“Ерхөг”-ийн сүлжээнд ээрэгдэж, ербусаар баяжих уу
2016/03/10
-Мөнгөний пирамидын дараагийн мөлжүүр хүнсний сүлжээ дэлгүүр болжээ-
“Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд яг тохирно. Бараа зарахгүй. Зүгээр сууж байхад л дансанд чинь мөнгө орсоор байх болно. Ажлынхаа хажуугаар их мөнгө олж болох алтан боломжийг битгий алдаарай”. Ийм сурталчилгаанд багахан ч болов эргэлзэлгүйгээр шууд хааж орхидог хүн ер нь цөөхөн болов уу. Дороо хүн элсүүлж, сүлжээ үүсгэдэг пирамид луйврууд бүгд бялуу шиг амттай дээрх үгээр эхэлдэг. Манайхан ерөнхийд нь сүлжээний бизнес гэж ойлгоод байгаа юм. Энэ нь дотроо дараах 2 заагтай.
Бизнес нь бараа, бүтээгдэхүүн дээр суурилж, бараа эргэлтэн дээрээ анхаардаг олон шатлалт маркетингийн арга бий. Мөн л хүн элсүүлж, сүлжээ үүсгэн, бараагаа олон хэрэглэгчид хүргэх тактик. Энэ нь олон улсад зөвшөөрөлтэй сүлжээний бизнесүүд хамаарах бөгөөд Орифлем гоо сайхны компани шиг “нарны цацраг шиг” тал тал руугаа салаалж, эхэнд орсон сүүлд орсон нь ялгаагүй, хөдөлмөрлөсөн нь хождог сүлжээний арга.
Харин нөгөөх нь гарт баригдах бодит эргэлтгүй боловч их мөнгө амлаж, хүн элсүүлдэг мөнгөний пирамид тогтолцооны луйвар. Хоёр дахь аргыг ашиглаж, олон хүнийг хохирогч болгосон залилангийн хэргүүд манайд цөөнгүй гарав. Одоогоос хэдэн жилийн өмнө хэсэг этгээд “Иргэдийг авто машинжуулна, орон сууцжуулна” гэж луйврын пирамид барьсан нь удалгүй нурж хэдэн зуун иргэдийг хохироогоод, санаачилсан эзэд нь саяхан 10 жилийн ял сонсоод салсан. Гэсэн ч өдгөө энэ луйвар гарсаар байна.Учир юу гэвэл, саяхнаас манайд дахин нэг шинэ төрлийн “Ерхөг түмний дэлгүүр” гэх луйврын пирамид сүндэрлэж эхэллээ. Магадгүй та хэн нэгнээс “Ерхөг түмний дэлгүүр” сүлжээний “Дэмжлэг” гэх хүнсний картыг 2 хүнд борлуулж, доороо оруулан цалинтай болох хялбар арга замаар, их хэмжээний мөнгө олох эрт урьдын үлгэр шиг юм сонссон байх. Харин би хувьдаа үүнийг луйврын пирамид буюу энгийн нэгэн сүлжээний луйвар гэж үзэж байна!.
“Ерхөг түмний дэлгүүр” луйврын пирамид хэрхэн ажилладаг юм бол?
Анх хэн нэгэн энэ сүлжээнд таныг орохыг ухуулах болно. Ингэхдээ танд итгэмээргүй гэхдээ үнэмшилтэй маш хялбархан ашиг олох боломжтой санал тавина. Ингээд та сүлжээнд орох хүсэлт тавих үед танаас тодорхой хэмжээний төлбөр шаардана “Ерхөг түмний дэлгүүр” –ийн хувьд 35000 төгрөг. Мэдээж ямар ч хүн зүгээр л хэн нэгэнд мөнгө өгөөд хэдхэн хоноод буцаагаад хэдэн арав дахин нугалаад авна гэвэл хэн ч шууд л энэ бол луйвар гэдгийг ойлгоно.
Харин үүнийг далдлах үүднээс тэдгээр пирамидын эзэд танд ямар нэг бараа бүтээгдэхүүн эсвэл зүгээр энгийн нэг үйлдэл хийх нөхцөл тавьдаг! энэ нь “Ерхөг түмний дэлгүүр” хувьд тус дэлгүүрийн хэзээ хаана хэрэглэх нь үл мэдэгдэх “Дэмжлэг” гэсэн карт худалдаж аваад доороо 2 хүн оруулаад, мөнхүү нөгөө картаа бас худалдах бөгөөд энэ мэтчилэн А,Б талдаа 5:3-ын харьцаатай 8 хүнд уг картаа худалдах юм. Ганц энэ үйлдлээр пирамид цааш баригдах боломжгүй тул танд уг сүлжээний эзэд нэмэлт илүү их ашигтай байж болох санал эсвэл нөхцөл шаардлага тавина. Энэ бол мэдээж өөрийн доор хүн элсүүлэх! Ингэснээр та бусдад энэ сүлжээг ухуулж эхлэх болно.
