Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар барилгын компаниуд 8216 айлын орон сууцыг иргэдэд худалдахад бэлэн аж. Энэ тоо ирэх хоёр жилд 28 мянга давах төлөвтэй тухай “Барилга.мн” компанийн Судалгааны албаны дарга Б.Билэгтсайхан “Барилгын салбарын эрх зүй ба зах зээл” хэлэлцүүлгийн үеэр дуулгав.

Харин орон сууцтай болох хүсэлтэй нийслэлийн хэмжээнд 45 мянган өрх байдаг гэнэ. Үүнийг маш товчхондоо чадамжгүй эрэлт гэж нэрлэж болохоор байгаа юм. Тодруулбал, нийлүүлэлт нь эрэлтээ давж чадахгүй байгаа хэдий ч аль ч байршилд хүссэн орон сууцаа сонгон авах боломж байртай болохыг хүссэн 45 мянган иргэнд нээлттэй. Гэвч тэдэнд санхүүгийн чадамж байхгүй. Өрхийн орлого нь хүрэхгүйн улмаас ипотекийн зээлд хамрагдах боломж бас үгүй. Гэсэн хэдий ч орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн 83 хувь нь ипотекийн зээлд хамрагдахыг хичээж байгаа гэнэ. Харин сарын 1.1 сая төгрөгийн орлоготой өрхийн 70 гаруй хувь нь төлбөрийн ямар нэгэн нөхцөлийг сонгон өөрийн гэсэн орон сууцтай болж амжжээ. Судалгаанаас үзэхэд өрхийн баталгаажих орлого сая төгрөгөөс доош иргэн өнөөгийн нөхцөлд орон сууцтай болох боломж хомс байгаа юм. Төрөөс бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Гэтэл бага орлого гэж хэдэн төгрөг байх тухай ойлголт алга. Тийм л учраас орон сууцтай болохыг хүссэн олон мянган иргэн арилжааны банкуудын хатуу шалгуурыг давахгүй байна. Судалгаагаар манай улсын нийслэлд “Орон сууц худалдан авах боломжтой 21.850 өрх байгаа аж.

 

Үүний зэрэгцээ одоогийн байдлаар зээлийн нөхцөл хангасан, зээл авах боломжтой 8.768 өрх байна” хэмээн Б.Билэгтсайхан онцолжээ. Гэвч орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа дээрх иргэд ам.метр талбайн дундаж үнийг 1.7 саяас доош төгрөгөөр авах хүсэлтэй. Энэ үзүүлэлтээр авч үзвэл нийслэлд хэрэгжүүлж буй 200 төслөөс ердөө 18 хувь нь тэдний шаардлагад нийцэж байгаа хэрэг. Тодруулж хэлбэл орон сууцны зах зээлд бэлэн байгаа 8216 орон сууцаас 1478 нь л үнийн хувьд иргэдийн хүсэл, шаардлагад нийцэж байна гэсэн үг. Ийм тохиолдолд барилгын компанийн эзэд орон сууцны үнийг бууруулж байж зах зээлд өрсөлдөх боломжтой нь илэрхий байна. Хэрэв энэ өрсөлдөөнөөс татгалзвал урсгал зардалдаа нэлээд хэмжээний хохирол амсах нь тодорхой юм. Тэгвэл “Хас дөт” компанийн зөвлөх инженер С.Ганбат “Салбарын сайдын томилгооноос эхлээд зах зээлийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Сайд гэсэн нэртэй, юу хийдэг нь тодорхойгүй, баг нь ямар чадвартайг ч мэдэхгүй сууна. Уг нь зах зээлээ мэдэрч чадаж байгаа компаниудын захирлын л шийдчих арга зам юм. Орон сууц худалдан авах хүсэлтэй хүн байна. Тэд өндөр үнэтэй учраас худалдан авалт хийхгүй байна. Ийм нөхцөлд үнийг буулгах шаардлагатай. Одоо бид нугалсан ашиг олох биш алдагдалгүй үлдэх тухай бодох шаардлагатай байна” хэмээсэн. Учир нь, ойрын гурван жилдээ орон сууцны үнэ өсөхгүй тухай судалгааны байгууллагууд мэдээлсээр байна.

 

ТАВАН ХУВИЙН ЗЭЭЛД НАЙДАХ ШАЛТГААН БИЙ ЮУ

 

