Улс төрийн тун эгзэгтэй нөхцөл байдалд АТГ-ын дарга ажлаа өгөх нь тодорхой боллоо.Ерөнхийнлөгчийн зүгээс санал болгон дэвшүүлдэг энэ онцгой статустай байгууллагын дарга хийх хувь хүндээ тун халтай тусдаг зурлагатай. Эхний дарга нь гадаадад томилолтоор яваад шарил нь эргэж ирсэн. Авлигатай тэмцэх газрын дарга асан Б.Дангаасүрэн нь Сиднейд 2007 оны аравдугаар сарын 24-нд хуралд оролцоод, хоёр дахь хоногийнхоо шөнө гэнэт нас баржээ. Австралиас ирүүлсэн шүүхийн шинжилгээний дүгнэлтэд “Уургийн дутагдлаар амиа алдсан” гэсэн бол Монголын шүүх эмнэлгийн дүгнэлт нь “Зүрхний цусан хангамжийн дутагдал буюу уушигны идэвхтэй хэлбэрийн сүрьеэ, элэгний идэвхтэй архаг үрэвсэл, хатуурал өвчний улмаас нас барсан” гэсэн байдаг. Шарил нь ирэхэд хоёр нүдийг нь авчихсан байсан гэж хэвлэлүүд шуугисан ба ар гэрийнх нь амиа алдсан нь ердийн тохиолдол биш гэсэн хардлага гомдолтой байгаагаа илэрхийлдэг байсан. Үүндээ эмч нарын хэлснээр гадны нөлөөтэй хордуулагч ууссан үед хүний биеийн найман хүчлийг устгаж, уургийн дутагдалд ордог гэсэн тайлбарыг үндэс болгодог байсан.

 

 

Дараагийн дарга нь ажлаа аваад их удалгүй буусан. Зүгээр ч буугаагүй. Бүр хэрэгт орж дуусссан. АТГ-ын хоёр дахь дарга Ч.Сангарагчаа гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчиж тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатын өрөөнд 14 хоног чагнах төхөөрөмж суурилуулсан байсан гэдэг. Мөн төсвийн хөрөнгөнөөс ажилчиддаа орон сууц авч өгсөн асуудалд орсон. Энэхүү албан хаагчаа тагнаж чагнасан, албан тушаалаа ашиглан төсвийн мөнгө шамшигдуулсан хэргээр Чингэлтэй дүүргийн шүүхээс Ч.Сангарагчаа 2.4 жил, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нар нь тус бүр хоёр жилийн ял сонссон. Энэхүү дуулиант хэргийг Нийслэлийн шүүх хянаж үзээд ялыг нь хэвээр баталсан. Харин нэлээд хугацааны дараа Дээд шүүх хэргийг хянаж үзээд тэдэнд оноосон ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн тэнсэж, тус бүрийг жилийн хугацаагаар хянан харгалзахаар болж байсан ба хожим хэрэгтэн болсон дарга нь “...гэртээ ачаа асраад өвөөгийн ажил хийгээд сууж байна. Хэрэг явдал болоод тухайн үед би бүх зүйлээ яриад өнгөрсөн тул дахиж энэ хэргийн талаар сөхөж яриад ч яах вэ” гэж энэ талаараа дурсахаас ч цэрвэж байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн. Үүгээр түүнийг хэл амны бай болгох гол нэрийн жагсаалтаас хэвлэлүүд хассан.

 

Үүний цаана мөнөөх улс төр бизнесийн нөлөө, урт гар орсон гэсэн хардлагаар харах юм бол ямар нэг байдлаар “Авилга” хоёр дахь ялалтаа байгуулсан гэж болно.

 

Нийгмийн хорт хавдар авилга хаашаа ч үсэрхийлж болох аюултайг дээрх дарга нарын таагүй төгсгөлтэй түүхүүд харуулдаг. Эмчлэгч илрүүлэгч нарт нь ч шууд нөлөөлж амь нас амьдралыг нь эрсдэлд дуудаж болох Авилга гэдэг хорт хавдар тэр цагаас манайдаа ташаа тулсан гэхэд болно.

 

Одоогийн дарга буурал генерал гэнэт ажлаа өгөх болсон учир шалтгаан юу байв. Өөрийнх нь хүсэлтэд эрүүл мэндийн шалтгаанаас гэсэн сулхан тайлбар явж байна. Харин олон нийт энэ бол нэг юм болохын өмнөх дохио гэж тайлж байна.