За тэгээд ийн худалдаж чадвал танд цалин бодогдож эхний цалин гэж 40000 төгрөг авна. Үүнээсээ 30 хувьд нь хүнс, 70 хувьд нь цалингаа авах системээр уг сүлжээ салаалах аж. Одоо тэгвэл, 40000 төгрөгийн цалин хэрхэн ирж буйд багахан тооцоо хийе. Сүлжээнээс танд 5:3 харьцаатай баг бүрдүүлэх эхний үүрэг өгсөн. Өөрөөр хэлбэл та өөрөө 35000 төгрөгөөр элссэн шигээ 8*35000=280000 төгрөгийг пирамидын толгойд өгч бүртгүүлж байж, өөрөө 40000 төгрөг авна гэсэн үг. Яахав 35000 төгрөг дээрээ нэмээд 5000 төгрөгтэй боллоо гэж бодоход өнөөх 280000 төгрөг авсан хүн цаашаа хичнээн тан шиг хүнээс ийн мөнгө бөөн бөөнөөр нь сэгсэрч байгаа бол та бодоод үзээрэй. Пирамидын гол зарчим энэ юм. Эхэнд орсон нь хожиж, толгой санаачлагч хүн нэмэх хэрээр салаагаар нь мөнгө орох болно.
Харин тэр цагт жинхэнэ хөгийн хошин зүйл болно.
Хамгийн түрүүнд сүлжээний бүтээгдэхүүн авах боломжгүй болох ямар нэг асуудал байн байн гарч, элдэв шалтаг тайлбар өгөх байдлаар хэсэг явсны эцэст тухайн байгууллага огт байхгүй болсноор пирамид бүрэн нурах болно.
Хамгийн сүүлд элсэн орсон гишүүд мэдээж шууд хохирогч болно!. Тэд хохирлоо барагдуулахыг хүсэх боловч хэн нь ч хохирлоо барагдуулж чадахгүй. Учир нь ийм төрлийн пирамид дээр ямар ч баялаг эсвэл ямар нэг үнэ цэнэтэй зүйл гэж байхгүй зөвхөн хохирогч, хоосон луйварчин хоёр л үлдэнэ.Товчхондоо, арай эхэнд нь орсон гишүүд шууд бусаар хам хэрэгтэн гэгдэх болно.
Харин анхлан дэлгэрүүлсэн этгээдүүд нь шууд л эрүүгийн хэрэгтэн болох магадлалтай!. Толгойд байгаа хүнд 280000 төгрөг байсгээд л орж ирээд байхад оруулсан хүнд нь 40000 төгрөг шидээд байх нээх асуудал биш шүү дээ. Угтаа бол залхуу монголчуудын шуналыг ашиглаж, дагздаж байгаа боловсон заль юм шүү. Үүнийгээ бас хачирхалтай нь Засгийн газраас хэрэгжүүлж буй гээд сийхгүй чалчиж байна л ээ та минь.
Тэгэхээр та “Ерхөг түмний дэлгүүр”пирамидыг товчхон миний өнцгөөс ойлгосон байх. Тэгвэл одоо арай илүү тодорхой болгох гээд үзье.
Энэ “Ерхөг түмний дэлгүүр” гэж пирамид Монголд үнэхээр дэлгэрээд байна гэж үү?
Тийм ээ, сүүлийн үед их дэлгэрч байна! Би өөрөө саяхан дуулсан боловч өнгөрсөн хоёр өдөр энэ юу болох талаар бага үгүй цаг гарган судалж үзлээ. Гишүүдтэй ч харьцаж үзлээ. Бүгд л эрт орвол ашигтай хэмээн зөвлөнө.
Google дээр хайлт хийж Монголд хэн дэлгэрүүлээд байна гэж үзвэл доорх хаягууд гарч байх юм.
Үүнд:
http://www.facebook.com/groups/1524333754539034/
http://www.facebook.com/groups/160957240956743/
http://www.erkhug.com/index.php
мөн олон тооны бизнес санал гэсэн зар болох сэтгэгдлүүд байлаа.
Энэ хэдэн Монгол нөхөд хэдэн ногоон олоод энэ зүйлийг ингэтлээ ухуулаад байгааг хэлж мэдэхгүй юм.
Тэгвэл бичээчид төрсөн хардах сэжгүүдээс дурдвал:
Сэжиг 0:
Хамгийн анхны сэтгэгдэл google-ээр ороод “Ерхөг түмний дэлгүүр”гэж хайвал хүний урамд олигтой мэдээлэл огт олж харсангүй.
Сэжиг 1:
“Ерхөг түмний дэлгүүр”гэх энэ сүлжээг явуулж буй санаачлагч Уранчимэг гэх эмэгтэйн талаар тодорхой мэдээлэл байхгүй төдийгүй, нэрнээс цаашгүй, худал байх магадлалтай. Ерхөг арвай үндэсний хүнсний сүлжээ ХХК гэх байгууллага нь ямар нэг өөрийн гэсэн бүтээгдэхүүн байхгүй, бүртгэл нь ч гарч ирэхгүй. Сайт дээр нь тус компанийн тухай, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар огт ямар ч мэдэлэл байхгүй. Сайтыг нь шинжин үзвэл ямар нэг үнэмшил төрөх контент тун ховор!.Google.ээс татсан хэдэн хүнсний зурагаар ковер хийсэн, ямар идэвхитэй үйл ажиллагаагүй, нэг ч мэдээлэл үгүй www.erkhug.comсайт.Холбоо барих утас, хаяг байршлын ямар ч мэдээлэлгүйн дээр зөвхөн хотын иргэд хамрагдана гэж буй нь хачирхалтай.
