Чингис бондын мөнгө зам болсон хэмээн энэ цагийн эрх баригчид ”сайрхдаг”. Тэгвэл тус бондын мөнгө урагшгүй ноён, ухаангүй албат нарын “гай”-гаар хаашаа алга босон нь таамаг хэвээр. Үүний тод жишээ нь Солонгосын “Самсунг СТ” хэмээх компани юм. Өнгөрсөн жилээс эхлэн тус компанийг шалгаж, “Хуурамч компани” гэцгээж байсан. Гэхдээ юутай ч Ухаа худаг–Гашуун Сухайтын чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ул шорооны ажлыг үндэсний 13 компани хийж гүйцэтгэсэн. Харин энэ ажилд хүрз шороо ч нэмэрлээгүй дээрх “Самсунг СТ” компани зөвхөн компаний гэрээний үнийн дүнгийн зөрүүнээс 57,3 сая ам.долларын цэвэр ашиг олжээ. Үүнийг шударга нийгэмд “Гэрээний залилан” хэмээдэг аж. Тэгсэн мөртлөө ажил гүйцэтгэсэн үндэсний 13 компанид 56,2 сая ам.долларын санхүүжилтийг “Санхүүжилт орж ирээгүй” гэдэг шалтгаанаар хоёр жил гацаажээ. Тиймээс эдгээр компани өдгөө дампуурлаа зарлахад хүрчээ.

Энэ талаар “Транскон” ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-Ян ярихдаа “Самсунг СТ” компани, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу газар шорооны ажлын 119 сая.ам долларын санхүүжилт 100 хувь олгогдсон. Санхүүжилтийг Чингис бондын 200 сая ам.доллараас санхүүжүүлж, БНСУ-ын компанийн дансанд хэдийн орсон байдаг. Гэтэл яагаад өнөөдөр хүртэл зорилтот хүмүүстээ мөнгө нь хүрэхгүй, ингэж гацаад байгааг ойлгохгүй байна” гэлээ. Түүнчлэн тэрээр “Нэг компани 100-150 ажилчинтай. Гэтэл 13 компанийн цаана 1500-2000 ажилчин байгаа. Ажилчин тус бүр дунджаар дөрвөн ам бүлтэй гэж тооцоход 8000 хүний эрх ашиг гадны ганц компаниас болж зөрчигдөж байна гэсэн үг. Тиймээс энэ асуудлыг шийдэж, санхүүжилтийг нэн яаралтай олгохыг Зам тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК-иас шаардаж байна” гэв.

Цаашлаад асуудлыг шийдэхгүй дахин гацаавал эдгээр компанийн ар гэр, ажилчдын төлөөлөл жагсаал , цуглаан зохион байгуулах аж.

Т.Ундрал

Newscom.mn