Хэрэг үйлдсэн этгээд баригдахгүй байх боломжгүй бөгөөд заавал ял авна гэдгийг ойлго !!!
2016/03/10
Сүүлийн хэдэн өдрүүдэд хулгай болон дээрэм, хүн амины хэд хэдэн хэрэг ар араасаа гарлаа. Хэргийг мэдээж цагдаагийн байгууллага илрүүлэн гэмт этгээдүүдийг ч олж шалгаж байгаа билээ. Угаас хулгай дээрэм хийгээд болон хүний амь хөнөөсөн гэмт этгээд олдоогүй тохиолдол Монголд тун ховор.
Хамгийн сүүлд гарсан гэмт хэргүүдээс дурдвал Төв аймгийн “Аргалант сумын “Сод Монгол” ШТС-ийг таван залуу дээрэмдэн 300 гаруй мянган төгрөг авч зугтаасан байгаа. Харин тэднийг цагдаагийнхан маргааш нь Архангай аймгийн нутагт явж байхад нь баривчилсан байна. Мөн тэр өдөр буугаар зэвсэглэсэн хоёр этгээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн ломбардад орж, буун дуу гарган дээрэм хийжээ. Дээрэмчин хоёр залуугийн дүрс камерын бичлэгт үлдсэн тул мөн л эрэн сурвалжилж байгаад олчихсон аж. Мөн тухайн өдрийн маргааш нь буюу энэ сарын 7-нд Баянзүрх дүүргийн 15-р хороонд байрлах Төрийн банканд буутай этгээдүүд халдаж, хоёр сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан.
Үүнээс гадна хардалт хүчирхийллийн улмаас хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байна. Тодруулбал өнгөрсөн ням гариг буюу энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутагт байрлах орон сууцны нэг давхарт байдаг гутал засварын газар нас барсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд хохирогч болох Чингэлтэй дүүргийн 15-р хороонд оршин суух, 49 настай, эмэгтэй Н гэгчийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөгөөд, шуудайнд хийж тавьсан байжээ.
Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг хэрэг гарсны маргааш буюу өнгөрсөн даваа гаригт баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Сэжигтэн этгээд эхний мэдүүлгээрээ “хардалтын улмаас хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн” болохоо хүлээгээд байгаа аж. Саяхан гарсан дээрх хэргүүд бүгд зохион байгуулалттай байгаа юм. Тиймдээ ч хэргүүдийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Бусдын эд хөрөнгийг бүлэглэн, үгсэн хуйвалдаж, айлган сүрдүүлж, хохирол учруулж, дээрэм хийсэн бол 5-20 жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэж эрүүгийн хуульд заасан байгаа.
Мөн хүний амь насыг санаатайгаар хөнөөх гэмт хэрэг үйлдсэн тохиолдол 25 жил эсвэл насаар нь хорих ялаар шийтгэх хуультай. Хэн ч ямар ч хэрэгт холбогдсон цагдаагийнхан хэргийг илрүүлж, хуульд зааснаар зохих шийтгэлийг нь оногдуулдаг жамтай. Тиймээс хэрэг хийгээд баригдахгүй байх боломж байхгүй гэдгийг “болзошгүй” бүлгийнхэн анхаарвал зохино.
Н.Ганаа
Зочин · 2016/03/13
hardana gedeg alahin shaltag uul hun aluurchin
Ц. Мийгаа · 2016/03/10
Ажил хийж амиа залгуулаад явж чаддаггүй, хулгай, дээрэм, аллага үйлдэж байгаа хүн төрхтэй чөтгөрүүдийг хуульд заасан хугацааны хамгийн дээд хэмжээгээр шийтгэж, хүнд хүчир ажилд ясыг нь цайтал зүтгүүлэх хэрэгтэй байна. Тэднийг өрөвдвөл өр рүү өшиглөнө шүү. Мал нь малаараа, хүн нь хүнээрээ байх шиг сайхан юм үгүй байх.
Зочин · 2016/03/10
зөв бичсэн байна хэрэг хийсэн л бол ямарч хэрэг илэрдэгээ гэж манай монголын цагдаагийнхан бол дээр үеэсээлээ хөргөх чадвар маш сайтай чадалтай албан хаагчид сайхан сайхан ажилдаа үнэнч албан хаагчид байна байна бас ч үгүйсгэээд байж болохгүй амжил хүсье цагдаагийн албаныхандаа