Чингисийн эдийн засгийн бодлого
2016/04/10
X III зууны эхэн үед Монголын нэгдсэн төр тогтнон мандсан нь нийт Монголын ард түмний түүхэн чухал ач холбогдолтой дэвшилт үзэгдэл байлаа. Феодалын улс бол үеэ дуусгаж байсан эрт балар, хүй нэгдлийн ёсны үлдэгдлийн эсрэг шинэ богөөд илүү дэвшилтэт үйлдвэрлэлийн арга тэмцэн ялах нарийн ээдрээтэй явц дунд бүрэлдэн тогтжээ.
Төв Азид анхны хүй нэгдлийн байгууллагаас ангит нийгэмд тухайлбал феодализмд шилжин орох явц, байгаль цаг уурын хүнд ширүүн нөхцөл, нүүдлийн мал аж ахуйгаас гарах бүтээгдэхүүн туйлын хомс, хот суурин байхгүй гар үйлдвэр хөгжлөөр дорой байсан зэрэг бүх шалтгаанаас удаашралтай байжээ. Монголын нэгдсэн улс байгуулагдсан нь Төв Ази буюу Монголд маш дээр үеэс үүссэн феодалын харилцааг бүрэн төгөлдөржүүлэхэд шийдвэрлэх хүчин зүйл болжээ. Монгол туургатан нэгдэж нэгэн улсын хүрээнд багтан орсон нь Төв Азид монголчуудын ноёрхлыг тогтоов. Гэвч олон жилийн турш овог аймаг улс ханлигуудын хооронд болсон дайн тулалдаанд монголын үйлдвэрлэхүй хүчин ихээхэн сүйрсэн нь мэдээж юм. Хүн ард нэлээд хорогдсон энэ үед байгалийн зуд турхан болсон тухай тодорхой мэдээгүй боловч хүн амын гол амьжиргаа мал сүргийн тоо толгой эрхбиш хорогдсон байж таарна. Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд монголын феодалууд гадагш уулгалан байлдах нь Хабул, Хотул хаан хоёроос хойш бараг зогссон байжээ. Тэр үед Алтан улс хүчирхгээр мандаж монголын олон аймаг ханлиг түүний вассал болсон учир гадагш өнгөлзөн байлдах нөхцөл боломж бүрдээгүй байсан байна. Чингис өөрийн улсын нутаг дэвсгэрийг өргөтгөх, гадагш бусад орныг уулгалан олз омог олж авах ажилд шилжин орохоор шийдвэрлэсэн байна. Чингис монголын хаан болоод өөрийн төрийн дотоод бодлогодоо феодалын ёст байдлыг бэхжүүлэх, харц ардыг дарангуйлан захирах, түүний эрхшээлд орсон бусад нүүдэлчин аймгуудын эсэргүүцэл бослогыг номхтгон дарах шугамыг тууштай баримталж байв. Түүний гадаад бодлого нь Алтан улсын эрхшээлээс гарч улс төрийн талаар тусгаар тогтнох зорилго бүхий байжээ. Эдийн засгийн бодлого нь гэвэл газар тариалангийн бүтээгдэхүүнээр дутагдан гачигдах байдлаас гарахын тулд түүний урьдах аймгуудын удирдагчийн адил гадагш аян дайныг өргөн хэмжээгээр явуулах сонирхолтой байж. Юуны түрүүн Найман улсын үлдэгдлийг дарахыг чухалчилж байв. Үүний урьд Тэмүжин Ван хан хоёр хамтран Найман нартай байлдахад Буйруг хан Хар эрчист зугтан очсон ажээ. Таян хан Тэмүжинтэй байлдахад тэр оролцоогүй юм.
