ТТХГ-ын албаны дарга Ж.Самбалхүндэв ХОМ өгөөгүй шалтгаанаа тайлбарлав
2016/03/10
Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж төрийн захиргааны болон нутгийн захиргааны 109 байгууллагаас ирүүлсэн тайлан, бүртгэлийг Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу нэгтгэж албан ёсны дүн мэдээг гаргажээ. Улсын хэмжээнд 39853 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 39850 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 3 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Од нар мэдүүлгээ гаргаж өгөөгүй талаар АТГ-аас мэдээлсэн.
Бид Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэвээс ХОМ-ээ өгөөгүй талаар нь тодруулахад: “ХОМ гаргах хуулийн хугацаанд би ажилгүй байсан. 2014 оны 11-р сарын 27-ны өдөр ямар ч үндэслэлгүйгээр таван шат бууруулсан. Уг тушаалыг эсэргүүцэн Захиргааны хэргийн шүүхэд хандаж анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзсэн. Харин шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2016 оны 03-р сар болсон. Улмаар 2016 оны 03 сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажилд эргүүлэн томилох тушаал гарсан. Ажилд эргүүлэн томилох тушаал гарах хүртэл намайг ажил хийлгэх нь битгий хэл ажлын байранд оруулаагүй. Нэгэнт ажилд эргүүлэн томилох тушаал гарсан болохоор 14 хоногийн дотор ХОМ-ээ нөхөж өгнө.
Zochin · 2016/03/11
Tetgevertee suugaachee!!! Zuuraldaad zavaaraad l baih yumdaa ene heden hunentsruud. Khurts general asuudalig shiideh heregtei!!! Zorigtoi, shiidemgii tushaal gargaad tetgeveriin nasni nuhduudiig chuluuluh heregtei.