Ердөө хоёрхон сарын өмнө буюу долдугаар сарын 5-ны Монголбанкны албан ханшаар ам.доллар 1460.21 төгрөгтэй харьцаж байсан бол есдүгээр сарын 5-ны байдлаар 1669.75 буюу 209.54 төгрөгөөр өсчээ. Ингээд бодохоор сард ойролцоогоор 100 гаруй төгрөгөөр ам.доллар өсч байна. Хэрэв энэ хурдаараа цааш валютын ханш өсвөл шинэ оны босгон дээр ам.доллар 2000 төгрөг давах нь. Өнөөдөр улстөрч, эдийн засагчид ам.доллар тэд болчихлоо, цаашдаа ингэж өснө, эдийн засаг хямарч байна гэж хэн нэгнийгээ буруутгаж ярихаасаа илүү юунаас болж өсөөд байгаагаа л ил ярилцаж гарцаа шийдмээр. Мэдээж шалтгаан нь хэн бүхний нүднээ ил байхад. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсантай холбоотой. Тиймээс Монгол Улсын төлбөрийн тэнцэл дандаа хасах байгаа юм. Учир нь, импорт нь экспортоосоо үргэлж дээгүүрт байдаг гэсэн үг.
 
   Саяхан даа, 2011онд Монголын эдийн засаг 17 хувиар өслөө гэж дээр дооргүй цээжээ дэлдэцгээж байсан нь үнэн хэрэгтээ уул уурхайн тэр дундаа Оюу толгойн шууд хөрөнгө оруулалттай холбоотой өсөлт байлаа. Гэтэл өнөөдөр гадаадаас тэр дундаа уул уурхайд орж ирэх хөрөнгө оруулалт багассантай холбоотой валют хаданд гарлаа. Үнэндээ импортдоо хамаг валютаа алдсаар ийм байдалд хүрчихээд байна. Тогтвортой байдлыг бий болгосноор гадаадын шууд хөрөнгө оруулалтаар валютын урсгал тасардаггүй байлаа. Гэтэл гадаадын шууд хөрөнгө оруулалт 40 хувь буурчихаад байна. Үүнийг дагаад Монголд орж ирж байгаа валют багаслаа. Монгол дахь валютын хэрэгцээ нэмэгдсээр л. Үүнээс болж ам.долларын эрэлт ихэсч зах зээлийн хуулиар ам.долларын үнэ өсөөд байдаг.

Тогтвортой байдал бас дахин тогтвортой байдал

   Яагаад гадаадын хөрөнгө оруулалт буураад байгааг тайлбарлая гэвэл өнгөрөгч оноос ярих хэрэгтэй болох байх. Эхлээд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдав. Дараа нь сонгууль боллоо. Түүний дараа Оюу толгой Монголын Засгийн газар хооронд хэлэлцээр эхэлсэн одоо ч эцэслэгдээгүй байна. Мөн ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төсөл оруулж ирээд буцаагаад татчихсан. Энэ бүхэн хөрөнгө оруулагчдад “Монгол Улс хөрөнгө оруулахад таатай орон мөн үү” гэсэн эргэлзээг төрүүлэхэд нөлөөлсөн. Тиймээс улс орноо өөд нь татаж нүүрлээд байгаа хямралаас гаръя гэвэл уул уурхай хөгжих орчинг сайжруулж хуулиуддаа нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гараад байгааг цаг хугацаа харуулж байна. Ер нь, уул уурхайгаас ашиг олж байгаа улс орны туршлагыг харахад “нэгдүгээрт тогтвортой байдал бас дахиад тогтвортой байдал” гэсэн томъёо үйлчилдэг.