Гэвч Буйруг хааныг тойрч Чингисийн дайснууд хуралдан бөөгнөрч байв. Эхлээд Таян ханы хөвгүүн Хүчүлэг ирж түүнтэй нийлэв. Дараагаар нь Мэргидийн Тогтоа бэхи ирж хоргодов. Чингисийн цэрэг Буйруг ханыг булга агнаж байх үеэр гэнэдүүлэн дайрч баривчлан алав. Түүний эхнэр хүүхэд, мал адгуусыг булаан авав. Чингисийн сүр хүчнээс айсан аймгууд яаравчлан бууж өгч эхлэв 1027 онд Киргизүүд Чингист бууж дагаж оров. Тогтоабэхи Хүчүлэг хоёр Эрчис мөрөнд Монголын цэрэгтэй байлдсан боловч хиар цохиулжээ. Тэдний ихэнх нь Эрчис мөрөнд живж үхсэн гэдэг. Үлдсэн цөөхөн хэсэг нь амьд гарч зугтжээ. Тогтоабэхи хүнд шархдаж Кипчак нутагт хоргодохоор зугтав. Үүний дараа1207 онд Чингис ахмад хөвгүүн Зүчид баруун гарын цэрэг өгч ойн иргэнийг дагуулахаар мордуулав. Ойрадын ноён Худуга бэхи Зүчид биеэр бараалхан сайн дураар дагаж оров. Ийнхүү ойрадууд даган орсон бөгөөд урьд нь Хар кидан нарт харьяалагдан байсан ажээ. Чингис хаан төрөө байгуулаад цэрэг, засаг захиргааны шинэчлэл хийхийн зэрэгцээ эдийн засгийн талаар ихээхэн анхаарч байсан байна. Юуны өмнө нүүдэлчдийн гол амьжиргаа мал аж ахуйг хөгжүүлэхийг чухалчилж байсан нь мэдээж. Чингис хаан өөрийн билэг сургаалдаа хүн амын хүнс, малын бэлчээрийн аль алиныг тэгш бодож байхыг сургажээ. Нэн ялангуяа адууны талаар онцгой анхаарч байсан нь ойлгомжтой юм. Түүний цэргийн дарга нартаа өгсөн зарлиг тушаалд цэргийн уналга агтыг ариглан гамнах, арчлах тухай маш тодорхой зөвлөгөө өгч байжээ. Чингисийн эдийн засгийн бодлогод харь оронтой худалдаа хөгжүүлэхийг онцгой суурь үндэс гэж үздэг байжээ. Төрийн гадаад бодлогод Алтан улсын эрхшээл нөлөөнөөс ангижирч тусгаар тогтнох асуудал байсан бөгөөд энэ нь зөвхөн улс төрийн талаар тусгаар тогтнох тэмцэл төдийгүй эдийн засгийн талаар тусгаар тогтнох асуудлыг шийдэх ёстой байсан гэдгийг дээр хэлсэн. Нүүдэлчдийн өдөр тутмын хэрэгцээт бараа таваарыг олж авах асуудал амьдралд чухал ач холбогдолтой байлаа. Харин энэ үед Алтан улс нүүдэлчдийг Хятадтай худалдаа хийхэд зүйл бүрийн хориг саад тавьж байв. Монголын феодалууд Алтан улсын хаанд алба өргөх нэрийдлээр Хятадтай худалдаа хийх эрхийг олж авдаг байсан байна. Хэрвээ нүүдэлчдэд Хятад болон бусад суурин ард иргэдээс өдөр тутмын хэрэгцээт бараа таваарыг олж авах сонирхол их байсан бол монголын мал түүхий эдээр арилжаа хийх сонирхол хятадуудад амин чухал эрэлт шаардлага байсангүй.
