Өнөөдөр баасан гариг. Залуусын дунд бол “Баасан ахын төрсөн өдөр”. Маргаашнаас амралтын өдрүүд эхлэх учир наргиа, цэнгээнд яг тохирсон хэмээн ийнхүү нэрийджээ.

Харин зарим хүмүүст бол энэ өдөр хар баасан гариг. Эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай, эсвэл эд хөрөнгөтнүүдийн тэрсүүд өдөр ч гэж болно. Нэг ёсондоо баривчилгааны баасан гариг юм. Манай хууль сахиулагч байгууллагууд энэ л өдөр хөдөлгөөнд ордог бичигдээгүй хууль нэгэнт бий болжээ. Авли­гатай тэмцэх газрын жолооч нар баасан гаригт гэртээ бараг хонодоггүй гэж байгаа. Энэ нь тус газрын үйл ажиллагаа баасан гаригт хэр идэвхиждэгийг харуулсан хэрэг.

Мөрдөн байцаагчид хэнийг ч ажил, гэр хаа байгаагаас өдөр, шөнө хамаагүй хүч түрэмгийлэн нэвтэрч, “Улсын нэрийн өмнөөс....” гээд л хууль уншаад баривчлаад явчихна. Олонх нь чухам ямар хэрэгт сэжиглэгдсэнээ мэдэх сөхөөгүй хоригдоно. Уг нь өнөөгийн бидний мөрдөж буй хуулиар бол шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч хэрэгтэн гэх үндэсгүй. Харин манай хуулийнханд бол баривчлагдсан цагаас эхлэн ялтан болж хувирна.

Баасан гаригт баривчлагдсан хүмүүс өмгөөлөгчтэй болж хууль эрхзүйн туслалцаа авах нь битгий хэл ар гэрийнхэндээ ч дуулгаж чаддаггүй. Яагаад гэвэл бүх албан газрын ажлын сүүлийн өдөр баасан гариг учраас ирэх даваа гаригийг хүлээж бүхэл бүтэн гурван хоног сэтгэл санаа, бие махбодиор тарчилдаг. Нэг ёсондоо энэ бол манай хуулийнхан дахь хүний эрхийн ноцтой зөрчил. Үүнийг баталж Хүний эрхийн үндэсний комиссоос хууль, шүүхийн байгууллагад удаа дараа анхааруулга, зөвлөмж илгээсээр байна.

Уг нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг баасан гаригт л авна гэсэн хуулийн заалт байхгүй. Гэхдээ манай хуулийнхан хойшлуулшгүй ажиллагаа гэх халхавч үгээр энэ ажиллагаагаа явуулж гаршжээ. Долоо хоногийн аль гариг нь ч ямар хамаа, ажлын өдөр байвал хууль ёсных гэж хэлэх байх.

Үндсэн хуульд ч тэр, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ч Монгол Улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх гэж бий. Гэтэл долоо хоногийн ажлын сүүлийн өдөр баривчилгаа явуулчихаад амралтын өдрүүд залгадаг нь сэжигтэнд өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах боломжгүй болгож халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь ноцтой зөрчсөөр байдаг. Цаашлаад сэжигтнээс өмгөөлөгчгүйгээр байцаалт авдаг, эрүүдэн шүүдэг, эрх зүйн мэдлэггүйг далимдуулан мэдүүлгийг нь өөрийнх нь эсрэг ашигладаг тухай тоолж барагдашгүй гомдол хуулийнханд хаяглагдах болсон. Энэ тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа аваад удаагүй байхдаа хуулийнханд анхааруулж “Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тодорхой арга хэмжээг авах тухай санал бүхий албан бичиг” гэгчийг Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нарт өгч байсан удаатай. Уг албан бичгээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа байгууллагад цагдан хорих зөвшөөрөл өгөх шүүгч нь бямба, ням гаригт амарч байгааг ашиглан иргэдийг байсан гаригийн орой баривчлан саатуулж, тухайн иргэнийг гурав хоног, шүүгчийн зөвшөөрөлгүй хорьж, Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байгааг сануулж байв. Гэвч түүний анхааруулга одоог хүртэл ажил хэрэг болохгүй л байна. Үүнийг батлах хэдэн жишээг дурдъя.

Баримт-1

2015.11.13. БААСАН ГАРИГ: С.ЗОРИГ АГСНЫ ЭХНЭР Б.БУЛГАНЫГ БАРИВЧЛАВ

 

УИХ-ын гишүүн асан, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн эхнэр Б.Булганыг тагнуул, цагдаа, прокуророос байгуулагдсан ажлын хэсгээс 2015 оны аравнэгдүгээр сарын 13-ны баасан гаригийн шөнө гэрээс нь баривчилсан юм. Түүнийг С.Зориг агсны амиа алдсан хэрэгт анх удаа яллагдагчаар татсан.

Баримт-2

2015.10.30. БААСАН ГАРИГ: МТЗ-ЫН ТУЗ-ИЙН ДАРГА Б.БАТЗАЯА НАРЫГ БАРИВЧЛАВ

 

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа нарын гурван хүнийг баривчилсан. Тэднийг Монголын төмөр замын төслөөс албан тушаалаа ашиглаж их хэмжээний мөнгө угааж, улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

 

Баримт-3

2015.11.26. БААСАН ГАРИГ: ГААЛИЙНХНЫГ АВЛИГЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАВ

 

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ өдөр Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтэн Ж.Баттогтох, Замын-Үүд дэх гаалийн газрын улсын ахлах байцаагч Ч.Насанбат, улсын байцаагч М.Дөлгөөн нарын хүмүүсийг бусдаас хээл хахууль авсан хэрэгт буруутган саатуулсан юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 268.1, 268.2, 269.1, 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр байна.

Баримт-4

2013.7.5. БААСАН ГАРИГ: “ТЭНГРИ ХОЛДИНГ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Н.АНХБАЯРЫГ БАРИВЧЛАВ

“Тэнгри холдинг” компанийн захирал Н.Анхбаярт 2013 оны долдугаар сарын 5-нд эрүүгийн хэрэгт тулган Авилгатай тэмцэх газраас баривчилсан. Түүнийг өөрийнхөө үүсгэн байгуулсан компанийн нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан. Мөн тодорхой хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад ажилтнуудтайгаа хуйвалдаж сунгасан хэргээр Эрүүгийн хуулийн 263.2, 166 дахь зүйл заалтаар хэрэг үүсгэсэн.

Энэ мэтээр баасан гаригт болсон баривчилгааны тухай мэдээлэл хөвөрч өгнө. Үүнээс ч өмнө цуутай баривчилгаанууд голдуу баасан гаригт болсныг үйл явдлын түүх сануулж байна. Өндөр албан тушаалтай, олны танил хүмүүсийн олон нийтэд танигдсан, мэдээлэгдсэн баривчилгааны талаарх баримтууд дээрх билээ. Харин энгийн ардын хэд нь энэ өдөр торны цаана олон хоногоор хоригдож, учраа мэдэхгүй байцаалт өгч буйг хэн мэдлээ. Яагаад заавал ийм өдөр сэжигтнийг баривчилж цагдан хорьдгийн цаад учир нь улстөрийн захиалгыг гүйцэтгэх, хэргийн мөрдөн байцаалтыг хялбаршуулж сэжигтнээр хууль бусаар хэргийг хүлээлгэх гэсэн хуулийн байгууллагад бугшиж ирсэн гажуудал юм. Гэтэл хүний эрхийг дээдлэгч, ардчилсан улс гэж цээжээ дэлдсээр байх уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ЗАЯА