Өнөөгийн ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нарын нууц тогтоолоор 240 орчим шонхор шувууг хил давуулж, улсад 5,4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл шонхор шувууны наймаа манай улсад хэрхэн цэцэглэсэн түүхийг сөхвөл:

-Манай улс 1993 оноос шонхор шувууг зарж эхэлсэн. Шонхрын наймаанд голлох үүргийг Баян-Өлгий аймгийн иргэн эхнэр нөхөр М, К нар гүйцэтгэдэг. Мөн хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг хэдэн тэрбумаар худалдан авсан МУ-ын иргэншилтэй гэх Абдул Карим ч шонхрыг Арабуудад худалдах ажилд гол нөлөө үзүүлдэг гэх мэдээлэл бий. Манай улс 2013 оныг хүртэл жилд 800-1000 шонхрыг зөвшөөрөлтэйгөөр хил давуулан худалддаг байсан. Мөн хууль бусаар энэ тооны шонхор гардаг гэж тооцдог. Нойрсуулах тарианы тусламжтайгаар шонхрыг хууль бусаар хил давуулдаг байна. Гадны иргэдэд шонхор шувууг хууль бусаар худалддаг Монгол улсын нэр бүхий хэд хэдэн иргэдээс зарим нь Хятад улсад ял эдлээд суллагдсан тохиолдол ч бий. Катар, Кувейт, Саудын Араб зэрэг лалын шашинт орнуудад шонхор шувууг үндэсний бэлэг тэмдэг хэмээн шүтдэг бөгөөд хурдан морины нэгэн адил дээдэлдэг байна. Шувууны өнгө цагаан, биеэр том, олон байх тусмаа тухайн хүний хэр баяныг илтгэдэг. Катар улсад байдаг шувууны зах дээр нэг Монгол шонхор 500,000-40 сая америк долларын үнэ хүрдэг. Тэр бүүхэл Арабын орнуудад шонхор шувуунд зориулсан эмнэлэг, сургууль, худалдааны төв байх бөгөөд шувууны аргамжаа, алтан малгай, гинж, тоног нь 5 сая долларын үнэтэй.

 

ОХУ, Хятад зэрэг улсад шонхрыг барих, тэжээх, худалдах нь хуулиар хориотой бөгөөд зарим тохиолдолд цаазаар авах хүртэл ял оногдуулдаг байна. Харин Казакстан улсад барьж, худалдахыг зөвшөөрдөг ч нэг шонхор шувуунд 250 мянган долларын татвар ноогдуулдаг. Нэг талаар хэтэрхий өндөр үнэтэй, нөгөө талаас дээрэм, тонуулд өртөх магадлал өндөр байдаг учраас Арабууд дээрх 3 орныг тэр бүр зорьдоггүй. Ийнхүү шонхрыг хууль бусаар барьж, худалдах хамгийн таатай нөхцөл болсон Монгол улсад жилдээ 1000 орчим Арабын худалдаачид ирж, газар нутагт маань дураараа тэнэж, шонхор барихын зэрэгцээ улсын нутаг дэвсгэрийн байдлыг ч тандаад буцдаг. Түүнчлэн эдгээр наймаачдыг дагаж Сири, Ливан зэрэг Арабын бусад ядуу буурай орны тэнэмэл наймаачид ирж, шонхрыг барьж, ашиг хонжоо олох явдал ч бий. Гэтэл энэ тал дээр манай тагнуул, хууль хяналтын байгууллага энэ тал дээр ямар ч арга хэмжээ авдаггүй нь харамсалтай. Ийнхүү дэлхийд ховордож буй Үндэсний бахархалт шонхор шувууг хууль бусаар хил давуулан ашиг хонжоо ологчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, энэ ажилд төрийн өндөр дээд албан тушаалтнууд хүртэл оролцож эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Үнэн хэрэгтээ нууц тогтоол гаргаж, шонхор худалдахыг зөвшөөрч байгаа этгээдүүд улс эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд ямар аюул дагуулж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй байж болох талтай гэж нэг хэсэг нь дүгнэж байна.

Э.Ууганзаяа

Эх сурвалж : nekh.mn