Монголын ардчиллын үйл явцыг улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт бэхжүүлэх, Монгол Улсад тогтвортой хөгжлийн засаглал бий болоход дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан “Хөгжил ардчилал” ТББ, Конрад- Аденауэр сантай хамтран “Монголын эдийн засаг ололт, сорилт, боломж” сэдэвт хөгжлийн чуулганыг зохион байгууллаа.

Энэхүү чуулганд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Даниел Шмюкинг болон бусад албаныхан оролцсон юм.

“Конрад Аденауэр” сангийн хувьд 1993 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байгаа анхны улс төрийн сан аж. ХБНГУ-ын улс төрийн тус сан нь Германы хөгжлийн яамнаас буюу татвар төлөгчдөөс санхүүждэг байгууллага юм байна.

Хөгжлийн чуулганыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нээв. Тэрээр тогтвортой хөгжлийн засаглалыг бэхжүүлж, цаашид хурдацтай хөгжихийн тулд хамгийн түрүүнд эдийн засгийн дэд бүтцийг өөрчлөх шаардлагатайг тэмдэглэлээ. Ингэхийн тулд банк, хөрөнгийн бирж, даатгалын салбарыг зөв зүгт залж, өндөр төвшинд хөгжүүлэх ёстой аж. Түүнээс гадна уул уурхайд хэт түшиглэсэн эдийн засгийн бодлогодоо ихээхэн анхаарч, эдийн засгаа солонгоруулах чиглэлд явах хэрэгтэйг сануулсан юм.

Өөрөөр хэлбэл ноолуур, аялал жуулчлал, контеит үйлдвэрлэлийн чиглэлд илүүтэй хөрөнгө орууулалт хийж, инноваци шингээсэн салбарыг дэмжих нь урт хугацааны тогтвортой хөгжлийг авчирна гэлээ.

Түүний хэлсэн кинтент үйлдвэрлэлийн чиглэлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэнтэй санал нэг байгааг тус чуулганд оролцсон үндсэн илтгэгчдийн нэг “Голомт банк”-ны Ерөнхийлөгч Ө.Ганзориг онцоллоо. Тэрээр “Эдийн засгийн реформ” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд хэд хэдэн сонирхолтой тоо баримт, жишээг танилцуулж, харьцуулалт хийсэн юм. Дэлхий нийт контент үйлдвэрлэлийн чиглэлд хүч түрэн орж ирснийг тэрээр онцлов. Тэр дундаа ухаалаг утас хэрэглэгчид өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаатай уялдуулан түүнд зориулсан зөв, шинэ, анхаарал татахуйц тоглоом, аппликешн зэргийг санаачлан, борлуулах нь асар их ашиг олж болохыг санууллаа.

Монголчуудын хамгийн их ярьдаг Оюутолгойг жишээ болгов. Түүний хэлснээр Оюутолгой компани бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 5.3 тэрбум ам.доллар олдог аж. Харин ухаалаг утас хэрэглэгчдийн хамгийн сайн “найз” болох “Candy Crush” тоглоомыг зохион бүтээгчид хэдий хэмжээний ашиг олсон бэ. Өнгө өнгөөр нь нийлүүлж, чихрийг нураах гэсэн энгийн дүрэмтэй уг тоглоомыг санаачлагчид түүнийгээ ухаалаг утсанд суулгах, хэрэглэгчдэд брэнд болгохын тулд нийт 90 сая ам.долларыг анх зарцуулсан байна. Харин өнгөрсөн онд энэ тоглоомоо 5.9 тэрбум ам.доллараар үнэлэн борлуулжээ. Түүнээс гадна дэлхийд алдартай болсон “Grey Goose” архийг олон улсад таниулж, брэнд болгохын тулд санаачлагч залуус 500 сая ам.долларыг эхлээд зарцуулсан гэх. Энэ бол 1997 он юм. Харин 2004 онд брэндээ 2.2 тэрбум ам.доллараар борлуулсан байна. Энэ хугацаанд мөн хэдий хэмжээний ашиг олсныг нэмбэл багагүй дүн гарах биз ээ.

Илтгэлийнхээ хоёрдугаар хэсэг болгож тэрээр баялгийн хуваарилалтын талаар ярьсан юм. Ингэхдээ дэлхийн зарим оронтой харьцуулсан судалгааг танилцууллаа. Тодруулбал, тус судалгаа нь тухайн улсын нийт хүн амын таван хувь нь нийт баялгийнхаа хэдэн хувийг эзэлдэг вэ гэсэн асуултад хариулт өгсөн юм. АНУ-ын нийт баялгийн 35 хувь нь нийт хүн амын таван хувийнх нь мэдэлд байдаг аж. Мөн Испанийх 21, Уругвай улсынх 45 хувь байдаг бол Монгол Улсын нийт баялгийн 89 хувь нь нийт хүн амын ердөө таван хувьд байдаг байна. Түүнээс гадна Монгол Улсын топ 200 компанийн ердөө дөрөвт нь л баялгийн хэт төвлөрөл үүссэн гэдгийг онцоллоо. Үүний шалтгаан тэгвэл юу байв. Бэлэн биш байсан чөлөөт зах зээлд 40-50 жилийн турш босгож ирсэн аж үйлдвэр, судалгаа, эрдэм шинжилгээний салбараа хувьчилж өгөөд, алдсан нь хамгийн том алдаа байсныг тэрээр хэллээ.

