Монголын үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын Бүх оддын тоглолт өчигдөр Эрдэнэт хотод эхэлсэн билээ. Энэ үеэр уламжлалт холын зайн шидэлтийн тэмцээн, цагираган дээрээс довтлох үзүүлбэр, ур чадварын тэмцээн болно. Мөн Монгол улсын залуучуудын шигшээ баг АНУ-ын шигшээ багуудын халз тоглолт, Монгол улсын үндэсний шигшээ баг АНУ-ын шилдэг легионеруудтай тоглоно. Үүнээс гадна Баруун болон Зүүн бүсийн бүх оддын шилдэг багууд ч хоорондоо тоглох юм байна.

Тоглолтын эхний өдөр буюу өчигдөр Монгол улсын залуучуудын шигшээ баг болон Легионеруудын шигшээ багийн гал гарсан тоглолтууд болсон бөгөөд урлагийн тоглолт, Спрайт цагирган дээрээс довтлох тэмцээн зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болсон юм.

Харин өнөөдөр Үндэсний Супер Лигийн шилдэг 30 тоглогчийг үзэгчид болон дасгалжуулагчдын саналаар тодруулан Баруун болон Зүүн бүст хуваан тоглуулах юм байна. Өөрөөр хэлбэл шилдэг тоглогчдын супер тоглолтыг өнөөдөр үзэж болох нь ээ. Мөн Лигийн холын зайн шидэлтийн хувь болон оноогоороо тэргүүлж байгаа шилдэг найман мэргэн буучдын хооронд өрсөлдөөн явуулах аж.

Гурав дахь өдөр буюу бүх оддын тоглолтын сүүлийн өдрийн тоглолт “Хандгайт” сагсан бөмбөгийн ордонд болох бөгөөд энэ үеэр Легионеруудын баг Үндэсний шигшээ багууд хоорондоо өрсөлдөх юм. Тэд өмнө нь дөрвөн удаа таарч тоглож байсан аж. Одоогоор тэдний хожлын харьцаа 2:2 байгаа. Тэгэхээр тэмцээний гурав дахь өдөр болох энэхүү тоглолт нэлээд өрсөлдөөнтэй болох нь ойлгомжтой байна.

Б.Элбэрэл