Хятадууд мал аж ахуйн бүх бүтээгдэхүүнийг биш зарим зүйлийг л арилжин авах тухайлбал арьс нэхий тариалангийн ажилд зүтгүүлэх үхэр малыг авах сонирхолтой байв. Монгол- Хятадын худалдаа хилийн буюу алба барих бэлэг шан өгөх авах шинжтэй бөгөөд худалдаа арилжааны жинхэнэ утгыг тэр бүр хадгалаагүй ихээхэн хязгаарлагдмал байв. Ер нь нүүдэлчид Хятадын хоорондох худалдаа бүүр Хүннү нарын үеэс тийм шинжтэй байжээ. Түүхэнд алдартай“Торгон зам” бол хятадууд бараагаа, тухайлбал торго, магнагаа борлуулах зах зээлийг эрж байснаас анх үүссэнгүй. Харин тэр үеийн Хятадын Хан улс нүүдэлчид тухайлбал, Хүннү нартай тэмцэх тэмцлээ явцтай болгохын тулд тэдний ар талд байгаа улс аймгийн бие даан татах“Холын орнуудтай холбоо байгуулж ойрын дайсантай тэмцэх” тактикаар Хүннү нарын баруун талд орших Туркестан, Дундад Азийн эрх баригчдад хятадын зүйл бүрийн тансаг эд агуурс, нэн ялангуяа торго магнагаар бэлэг сэлтийг өгч өөрийн талд оруулан авах зорилго бүхий байснаас голлон үүссэн байна. Хан улс Хүннү нартай тэмцэлдээ хань холбоотон олж авахаар худалдаа хийж байснаас гадна шууд зах нийлсэн нүүдэлчдийн хаад ноёдод бэлэг өгч тэднийг аргадан уулга довтолгоог түр боловч хойшлуулах аргыг хэрэглэж байжээ. Ер нь нүүдэлчдийн Хятад зэрэг улс оронтой хийсэн уулга довтолгоо нь эдийн засгийн учир шалтгаантай байжээ. Ийнхүү Чингисийн гадаад бодлого нь зөвхөн Алтан улсын эрхшээлээс гарах улс төрийн зорилго төдийгүй эдийн засгийн асуудал шийдвэрлэх өөрөөр хэлбэл, Монгол- Хятадын хооронд оршсоор ирсэн эдийн засаг, худалдааны асуудлыг Монголд ашигтай шийдвэрлэх, үүнд юуны өмнө Хятадаас алба авах, Хятадтай ямар нэгэн хориг саадгүй арилжаа худалдаа тогтмол хийх нөхцөл бий болгоход чиглэгдсэн байжээ. Алтан улсын эрхшээл нөлөөг устгах улмаар Умард Хятадыг эзлэн авахад нэлээд цаг хугацаа хэрэгтэйг Чингис сайн мэдэж байсан учир өөр улс орон, тухайлбал, харилцаа тогтоохыг чухалчилж байв. Монголын тулгар төр байгуулахаас өмнө буюу байгуулсны дараа Зүүн Туркестан, Дундад Азийн худалдаачид, чингэхдээ бүүр их гарын худалдаачид ирэх нь нэмэгдэж байжээ.
Чингис хэзээнээс Дундад Азитай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоохыг ихээхэн сонирхож байсан учир тэдгээр орноос худалдаачид ирэхийг тал бүрээр урамшуулан хөхиүлж зүйл бүрийн хөнгөлөлт үзүүлж байсан байна. Чингис олон улсын худалдаа хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж худалдааны замыг хамгаалж, өртөө буудал байгуулах, худалдааны жинг зэвсэгт хамгаалалттай болгох, их замын дээрэмчин хулгайч нартай тэмцэх арга хэмжээ авснаас эртний Азийн худалдааны аян замыг хамгаалахад асар их дөхөм үзүүлжээ. Энэ нь гадаадын зах зээлээс хараат байсан нүүдэлчин монголчуудын аж амьдрахад их тус хүргэжээ. Чингис том худалдаачдыг ашиг хонжоо олох явдлыг итгэлтэй болгож дэлбэртлээ баяжихад нь туслан нүүдэлчин ард түмнийхээ амьдралыг өөд нь татах эдийн засгийн тууштай ухаалаг мэргэн бодлого баримталж байсан байна.
Р.БУЯНЖАРГАЛ