Засгийн газраас... Үнэндээ Засгийн газар биш АН-ын дарга З.Энхболд орон сууцны жилийн таван хувийн хүүтэй зээлийг хүчээр нэвтрүүлж эхэлсэн. Ингэхдээ зөвхөн шинэ сууршлын бүсэд орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа иргэнд жилийн таван хувийн хүүтэй зээл олгож байгаа юм. Цөөн үгээр хэлбэл, төвийн зургаан дүүргээс бусад байршилд орон сууцыг жилийн таван хувийн хүүтэй авч болно гэсэн үг. Зөвхөн энэ шалтгаанаас үзэхэд л таван хувийн хүүтэй зээл орон сууцны худалдан авалт талыг дэмжих ямар ч боломжгүй. Тухайлбал нийслэлийн хэмжээнд бэлэн байгаа орон сууцны 63 хувь нь зөвхөн Баянзүрх, Хан-Уул гэсэн хоёрхон дүүрэгт хамаарч байгаа юм. Цаашлаад энэ дүүрэгт байрших орон сууцны үнэ зах зээлийн дунджаас өндөр. Тухайлбал Хан-Уул дүүрэгт ам.метр талбайн дундаж үнэ хоёр сая байгаа бол Баянзүрхт 1.8 сая байна. 2018 онд гэхэд Хан-Уул дүүрэгт 13.587 айлын орон сууц бэлэн болох төлөв ч бас бий аж. Ийм учир 1.7 сая төгрөгөөс доош үнэтэй орон сууцыг зээлээр худалдан авах хүсэлтэй иргэдэд гэтлэх боломжгүй. Тэгээд ч хөдөө орон нутаг хийгээд нийслэлийн захын дүүрэгт төсөл хэрэгжүүлж буй компаниуд маш цөөн. Иймд эдийн засагчдын болгоомжлоод байгаа таван хувийн хүүтэй зээл барилгын салбарт нөлөө үзүүлэхгүй нь...

 

 

 

ШИНЭ ГАЦАЛТ

 

Үнэндээ барилгын салбарыг эрх баригчид гацаанд оруулсаар өнөөдөртэй золгов. Хамгийн ойрын жишээ гэхэд урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах боломжтой тухай худалдан авагч, нийлүүлэгчийн аль алинд хүлээлт үүсгэсэн. Эцсийн дүнд таван хувийн хувилбарыг сонголоо гэсэн сүржин мэдэгдэл гаргаж, мөн л бага биш хугацаанд орон сууцны зах зээлд “Стоп кран” татсан. Гэвч хэрэгжүүлж байгаа хамгийн зөв гэсэн арга хэмжээ нь “Шинэ суурьшлын бүс” нэртэй ядуу хөтөлбөр болж хувирав. Энэ бүх хугацаанд барилгын салбарт борлуулалт зогссон байдалтай байв. Цаашид ч тодорхойгүй хүлээлт, шинэ гацалт үүсгэх нь нэгэнт тодорхой болж байна. Сонгууль дөхсөн энэ үед “Орон сууцны үнэ буурна” гэсэн өөдрөг өгүүлбэрийг эрх баригчаас эхлээд албан тушаалтан бүхэн бахдалтайгаар өгүүлдэг болов. Гэвч амьдрал үргэлжилсээр л. Өрхийн орлого нь хүрэхгүй хэдий ч орон сууцтай болох тухай мөрөөдлөө олон мянган иргэн тээсээр алхаж явна. Ийм нөхцөлд “Үнэ буурна” гэдэг хоёрхон үг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд жинтэй нөлөөлөх нь дамжиггүй юм. Мэдээж иргэн бүр хямд үнэтэй орон сууц худалдан авахыг хүснэ. Ийм л учраас барилгын салбарт шинэ гацалт үүсч эхэлжээ. Үүний зэрэгцээ Засгийн газар бас дэм болж буйг дурдах нь зүйтэй. Тодруулбал, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээд, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрийг шийдээд эхлэх юм бол төвийн дүүргүүд таван хувь руу шилжинэ. Энэ онд багтааж шийдэх зорилт тавьж байна” гэж ярьжээ. Маш энгийнээр ойлгоход энэ ондоо багтаан нийслэлд таван хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлэхийг Засгийн газар хичээж байна гэсэн үг. Ийм нөхцөлд иргэд найман хувийн зээл авчихаад таван хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэхийг илүүд үзэх нь эргэлзээтэй. Энэ нь мэдээж бас л тодорхой хугацаагүй хүлээлтээр хэмжигдэх нь гарцаагүй. Үүний зэрэгцээ эдийн засагчид таван хувийн хүүтэй зээлийг зориулалтын бус гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Тухайлбал, эдийн засагч Х.Батсуурь “Одоогоор 3.5 их наяд төгрөгт хүрээд буй ипотекийн зээлийг цаашид санхүүжүүлээд явах боломж, бодит эдийн засагт үгүй юм. Тиймээс Засгийн газар хаа нэгтэйгээс мөнгө гаргаж, энэ зээлийг санхүүжүүлэх болно. Харин мөнгө хэвлэх үү, үгүй бол гаднаас өндөр хүүтэй мөнгө зээлэх л боломж байгаа” хэмээсэн бол Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл “Бодлогын хүүгээс доод тал нь долоон хувийн зөрүүтэй байна. Энэ зөрүүг нь хэн төлөх вэ. Засгийн газар байнга мөнгө хэвлээд байх боломжгүй. Тиймээс хэн нэгэн татварын болон үнийн зөрүүг төлөх шаардлагатай болно. Энэ нь мэдээж иргэд” гэсэн байр суурьтай байгаа юм.

 

Д.Ганбаатар