Сэжиг 2: Цалин 3 хоногт нэг бодогдоно гэж байгаа ч, олон үетнүүд сард нэг удаа гэдэг нь хэрхэн цалин авдаг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, олон үетнүүд гэдэг нь эхэнд орсон олон үетнүүд салаалах тусам хөлжиж, сард нэг цалингаа авна гэсэн үг. Харин 3 хоногт нэг цалин авна гэдэг бол хүний шуналыг ашиглаж, хурдан пирамид босгох арга юм.
Сэжиг 3: Дөрөвдүгээр сарын 16-аас эхлэн дэлгүүр нь онлайн болно гэнэ. Ингэснээр гишүүд болон тэдгээрт үйчлэх газруудад эмнэлэг, үсчин, бүх төрлийн дэлгүүр ашиглах программ байх аж. Энэ бас л заль нэрийн нэг ч дэлгүүргүй, өөрийн гэсэн ганц ч бүтээгдэхүүнгүй байж хаанаас хэний халааснаас энэ их мөнгийг гаргаж өгөх гээд байгаа нь цаана л нэг сэжигтэй!.
Цаашид юу болох бол?
Магадгүй одоогоор энэ пирамид гайхамшигтай сүндэрлэж байж магадгүй. Харин нээх удахгүй энэ пирамидын сүүлийн гишүүд нь хохирогч болоод харин анхлан танилцуулж өөрийн доороо олон олон гишүүд цуглуулсан тэр нөхөд бусдыг залилсан хэрэгт унах болов уу!.
Эцэст нь таныг хэн нэгэн энэ сүлжээнд орохыг уриалаад ухуулаад байвал битгий ороорой гэж хүсэх байна.
Аль ч төрлийн сүлжээний бизнес манайд хориотой
Харин манайд яадаг вэ. Хууль нь бий. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглоно гээд тодоос тод заачихсан байдаг. Ингэхдээ Орифлэйм гэх мэт бараа бүтээгдэхүүнээ эргэлтэд оруулах зорилгоор сүлжээ үүсгэдэг бизнесийг ч тэр, ямар ч баригдах зүйлгүйгээр мөнгө авдаг, амалдаг бизнесийг ч тэр аль алиныг нь хориглосон байна. Харин эдгээр нь бүгдээрээ манайд жинхэнэ утгаар цэцэглэчихсэн. Монголын хууль хаана хэрхэн үйлчилж байгааг ганцхан энэ жишээ тод харуулна. Одоогоос жилийн өмнө хийгдсэн нэгэн судалгаанаас харахад 1970-аад оны дунд үеэс өнөөдрийг хүртэл манай улсад гадаад дотоодын нийлсэн 140 орчим сүлжээний гэх тодотголтой компаниуд орж ирсэн ч өдгөө 40 гаруй нь үлдсэн мэдээлэл байна. 100 гаруй компани нь дампуурах нь дампуурч, залилах нь залилж арваадынх нь эзэн аавын хаалга татжээ. Үйл ажиллагаа явуулж байгаа 40 компанийн дотор шууд худалдаа, сүлжээний бизнес нэрийн дор эдийн засгийн нарийн зохион байгуулалттай, мэргэшсэн луйварчдын хэд хэдэн томоохон бүлэглэлүүд байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд л гэхэд сүлжээний бизнес буюу залилангийн, бусдын өмч хөрөнгийн эсрэг 1231 гэмт хэрэг гарсныг бүртгэжээ. Үүний 1014 нь нийслэлд гарсан байна. Энэ төрлийн гэмт хэргийг сүлжээний бизнесийн гэж тусад нь ялган авч ангилдаггүйг тэд хэллээ. Ийм луйвар эрхлэгчид үйл ажиллагааныхаа зөвшөөрлийг авахдаа зорилгоо өөрөөр мэдүүлсэн байдаг. Тиймээс пирамид луйварт мөнгөө алдахгүйн тулд иргэд энэ талаартодорхой мэдлэгтэй байж, ялгаж салгаж сурах шаардлагатай юм.
Үргэлжлэл бий ...
Ж.ЧИМЭГ
www.Amjilt.com
зочин · 2016/04/23
яаж элсэх вэ
Зочин · 2016/04/11
Нэгнийгээ сайн үйлс хийж байхад харлуулах гэхийн оронд сайн учрыг нь олж судалж дэмжих хэрэгтэй .цаг хугацаа харуулна
Зочин · 2016/03/10
chamd ymar hamaa bnaa hunii bussines durtaigaa hiij bolnoshdeeee.ediin asagaa saihan teltsgeeeyee ard irged mini