   Уул уурхайгаас ихээхэн ашиг олж болох ч Монгол Улс өнөөдөр шийдэж чадахгүй зүйл багагүй байгаа нь хөрөнгө оруулагчдын чуулганаар ажиглагдсан. Тухайлбал, юун түрүүнд хууль эрх зүйн орчин тогтворгүй байна. Уул уурхай дагасан дэд бүтэц хөгжөөгүй. Мөн орон нутгийн засаг захиргаа иргэдийн оролцоог хуулиар зөв зохицуулж чадахгүй байсаар л. Дөрөвт, байгаль орчны талаар олон хуультай ч нөхөн сэргээлт муу хийгдэж байгаагаас салбарын нэр хүнд муудаж байна. Эцэст нь мэргэжлийн ажилтан, чадварлаг сайн инженер дутмаг. Гэхдээ хамгийн гол нь тогтвортой байдал л чухал. Түүнээс биш хэн нэгэн албан тушаалтын буруутай үйл ажиллагаанаас уул уурхайн компаниуд оруулсан хөрөнгө, цаг хугацаа, хөлс хөдөлмөрөөрөө шатаж хэрхэвч таарахгүй. Ойрын жишээ дурдахад Д.Батхуяг Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин 192 ширхэг лицензийг бусдад олгосон хэргээр анх шалгагдаж эхлээд мөрдөн байцаалтын явцад хууль бусаар олгосон лицензийн тоо нь 109 болж, үүнээс 107-г нь цуцалж төрийн мэдэлд авсан. Энэ хэдийгээр Монгол Улсын хууль хяналт албан тушаалтанд арга хэмжээ авч гэмт хэргийг таслан зогсоож байгаа мэт боловч дээр дурдагдсан лицензийг цуцалснаар тэдгээрт оруулсан хөрөнгө оруулалтыг үл ойшоосон хэрэг болоод байгаа юм. Түүгээр ч зогсохгүй гадаад зах зээлд Монгол Улс найдваргүй гэсэн онош тавиулах шалтгаан болж байгаа гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Магадгүй зарим нэг нь хууль бус гэдэг нэрийн дор хэлмэгдэж ч байгааг үгүйсгэх аргаггүй. Тиймээс төр тогтвортой байдлыг хангаж, зарим нэгэн алдаа дутагдлаа эргэн харж, хууль журмандаа өөрчлөлт оруулан энэ салбараа дэмжих цаг болжээ. Өнөөдөр Австралийн нүүрсний борлуулалт өнгөрсөн оныхоос 90 хувиар нэмэгджээ. Гэтэл манайх 38 хувиар буурчихаад байгаа нь тогтвортой байдалтай холбоотой. Орос, Канад, АНУ-ын Хятадад нийлүүлэх нүүрс 70 хувиар нэмэгдсэн судалгаа ч бий. Тэдгээр улс тогтвортой байдлыг бий болгож чадсан болохоор хөрөнгө оруулагчид эргэлзээгүй хөрөнгө оруулж байна. Гэтэл манай улс хэт улстөржсөөр хажууханд байх зах зээлээ алдаж, уул уурхайн салбараа уналтад оруулж эхэллээ.

Монгол Улс ломбарданд хөрөнгөө тавиад гэрээ тохижуулах айл уу

   Өмнөх жилүүдийн намрын энэ өдрүүдэд хөрөнгө оруулагчид Монголд бужигнадаг байлаа. Гэтэл өнөөдөр Монголын геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын 11 дэх “ДИСКОВЕР МОНГОЛИА-2013” чуулга уулзалтад дэгсдүүлж хэлэхэд гарын 10 хуруунд багтахаар зочин иржээ. Энэ бол Монголын уул уурхайд тавьж буй дүн. Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яамны үйл ажиллагааг дэлхий дүгнэж байгаа хэрэг. ДНБ-ийн 20, төсвийн орлогын 40, хөрөнгө оруулалтын 85, экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг энэ салбар уналтад орж байгааг харууллаа. Шинэчлэлийн Засгийн газар ил тод, хариуцлагатай уул уурхайг эрчимтэй хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа гэж салбарын сайд нь ярьсаар. Гэвч хөрөнгө оруулагчдын итгэл алдарсаар. Уг нь бид нэг хүнд ногдох баялгаараа дэлхийд толгой цохидог ард түмэн. Түүн дээр хэрэглээ нь өсөн нэмэгдэж байгаа хоёр хүчирхэг хөршүүдтэй хамгийн таатай зах зээлтэй улс биш билүү. Гэтэл улс нь өр зээлээр ядуу иргэдээ халамжилж, бүтээн байгуулалтаа санхүүжүүлж байх ч гэж.