Харин энэ бүхнээс гарахын тулд юун түрүүнд Монгол Улс эдийн засгийн бодлогодоо реформ хийх ёстой. Өөрөөр хэлбэл Оюуны чадавхи, технилогийн инновацийг ашиглан, хэдэн арван Оюутолгойтой тэнцэх хэмжээний баялаг бүтээх боломжтой аж. Түүнчлэн Монголын уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа илүү шинжлэх ухаанчаар хөгжүүлж, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг бий болгох боломжоо ашиглахыг хамгийн зөв бодлого гэлээ.

“АЖ ҮЙЛДВЭРЖСЭН ОРОН БОЛОХ ЁСТОЙ”

Хөгжлийн чуулганаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мөн "Үндэсний аж үйлдвэрийн сэргэлт” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм. Илтгэлийнхээ эхэнд Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын хөгжил хэрхэн хөгжиж, ямар саад бэрхшээлтэй учирч ирснийг он дарааллаар нь танилцуулсан. Тэрээр аж үйлдвэрийн хамгийн оргил үеийг 1960-1990 он хэмээв. Энэ жилүүдэд Монгол Улс төмөр замын бүтээн байгуулалтыг хийсэн. Мөн уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг барьсан гэв. Харин 1990 оноос хойших 10 гаруй жилийг аж үйлдвэрийн уналтын он жилүүд байсан хэмээн дүгнэлээ. 1990 онд бид ардчиллыг сонгохдоо аж үйлдвэрийн бодлогыг орхигдуулсан нь хамгийн том алдаа болсон гэх.

"Чингис" бондын хөрөнгийг 1921 оноос хойш буюу 95 жилийн дараа хийж байгаа хамгийн том мөнгө хэмээсэн юм. Тэрээр “20 жилд аж үйлдвэржилт, үйлдвэрлэлийн бодлогыг орхигдуулсан учраас бизнес эрхлэгчид, иргэд хүссэн хүсээгүй ганзагын наймаанд орсон. Гал алдахгүйн тулд юун түрүүнд эрчим хүчний салбараа хамгаалах бодлогыг төр засгаас барьж байсан. Дээр нь уул уурхайн түүхий эдийн үнэ өсөөд эхлэхээр уул уурхайдаа анхаарч эхэлсэн. Уул уурхайн салбар унаж эхлэхэд улсын эдийн засаг ч дагаад муудсан. Бид муудаа хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаагүй. Аливаа хөрөнгө оруулалт ашгийн төлөө л байдаг. Ашиггүй болмогц уул уурхайгаас өөр бизнес рүү л явсан гэсэн үг. Уул уурхайг шүтэж байсан хөрөнгө оруулагчид гараад явахаар улсын эдийн засаг хүндэрсэн нь үнэн. Цаашдаа энэ байдлыг давтахгүйн тулд бид үйлдвэржсэн орон болох ёстой. Тийм ч учраас Аж үйлдвэрийн яам байгуулагдсан. Энэ бол маш зөв алхам болсон” юм.

ДУНДАЖ ДАВХАРГА БА БОЛОМЖ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хуваарийн дагуу “Дундаж давхарга ба эдийн засгийн тогтвортой өсөлт” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хөгжлийн чуулганд хүрэлцэн ирээгүй. Харин түүний оронд Монголбанкны ахлах эдийн засагч С.Болд дээрх сэдвээр илтгэл тавьсан юм.

Дэлхий нийт дундаж давхаргын хэрэглээнд анхаарлаа хандуулж байгааг эдийн засагч С.Болд юун түрүүнд онцоллоо. Тэр дундаа органик хүнсний хэрэглээ жил ирэх тусам өсч буйг хэлээд, үүнд түшиглэн Монгол Улс өөрийн дотоод эх үүсвэрээ ашиглан маш их хэмжээний ашиг орлого олох боломжтой гэв.

Дундаж давхаргад 500 мянган төгрөгөөс дээш, 2.3 сая хүртэлх орлоготой өрхийг хамруулдаг юм байна. Мөн байнгын орлоготой, орон байртай гэсэн үндсэн үзүүлэлтүүд бий. Ийм айл өрх, иргэнийг бий болгохын тулд боломжийг эрэлхийлэх ёстой. Хятад, Энэтхэг гэсэн Азийн болоод дэлхийн хамгийн олон хүн амтай орны дундаж давхарга өдрөөс өдөрт нэмэгдэх төлөвтэй байгааг олон судалгаагаар харууллаа.

Мөн дундаж давхарга нэмэгдсэнээр дагаад органик, чанартай хүнсний хэрэглээ нэмэгддэг байна. Үүнийг нь манай улс ашиглан үйлдвэрлэгч орон болох ёстой. Зөвхөн ашиг олоод зогсохгүй органик хүнсний үйлдвэр байгуулснаар маш олон иргэд байнгын ажлын байртай болно. Ажиллаад ирэхээр орон сууцны зээлд хамрагдаж, хуримтлал үүсгэж эхэлнэ. Ингэснээр манай орны дундаж давхаргынхан ч өсөх боломжтой ажээ.

Түүний илтгэлд дурдсанаар Монголбанк өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд дундаж давхаргын хуримтлалыг дэмжих, нам тогтвортой инфляцыг бий болгох бодлого хэрэгжүүлж ажилласан аж. Үүний үр дүнд инфляцыг 2.0 хувь дээр барьж, төлбөрийн тэнцлийн хямралыг даван туулж чадсан байна. Мөн эдийн засагт ипотекийн зээлийн санхүүжилтээр дамжуулан дундаж давхаргын хуримтлалыг дэмжих тогтолцоог нэвтрүүлжээ.

 

Г.Ням /АРДЫН ЭРХ/