“TRAVEL GUIDE MONGOLIA-2016” нэгдсэн лавлах номын бүртгэл эхэллээ
2016/05/11
Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн нь “Mongolian Guide” төслийн хүрээнд “TRAVEL GUIDE MONGOLIA-2016” улсын хэмжээний нэгдсэн лавлах номыг хоёр дахь жилдээ эрхлэн гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Англи, Монгол хэлээр хэвлэгддэг энэхүү ном нь олон улсын стандартаар хийгддэг онцлогтой. Номонд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын компаниуд, зочид буудал, рестораны нэгдсэн мэдээлэл ордог тул өрх бүрийн хэрэгцээт гарын авлага, жуулчдад хамгийн ойлгомжтой хөтөч болдог юм.
Номын эхийг бэлтгэх редакцид хэвлэл, мэдээллийн баг ажилладаг учраас монгол орны үзэсгэлэнт газрууд, зан заншил, амьдрал ахуй, бэлчээрийн мал аж ахуйн онцлог, баяр наадам, түүх соёлын тухай мэдээллүүдийг олон өнцгөөс тайлбарладаг давуу талтай. Манай эх оронд аялсан дэлхийн оддын сэтгэгдэл, монгол улсад суугаа элчин сайдуудын ярилцлагууд, үзвэр, үйлчилгээний газрууд зэрэг жуулчдад хэрэгтэй бүх мэдээллийг багтаахыг эрмэлзэж байгаа гэнэ. Бусад орнуудад зохион байгуулагддаг аялал жуулчлалын экспод оролцож заншсан уг номонд мэдээллээ оруулах таатай боломж бүх бизнес эрхлэгчдийн өмнө нээлттэй гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид мэдэгдлээ.
Энэ жилийн хувьд орон нутгийн удирдлагууд, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн удирдлагууд илүү идэвхи чармайлттай оролцож байгаа аж. Жилдээ нэг хэвлэгдэж, монгол орны аялал жуулчлалын бүсүүдийн сурталчилгаа болдог энэхүү хөтөч номонд мэдээллээ байршуулахыг хүсвэл 7011-5775, 9409-4009, 8006-5000, 8006-3000 дугаартай мэргэжилтнүүд рүү холбогдож, мэдээллээ өгнө үү.
Номын төслийг 2015 онд “Таван сая од” аялал, жуулчлалын компанийн захирал Н.Оюунцэцэг санаачилж, МММ-ийн Хүрээлэн хамтран гүйцэтгэж, БОНХАЖ-ын Яам дэмжиж ажиллажээ.