   Монгол Улс урагшлъя, иргэд нь боловсролтой, эдийн засаг нь хүчирхэг болъё гэвэл уул уурхайгаа л эргэлтэд хурдан оруулах хэрэгтэй. Нөөц нь нэгэнт тогтоогдчихсон ашиглахад бэлэн ордуудаа даруйхан ашиглах ёстой. Бидэнд хурдтай хөгжих боломж байна. Улстөрчид ч ухарч хулмаганаад байлгүй дорвитойхон шийдвэрээ гаргаж зарим нэг хуулиуддаа яаралтай өөрчлөлт оруулахгүй бол тун удахгүй хөрөнгө оруулагчдын чуулган гэж хийдэг байсан юм хэмээн домог яриа л үлдэх нь.

   Даргын суудлаасаа мултарчихгүй юмсан гэсэндээ алив нэгэн иргэний хөдөлгөөн, нутгийн арддаа таалагдах гэсэндээ эдийн засаг, ирээдүйгээ бодолгүй нүдэн балай чих нь дүлий кноп дарсан хуулиуддаа яаралтай өөрчлөлт оруулахыг цаг хугацаа харуулж байна. Энэ салбарын бизнес, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах “Хөрөнгө оруулалтын тухай”, “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” зэрэг хуулийн төслүүдийг  УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр  бэлтгэл хангаад байгаа. Гишүүд ч аль нэг нам энэ тэр гэж талцахгүй улс орноо, ирээдүй хойчоо харж ухаалаг хандаасай. Монгол улс ломбарданд хөрөнгөө тавиад гэрээ тохижуулах айл биш уул уурхайгаа эрчимтэй хөгжүүлж улс шиг улс болох цаг тулгараад байна.

Бид нэг Эрдэнэттэй байсан бол 10 Эрдэнэттэй болох боломж бий

   Бид яагаад “алт сандайлсан гуйлгачин” гэдэг нэрнээсээ салж чадахгүй байгаа юм бэ. Энгийн иргэн энэ асуултын хариуг Их хуралд суусан төлөөллүүдээсээ асуух цаг болсон. Өнөөдөр урт нэртэй хуулийн балгаар улсын төсөвт татвар ч орохгүй, ухсан газар нь нөхөн сэргээгдэх ч үгүй жинхэнэ нинжа нарын гарт сүйтгэгдэж байна. Угтаа бол энэ хуульд багтсан зарим нэгэн ордыг ашиглуулаад тухайн компанид нь өндөр хариуцлага тооцож  үр дүнг нь мэдрэх хэрэгтэй санагддаг. Бид баялгийг бүтээх гэж байгаа л юм бол баялгаа эхлээд экспортлох л хэрэгтэй. Тэгж байж Арабын улс шиг иргэд нь дундаас дээш орлоготой захирал, менежерүүдийн ажил хийн сайхан амьдрах боломжтой болмоорсон. Засаг солигдох бүрт л өмнөх ажлаа нураан хөрөнгө оруулагчдын итгэлийг алддагаа болих цаг нь болсон. Өнөөдөр Монголын төлөө гэж цээжээ дэлдсэн хүмүүсийн эсэргүүцлийн эсрэг төр хүчтэй байгаасай. Ирээдүй хойчдоо бид юу үлдээх гээд байгаа юм гэж зарим нэг хүн ярьдаг. Гэтэл ирээдүй хойчоо бид сайн боловсролтой болгох хүчирхэг эдийн засаг, сайхан тохилог орчин, утаагүй Улаанбаатарт төрж өсөх эрүүл мэндийн баталгааг үлдээх хэрэгтэй. Түүний тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Мөнгийг бид юун түрүүнд уул уурхайгаас босгох сайхан боломж байсаар л. Байгаль дэлхийгээ гэж яриад л байдаг ч хатуухан хэлэхэд хэдэн чулуу л зарах гээд байгаа шүү дээ. Тэр чулууг зарснаар таны хүүхэд сайн боловсрол эзэмшиж, цэвэрхэн аюулгүй орчинд өсч хүмүүжих нөхцөл бүрдэнэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Эрдэнэтийг хар л даа. Монголыг өчнөөн жил тэжээсэн тэр уурхайн хажууд бүхэл бүтэн гурав дахь том хот сүндэрлээд олон мянган иргэний аж амьдралыг аваад яваад л байна. Тэнд уул уурхайгаас болоод буруутаад байгаа юм алга. Хамгийн гол нь төр татвараа төл, нөхөн сэргээлтээ хий л гэдэг шаардлага тавьж, хяналтаа л сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр төр хүчгүйгээс улсын төсөвт орох, улс орны хөгжилд зарцуулахад хувь нэмэр болох мөнгийг цуглуулах гэж байгаа уул уурхайн компаниудыг захын нэг нөхөр Дорж очоод л жагсаал цуглаан хийж байгаад хууль батлуулж ажлыг нь зогсоодог байж таарахгүй. Бид нэг Эрдэнэттэй байсан бол 10 Эрдэнэттэй болох боломж бий. 10 Эрдэнэттэй болсон цагт 10 дахин илүү амьдарч, бидний амьдралын нөхцөл сайжирна.

