"Ингэн тэмээний нулимс", "Шар нохойн там", "Чингисийн хоёр загал" зэрэг киноны хөгжмөөрөө олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 18 цагт Улаан-Үд хотын Филармонид уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна.

Хөгжимлөг, оюунлаг үзэгчидтэй тус Филармони нэрт хөгжимчний маань тоглолтыг "Ятгын хатан хаан" хэмээн нэрийджээ. Ч.Мөнх-Эрдэнийн тоглолтод этно "Алтай" хамлаг уран бүтээлээ өргөнө. Энэ тухай мэдээлэл хэдийнэ Улаан-Үд даяар тархасан бөгөөд бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Монгол туургатны их ятгач, нэрт хөгжимчний тоглолт танхим дүүрэн үзэгчтэй сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

Авьяаслаг ятгачин бүсгүйн ур чадвар, эгшиглэнт уран бүтээлийг Монголд төдийгүй Европын орнуудад өндөрөөр үнэлдэг. 2005 онд АНУ-ын Манхюттэнд болсон олон улсын кино наадмаас “Шилдэг киноны хөгжим", Германы пянз үйлдвэрлэгчдийн наадмаас "Шилдэг уран бүтээл" зэрэг шагнал гардсан ажээ. Энэхүү тоглолтын Монгол талын зохион байгуулагчаар “Тэнгэрийн Модун” ТББ ажиллаж буй. Уг тоглолтын талаарх сонирхолтой мэдээ, мэдээллийг www.Cityinfo.mn сайт уншигч таньд хүргэх болно.

 

 

 

Т.Буянаа