балдан-Очир нарын гишууд санаачлан батлуулаад тунчиг сурхий овоо гайгуй хэрэгжээд яваа шуу дээ . Ноос,ноолуур,арьс ширний урамшуулал, мал эруулжуулэх, ХААБирж энэ тэр гээд ярих юм их бий. Харин энэ засгийн уед жаахан эрч нь сулараад байгаа юмаа.