Сум шиг сумтай улс шиг улс болохсон
   1990-ээд оны эхээр анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Алт” хөтөлбөрийг зарласан. Эдийн засаг маань энэ хөтөлбөрийн хүчинд л өнөөдөр энэ зэрэгтэй явж байна гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. “Алт” хөтөлбөрөөс болоод байгаль орчин сүйдсэн гэх ч хүн бий. Учир нь 20-хон килограмм алт авах гэж голыг орвонгоор нь эргүүлж, ой модоо талхалж сүйтгэлээ. Мэдээж хэрэг туршлагагүй, туйлшралын алдаа байсан. Гэхдээ л тэгэхэд Монгол Улс эдийн засгаа сэргээж чадсан. Манай улс 2008 он хүртэл уул уурхайн нөхөн сэргээлтийг хэрхэн хийх талаар нэгдсэн бодлого, стандартгүй явж ирсэн нь ашигт малтмал олборлогч компаниудад хуулийн цоорхой ашиглах боломж олгосон. Гэхдээ “муу л бол хойд захын хар овоохой” гэдэг шиг бүхнийг уул уурхай руу чихээд хар бараанаар будаад байх хэрэггүй. Нэг үеэ бодвол өнөөдөр хариуцлагатай уул уурхай Монголд хөгжиж байна. Нөхөн сэргээлтээ судалгаа мониторингтой хийж, амьтан ургамлын аймгийг тусгай мэргэжилтэн, эрдэмтнүүдээр хянуулдаг болсон байх жишээтэй.

   АНУ, Канад, Австрали гээд уул уурхайн баялаг түүхтэй улсууд нөхөн сэргээлтээ уурхайн ажиллагаа эхэлснээс эхлээд л шат дараатай явуулдаг. Тэр улсууд хөгжөөд л байна. Ойрын жишээ дурдъя л даа, Өмнөговь аймагт “Энержи ресурс” компани нүүрс олборлож эхэлснээр хажууханд нь байх Цогт цэций сум өнөөдөр аймгийн хэмжээндээ ус цахилгаанаар гачигдахгүй, хүн амынх нь амьжиргаа ч дээшлэн өргөжиж байгааг өөрийн нүдээр харж байлаа. Бороогийн уурхайн ачаар Баруун, Зүүнхараа ч орон нутагтаа багагүй дэмжлэг авч багахан хотын дайтай болсныг харсан л байх. Социализмын үед цөллөг шиг байсан Өмнөговь аймгийн Гурван тэс сум өнөөдөр сум шиг сум болсныг очиж үзсэн хүмүүс л мэднэ.
Эцэст нь Монгол Улсын эдийн засаг хүчирхэгжиж, чинээлэг дундаж давхаргыг бий болгох нь Уул уурхайн хөгжлөөс хамаарна гэдгийг төр барьж байгаа төлөөллүүд хүлээн зөвшөөрөх цаг хэдийнээ болжээ.

Н.ТҮВШИН