 

Ямар нөхцөл үүсээд байгаа билээ. Хайр найргүй ба ойрхон зогссон хүнийг ч хамаад явчихаар улс төрийн ил цагаан тэмцэл эхэлсэн байгааг бид харж байна. Үүнийг цааш задалж тайлбарлах хэрэггүй байх. Хэрвээ ялагдвал олсон бүхнээ алдаж мэдэх хамгийн том гэж болох улс төрийн тэмцэл уухай хадаагаад бараг сар боллоо. Ажиглагчийн байр сууринд байж сонгууль хараалж суугаа иргэд өөрийн дүгнэлтээ хийж байгаа. Ерөнхийлөгч ба бусад гэж маш товчоор хайрцаглаж буй дээд хэмжээний энэ сөргөлдөөнд хүссэн хүсээгүй татагдах газар бол АТГ. Нэрнээсээ эхлээд тодорхой чиг үүргээсээ өөрийнхөө багалзууртаа олс томж болохоор ажлыг гарддаг газрын дарга байх амаргүй нь тодорхой.

 

Н.Алтанхуяг гишүүн Ерөнхийлөгчид хандсан ил шулуун үгээ хэлэхээсээ өмнө ганц зууж байсан газар нь АТГ гэдэг нь олон мэдэгдлээс нь ил байсан. Гуравдагч ерөнхийлөгчийн оймс гозолзуулахыг гардан хийсэн нь АТГ байсан. Х.Баттулга гишүүн нарын дуулиан ч АТГ-ын хамаарах нөхцөл үүсч эхэлсэн. Үүний цаана олны анхааралд орж дуулиан тариагүй ч хэдэн зуун саяас тэрбумаар яригдах авилга албан тушаалын цөөнгүй хавтаст хэрэг энэ байгууллага дээр дугаараа авчихсан зузаарч байгаа. Энэ бүхний сүүдэрт хөшигний цаана буюу тусгай дугаарт залгасан ярианаас ямар яриа нөлөө дарамт ирж байдгийг энэ буурал генерал хэзээ ч хэлэхгүй өнгөрч магадгүй. Харин хэзээ ч тийм зүйл байгаагүй гэвэл хэн итгэх.

 

АТГ-ын гурав дахь дарга Д.Ганболд “Хэнтэй тэмцэнэ түүнтэйгээ адил шинжийг олж байдаг” гэсэн үгийг мэдрээд нэр цэвэр насны амралтаа даруухан эдлэхээр шийдсэн үү. Дээд түвшний тохироонд хавчуулагдаж тодорхой болзол дор ажлаа өгөх болсон уу.

 

Олон таамаг байгаа ч нэг үнэн бол ямар ч байсан түүний хувьд АТГ-ын дарга бол зууралдаад хоргодоод байх албан тушаал биш. Түүнд энэ зэргийн хэмжээнд дүйцэх байтугай илүү гарах албан тушаалыг нэр төртэй хашиж ирсэн замнал байгаа.

 

Асуудал бол байгаа л харагдаж байна. Өөрөө буухгүй бол үхэл шорон хоёрын нэг нь ирдэг батлагдсан замналтай суудал бол АТГ-ын даргын зөөлөн биш суудал мөн гэсэн хатуу сургамжийг Д.Ганболд даргын гэнэтийн шийдвэр дахин харууллаа гэж дүгнэж болохоор. Нөгөө хоёр даргаасаа давуу нь тэрбээр ирж буй дарамт болоод эрсдэлийг урьдчилан харсан байж болох.

 

Д.Ганболд дарга нэг талдаа АТГ-ыг удирдах өндөр хариуцлага, нөгөө талдаа асар дарамттай ажлаас хугацаанаасаа өмнө татгалзлаа. Үүгээр энэ байгууллага цаашаа яах вэ гэсэн асуулт үлдэж байна.

 

Авилгын жижиг жараахайнуудыг барьж ажлын тайлангаа зузаалж хэлбэрдсээр хугацаагаа бүтэн дуусгах боломж Д.Ганболд даргад байсан. Гэхдээ АТГ-ын харьялалд байгаа “том” гэх сүүлийн хэргүүд түүнийг өөр зам дээр зогсож байсныг харуулж байсан. Үүний ард Ерөнхийлөгч байгаа эсэх нь тийм ч их нөлөөтэй бус . Хувь хүний шийдэл итгэл үнэмшил зарчим гэж зүйл бас бий.

 

Үнэхээр монголд хуулийн засаглал тогтох уу, бүлэглэлийн засаглал тогтох уу гэсэн тэмцэл явж байгаа бол хуулийн засаглал тогтоох талынхан ялагдаж байгаа юм байна гэсэн гутранги бодлыг Д.Ганболд даргын гэнэтийн шийдвэр төрүүлж байна.

 

АТГ-ын дараагийн дарга томилогдсоноор манай томчуудын дуулиант хэргүүд шууд хаагдвал олон тааврын хариулт нь тэр болно.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/